Б.ЗАЯА

Эрүүгийн хууль шинэчилсэн найруулгаар ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Х.Тэмүүжингээс Д.Дорлигжав хүртэл хоёр сайдын гар дамжиж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-аар батлагдсан уг хууль нийт 30 бүлэг, 273 зүйлтэй. Одоогийнхоос бүлэг болон зүйл заалт нь товчлогджээ.

Нийгмийн өөрчлөлтийн хэрээр гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, шинэ төрлийн, онц хүнд гэмт хэрэг нэмэгдэх болсон. Үүнийг зохицуулах, хэрэгтэнд тохирсон ял шийтгэл ногдуулах гол арга бол хуулийг сайжруулах явдал юм. Ингээд хуульд орсон өөрчлөлтүүдийг тоймлоё.

 

ДАВТАН ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ХҮНДРҮҮЛЭХГҮЙ

Хууль санаачлагчдын хэлснээр олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасны дагуу ял оногдуулахад ялгаварлахгүй байх, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял халдаан хэрэглэхгүй байх зарчмыг энэ хуульд тусгажээ. Эрүүгийн хуульд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгож, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган заагласнаас гадна онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал гэж нэрлэн заасан, хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж Тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулаагүй ажээИнгэснээр ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халж гэмт хэрэг тус бүрд нь ял оноож эхлэх нь.

                               

ХҮҮХДИЙГ ЗААВАЛ ХОРИХГҮЙ

Энэ удаа насанд хүрээгүйчүүд үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг тусад нь бүлэг болгожээ. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдэд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял ногдуулна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн өсвөр насныханд хорих ял ногдуулах зо­рил­гогүй бөгөөд хүүх­дийн хүмүүжил, нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл ног­­дуулах, хүүхдийг аль болох хорих бус хүмүү­жүүлэх, гэмт хэрэг үйлдэ­хээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтыг тусгаснаа хууль санаачлагчид онцолж байгаа юм.

Хуулийн шинэчилсэн найруулгаар бүлэг болгон тусгайлан авч үзсэн өөр нэг зүйл бол хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тухай юм. Энэ удаа хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээ­дэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаа­сан, терроризмыг санхүү­жүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээд өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээхээр болж байна. Хуулийн этгээдэд торгох, эрх хасах, татан буулгах ял ногдуулна.

 

АВЛИГАЧИД ШОРОНД УУ, ГЭРИЙН ХОРИОНДУУ?

Ялын төрлүүдэд өмнөхөөс нэлээд өөрчлөлт оржээ. Одоогийн мөрдөж байгаа хуульд торгох, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ялтай. Тэгвэл шинэчилсэн найруулгаар эдгээрээс эд хөрөнгө хураах, баривчлах, цаазаар авах ялыг халж, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах заалт шинээр нэмэгджээ. Энэ нь гэмт хэрэгтнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин хэ­рэгт холбогдохоос сэр­гийлэх зорилготой заалтууд гэж үзэж байгаа юм.

Манай улс Цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэний хувьд ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсоор цаазын ялгүй улс болж байна. Баривчлах ялыг халсан нь энэ төрлийн ял үр нөлөөгүй хэмээн үзэж хорих ялыг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар, эсвэл бүх насаар нь хорих ял ногдуулахаар хуульчилжээ.

Өмнөх хуульд ч тэр, одоо ч орсон нийтэд тустай ажил хийлгэх тухай заалтыг хорих ялаас илүүтэй чанд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж хуульчид үзэж буй юм. Олон улсад гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шоронд хориод, төрөөс нь хоол хүнс, хувцсаар хангах бус тэднийг олон нийтийн өмнө гаргаж хөдөлмөрийг нь ашиглах явдал үр дүнтэй арга гэж үздэг ажээ.

Харин ялын төрлийг гэмт хэрэгт тохируулж оноох асуудал хуулийн салбарынхны хувьд маргаантай байна. Олон улсад хэрэглэгддэг гэрийн хорионд байлгах ялыг хүнийг санамсаргүй болгоомжгүйгээр алах, эх нярай хүүхдээ алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс эхлэн татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг албан тушаалын хүнд гэмт хэрэгт хэрэглэхээр заажээ. Хуульчдын хэлж буйгаар хэн нэгэн эрх мэдэл, эд хөрөнгөтэй, нөлөөлж чадсан нэгэн нь хүнд гэмт хэрэгт холбогдсон байсан ч шүүгчийн үзэмжээр торны цаана хоригдохгүйгээр гэрийн хорионд байх “хялбар” ялаар шийтгүүлж болзошгүй гэнэ. Ялангуяа, сүүлийн жилүүдэд гарч буй авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдод ээлтэй заалт болсон гэх. Тодруулбал, хуулийн шинэчилсэн найруулгын 18.9.1-д мөнгө угаах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсвэл түүний хууль бус үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсвэл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсвэл эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна. Энэ зүйл заалт хүндэрч, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин