Б.ЭНХТУУЛ

Хилийн дээс алхаж, гадаадын өндөр хөгжилтэй улс оронд боловсрол, мэдлэг эзэм­ших нь оюутан, залуусын хувьд хамгийн эрэлттэй мэдээллийн нэг байдаг. Тэр дундаа тэтгэлгээр суралцах нь хүссэн бүхэнд олддоггүй ховорхон боломж байдаг. Иймд зарим улс орны Засгийн газрын тэтгэлэг зарлагдаж байгаа энэ үед хамгийн олон оюутан хамрагддаг Хятад улсын Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэ­дээллийг хүргэж байна.

БҮРТГЭЛ ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

“БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олон боломж амласан сайн тэтгэлгийн төрөлд багтдаг. Мөн жил бүр хамгийн олон оюутан хамруулдагаараа энэ тэтгэлэг дэлхийд боломж ихтэй, чанартай тэтгэлгийн  тоонд зүй ёсоор ордог” гэдгийг тус улсад тэтгэлгээр сурал­цаж буй оюутнууд хэлж байна.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтаа зарлажээ. Энэ удаа байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлаг, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль, хятад хэл судлалын чиглэлээр суралцах боломжтой юм байна. Тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас нийт 123 оюутныг хамруулах аж. Харин өмнө нь тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, аль нэг шатны сургалтад сууж байсан бол тэтгэлгийг дахин олгохгүй гэдгийг онцгой анхааруулсан.  Бакалаврын сургалтад хамрагдах оюутнуудын бүртгэл энэ сарын 11-13-ны 10:00-18:00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны 102 тоот өрөөнд болно. Нэмэлт мэдээлэл дуулгахад, Хятадын Засгийн газрын тэтгэл­гээр магистр, докторт сурал­цах иргэдийн мате­риалыг жил бүрийн арван­хоёрдугаар сараас эхлэн гуравдугаар сарыг дуустал  хүлээн авдаг юм байна.

I, II КУРСИЙН ОНЦ СУРЛАГАТНУУДАД БОЛОМЖ БҮР Ч НЭЭЛТТЭЙ

Хятад бол худалдаа наймаа, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөн харилцаатай, манай улсын эртний түнш орон. Тиймээс Монгол дахь Элчин сайдын яамнаас  БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах  оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар багагүй ажил хийж байгаа аж. Одоогийн байдлаар 10 мянга гаруй монгол оюутан Хятадын их, дээд сургуульд суралцаж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Үүний 7000 гаруй нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг аж.  Харин тэтгэлгээр суралцдаг монгол оюутнуудын олонх нь тус улсын Засгийн газрын тэтгэлгийг  “Бичиг баримтын шаардлага ба­гатай, уян хатан нөх­­цөлтэй, хамгийн боломжийн тэтгэлэг” гэдгийг онцолсон. Бака­лаврын сургалтад хам­рагдаж, тэтгэлгээр су­рал­цах оюутан нь хятад, англи хэлний зохих мэд­лэгтэй, 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх ёстой. Мөн  до­тоодын магадлан итгэмж­л­эгдсэн их, дээд сургууль, коллежийн I,II  дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа. Мөн Хятадын  их, дээд сургуульд хэлний бэлтгэлд сурч  байгаа болон суралцаж төгссөн оюутан хамрагдах боломжтой гэв. Түүнчлэн тус улсын  их, дээд сур­гуулийн I дамжаанд 80 хувийн үнэлгээ буюу A, B үнэлгээтэй, амжилттай суралцаж байгаа оюутнууд энэ  тэт­гэлгийн сонгон шалга­руу­лалтад оролцох бо­ломжтой гэдгийг дуулгасан.  Ингэхдээ  80  ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан дүнгийн хуулбар, эсвэл хятад хэлний түвшин тогтоох  HSK шалгалтад гурав ба түүнээс дээш үнэлгээ авсан гэрчилгээтэй байх ёстой гэдгийг сануулж байна. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БСШУЯ-ны цахим хуудсаас авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд 51-266448, 96988899 утсаар лавлаж болно гэв. Хэрэв та тэтгэлэгт хамрагдвал  олон боломжоор хан­гаг­дах юм байна. Тухайлбал, сур­галтын төлбөр тө­лөхгүй. Гадаад оюутны дотуур байрны төлбөр төлөхгүй. Үүн дээр нэмээд, сар бүр амьжиргааны зардал авах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин