Д.МЯГМАР

Улаанбаатар хот дэлхийн бусад улсаас 15 дахин хямдхан ус хэрэглэдэг ч чандмань эрдэнийхээ ач тусыг үл ойшоодог гэдэг. Дээр нь төрийн харалган бодлогоос болж  Ус сувгийн удирдах газар 108 тэрбум төгрөгийн өрөнд баригджэ. Энэ талаар тус газрын дарга С.Үнэнтэй ярилцлаа.

 

-Энэ намраас эхлэн орон сууцны айлуудаас усны суурь хураамж авахаар боллоо гэж яриа гараад намдчихлаа. Ямар асуудал гараад усны үнэ цэнийг ойшоохоо болив?

-Хүмүүс усны асуудлыг их сонирхдог болжээ. Усны асуудал их хуримтлагджээ. Бодоод үзэхэд, бидний хэрэглэж байгаа ус үнэтэй эсэх нь их эргэлзээтэй. Манайх цэвэр, бохир усны үнэ гэж иргэдээс бага мөнгө авдаг. Шугам сүлжээгээр татагдан цэвэрлэгдэж байгаа усыг бохир усны үнээр тооцдог. Цэвэр усны үнийг орон сууцны хэрэглэгчдийн, гэр хорооллын, ал­бан газрынхны гэж ялгавартайгаар тогтоосон.

Гэр хороололд нэг литр усыг нэг төг­рө­гөөр борлуулж байна. Алслагдан захын хороололд тээврийн зардал нэмэгдээд нэг литр ус хоёр төгрөг бай­гаа. Орон сууцны хэрэглэгчдээс нэг литр усыг 29 мөнгөөр тооцож авч байгаа. Энэ үнэд НӨАТ шингэсэн. Гэр хорооллынхноос 3.5 дахин бага байгаа биз.

-Үнийг яагаад ингэж ялгавартай тогтоосон юм бэ. Харин ч хүнд нөх­цөлд аж  төрдөг гэр хо­рооллынхны ус арай хямд­хан байх ёстой биш үү?

-Гэр хороололд хоёр янзаар усыг түгээдэг. Нэг нь цистерээр усыг зөөж гэр хорооллын худагт нийлүүлдэг. Нийтийн аж ахуйг сайжруулах I, II төслийг Дэлхийн банкнаас зээл авч хэрэгжүүлсэн байдаг. Төслийн үр дүнд гэр хорооллын усан хан­гамжийн сүлжээг байгуулсан. Газар доогуурх  сүлжээгээр дамжуулан гэр хорооллын ус түгээх байрт усаа шахдаг болсон. Гэр хороололд түгээж байгаа уснаас бид ихээхэн алдагдал хүлээдэг. Зөөврийн усыг худагт хийн усаа шахаад хүргэдэг нэг литр усны зардал маань 7-8 төгрөгөөр хүргэж өгөөд нэг төгрөгөөр усаа борлуулдаг. Хүн хүч гаргаж хальтиргаатай, түгжрэлтэй замаар ус тээвэрлэж зөөнө. Худаг, байрны жижүүрийн цалин, цахилгаан, дулаан, түлээ, нүүрс гэх мэтээр зардал ихтэй. Алдагдал ингэж л үүсдэг.

-Танай алдагдлын хэмжээ хэдэн төгрөг болсон бэ?

-Энэ жилийн  хүлээг­дэж байгаа гүйцэтгэлээр 10.2 тэрбум төгрөгт хүр­лээ. Орон сууцны хэрэглэгчид нэг литр усыг 29 мөнгөөр худалдаж авдаг. Эндээс жаахан ашиг олдог. Нэг гэм нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын харьяанд байдаг конторууд манай усны мөнгийг айлуудаас хурааж авч нийлүүлэх ёстой ч өөрсдөө хэрэглэчихдэг. Тэд одоо манайд 3.8 тэр­бум төгрөгийн өр­тэй болчихсон байх жишээтэй.

-Иргэд үйлчилгээний хөлсөө хугацаанд нь төлж байхад тэд дундаас нь завшаад өр, авлага үүсгэчихсэн гэж үү. Бусдын мөнгийг дамжуулж өгөх нэрээр аваад идчихдэг байгууллагын нэрсийг зарлаж болох уу?

-Усны мөнгөө хугацаанд нь төлдөггүй иргэд байдаг. Гэхдээ цөөхөн. Орон сууцны конторууд айлуудаас мөнгөө авч чадаж байгаа. “Чандмань Налайх”, “Таван шар өргөө” зэрэг манайд топ өртэй газар байна. Хамгийн гол нь удирдлага тааруу учраас өртэй болчихдог. Их өртэй хэрнээ удирдлагынх нь амьдрал мундаг сайжирсан газар ч байна.  

-“Улаанбаатар ду­лаа­ны шугам сүлжээ” ком­­панийн захирал кон­торуудын талаар бас ийм утгатай зүйл ярьж байсан. Өрөө төл гэж шаардахаар юу гэж хэлдэг вэ?

-Тэд цахилгаан, усыг нь тасална гэх мэтээр дарамталж байгаад айлуудаас мөнгөө авдгийг мэднэ. Орон сууцны иргэд төлбөрөө 100 хувь төлдөг. Цөөн тооны хэцүү айл байдаг байх. Орон сууцны конторууд, ОСНААУГ-т бид усаа бөөний үнээр өгдөг. Тэд энэ үнэн дээр ашиглалтын зардлаа нэмээд иргэдэд борлуулж байгаа. Иргэдээс мөнгөө хураагаад өөрсдийн ашгаа авчихаад манай мөнгийг өгөлгүй өр үүсгэчихдэг. Шугам сүлжээ гэмтэлтэй байна, өвөлжилтийн бэлтгэл ажил, үнийн өсөлт гэх мэтээр бидэнд зовлонгоо тоочдог л доо. Үүнийг би бодит шалтгаан гэж үзэхгүй. Үнэхээр ийм шалтгаан байвал үйлчилгээнийхээ үнийг нэм. Конторуудын үйл ажиллагаа доголдсон бол ингэж ажиллаад явахгүй, болж байгаа учраас өнөөдрийг хүрсэн. Өрөө барагдуулаач гэж харилцан бичиг үйлдэж, гэрээ хүртэл байгуулсан. Өнгөрсөн хавар тэдэнтэй зөвлөлдсөн.  Нэр хүндэд нь халдах зэргээр бүх аргаар үзлээ. Дүүргүүдэд байдаг салбараараа дамжуулан бид нэлээн шахалт үзүүлж, манайд өртэй СӨХ, конторуудын нэрийг нийтэд зарлаж байгаа. Бид конторуудын өвлийн бэлтгэлийг хангахад тусалж иргэдийн хэрэглээний усыг тасалж өгдөг. Одоо эргүүлээд манай газрын ажлыг дэмжээд мөнгөө хугацаанд нь төлөх хэрэгтэй. Ингэхгүй бол тухайн конторуудын усыг хэсэгчлэн тасална.

-Та энэ албаны даргын ажлыг аваад жил болж байна. Өртэй байгууллага хүлээж авсан уу, ирээд өрөнд баригдчихсан уу?

-Ажлаа хүлээж авахад өртэй байсан. Ирэнгүүтээ өрийг нь шууд барагдуулчихаагүй ч нэмэхгүй байхыг хичээлээ. Бас бууруулах гэж ажиллалаа.  Манай газар одоо бусдад 108 тэрбум төгрөгийн өртэй.

-Яагаад ийм их өр үүсчихэв?

-Намайг ажил хүлээж авахад энэ өр 90 орчим тэрбум байсан.Би нэмээд 18 тэрбум төгрөгийн өр тавьсан. Энэ жил валютын ханш нэлээн өслөө.

-Усаа ам.доллараар зар­даггүй биз дээ. Ам.долларын ханшийн хэлбэлзэл танайд ямар хамаатай юм бэ?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар манайх 88 сая төгрөгийн өртэй байсан. Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар 108 тэрбум болсон. Ам.доллар 1700 төгрөг давсан. Учир нь, хэдэн жилийн өмнө Нийтийн аж ахуйг сайжруулах I, II төслийг хэрэгжүүлэхийн тулд манай Засгийн газар Дэлхийн банкнаас зээл авсан гэнэ. Засгийн газар гэр  хорооллын иргэдийн усан хангамжийг сайж­руулахаар төсөл хэрэгжүүлсэн нь сайн хэрэг. Төсөл хэрэгжээд дуустал төлбөр төлөх га­зар нь нийслэл, тэр дундаа манайх бол­чих­сон. 55 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл  хэрэгжүүлжээ. Засгийн газар нь зээл авч нийслэлийн гэр хорооллын айлуудын ундны усны хангамжийг сайжруулаад өрийг нь Ус сувгийн удирдах газар төл гэсэн. Зээлээ төлүүлэх гэж байгаа бол манай усны үнийг чөлөөлж, зах зээлийн ханшид дөхүүлж байж ашиг олох ёстой биз дээ. Бид зээлийн сүлжээг дагаад их алдагдал хүлээж байна. Энэ бол зөвхөн Монголд л гардаг жишээ юм байна.  

-Энэ асуудлаа та дарга нарт хэлж, Засгийн газрыг тавьсан өрөө төл гэж шаардаж чадсан уу?

-Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг мэдэж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яаманд энэ асуудлыг нэлээн хүчтэй тавьсан. Барилга, хот байгуулалтын яам, нийслэл дээр яриад Сангийн яаманд асуудлаа оруулсан. Сайд Н.Батбаяр энэ асуудлыг их сайн ойлгосон. Сангийн яам энэ их өрийн асуудлыг нааштайгаар шийдээсэй гэж хүсч байна. Ард, иргэддээ хөрөнгө оруулсан бол Засгийн газар тэр мөнгийг нь төлөөд манай газрыг зохиомол өрөөс салгаад өгөөсэй. Ингэвэл манайх санхүүгийн хувьд сайжирч зээл, зээлийн хүүнээс чөлөөлөгдөнө. Испанийн вант улсын Засгийн газраас цэвэр­лэх байгууламжийг шинэч­лэхээр манай Засгийн газар бас зээл авсан байдаг. Санхүү, эдийн засгийн байдал өөрчлөгдөж, инфляц өсөхөд үнийг өөрчилнө гэсэн үүргийг  манай Засгийн газар хүлээсэн хэрнээ үүргээ биелүүлдэггүй.  2007 онд өмнөх дарга  маань усны үнийг жаахан нэмтэл хэл ам гараад больсон. Усны үнийг зах зээлийн ханшид аваачихыг шаардаад нэмэр алга. Усны үнийг Хот суурин газрын усан хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг зохицуулах зөвлөлөөс тогтоож, Шу­дарга өрсөлдөөн, хэ­рэглэгчийн төлөө газар хянаж эцсийн шийдвэр гаргадаг. Өнгөрсөн долдугаар сарын 9-нд зохицуулах зөвлөл хуралдаад  усны суурь үнийг гаргаж мөрдөхөөр болсон ч тэд хориг тавьсан. Суурь үнэ гэдэг нь цорго нээхэд ус гоожих  бэлэн байдлыг хангах үнэ юм. Үндсэн шугам сүлжээ, хүн хүч, нүсэр системийн ажлын хөлсөнд усны суурь үнийг авах гээд байгаа юм, бид. Дэлхийн бусад улстай харьцуулахад манай усны үнэ 15 дахин бага. Гэр хорооллын иргэдийн усны төлбөрөөс болж бид ихээхэн алдагдал үүрдэг болохоор усны суурь үнийг гаргаж ирсэн. Хэрэв  би мэддэгсэн бол усны үнийг нэмж, суурь үнийг тогтоомоор байна.

-Алдагдлаа гэр хо­рооллоос нөхөхгүй яагаад заавал орон сууцныхан төлөх ёстой гэж?

- Гэр хорооллын нэг өрх өдөрт найман литр ус хэрэглэдэг. Худалдан авах чадвар муу. Орон сууцны нэг айл өдөрт 250 литр ус хэрэглэж байна. Тоолууртай айл өдөрт 300 литр ус хэрэглэж байх жишээтэй. Усаа зохистой хэрэглэж мэдэхгүй байна. Хүмүүсийн усны хэрэглээний хандлагыг өөрчилмөөр байна. Гараа ойртуулахаар ус гоождог дэлхий нийтийн жишиг рүү очицгооё. Хөнгөн бие засвал бага ус гоожуулдаг. Санаагаар болдог бол кранттай болох зэргээр усаа хэмжээгээр нь хэрэглэдэг зохистой хэрэглээг нэвтрүүлмээр байна. Үнийн ялгавартай систем мөрдөж яагаад болохгүй гэж. Орон сууцны айл өдөрт багаар бодоход 150 литр ус хэрэглэдэг бол нэг литрийг нь 29 төгрөгөөр тооцоно. Түүнээс дээш гарвал нэг төгрөгөөр тооцоод эхлэхээр усыг гамнадаг болно гэх мэтээр янз бүрийн юм бодох юм. Нэг сонин жишээ татъя. Машин угаал­гын газрынхан найм­дугаар сарын дундуур үйлчилгээнийхээ үнийг хэтэрхий их өсгөлөө. Манайх усны үнийг нэмээгүй, нэмэх сургаар ажиллаад эхэллээ. Шу­­дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газ­рынхан үүнийг хянаад, хазаарладаггүй юм байх даа. Бүх албан газ­рыг усны тоолууртай болгосон ч асуудал бсас л байна.

-Орон сууцны нэг­дү­гээр давхарт үйлчилгээ эрхлэгчид усны тоолууртай юу?

-Тэнд үнэхээр хяналт тавимаар байна. Орон сууцны усны үнийг мөрдөж байгаа хэрнээ үйлчилгээ эрхэлж байгаа газар зөндөө. Сул мөнгө олж байгаа энэ ажлыг бас хянаасай. Он гараад бид ширүүн тэмцэл өрнүүлнэ. Машин угаалгын газ­руудын бохирыг тусгай шүүлтүүртэй болгож, тос, элс, шороотой хэтэр­хий бохир усыг ердийн үнээр нийлүүлээд байж таарахгүй. Ариут­гах татуургын сүлжээ маань бохирын траншей, сүлжилдсэн хоолойнуудаар дамжин цэвэрлэх байгууламжинд хүрдэг. Юу ч хамаагүй хийдэг хогийн сав биш. Заримдаа хүний цогцос хүртэл урсаад ирдэг, арай ч дээ. Он гарсаар гурван цогцос энэ шугамаар урсаж ирсэн. Иргэдийн ухамсар, хандлагыг өөрчлөх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Яриад байвал манай газарт асуудал их бий, цаг цаас ч их орох байх.