Ч.ГАНТУЛГА

Алтан наран дээрээс төөнөсөн намрын улирал сайхан. Амуу тариа найган бүжиж, ургац хураалтын аян өрнөж буй энэ үед Монголын хамгийн том газар нутагтай, аялал жуулчлал хөгжсөн, бүтээн байгуулалтын өлгий нутаг Өмнөговь аймгийн зүг хөлгийн жолоо залсан юм.

Энэ аймаг сүүлийн жилүүдэд ногоон орчныг цэцэглүүлж, цөлжилтийн эсрэг тэмцэж буй. Тэдний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч Даланзадгад хот болон ойрын сумдад ногоон бүтээн байгуулалтыг амжилтай өрнүүлжээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Байгаль хамгаалах сан”-гийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн болон “Монголын радио”, “UBS” телевизийн “Ногоон ирээдүй” нэвтрүүлгийн хамт олон “Зууны мэдээ” сонины сурвалжлагч миний бие нэгэн баг бүрдүүлж өмнийн говийн “Эко аялал”-д оролцлоо. Гадаадын жуулчид дэлхийн хаана ч байхгүй манай говийн үзэсгэлэнт элсэн манхнуудыг үзэхээр хэдэн мянган километрийг туулан ирдэг аж. Тэд гайхаж, бахархсан сэтгэлээ барьж ядан буцдаг талаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга О.Бадарч дарга сонирхуулж ярьсан юм. Говь нутаг руу ойртох бүр тэртээд  зуурайх зам тэнгэрийн хаяатай нийлсэн мэт харагдана. Цэлгэр уудам тал нутаг нүдний өмнүүр өнгөрч, таван хошуу мал тааваараа бэлчин идээшлэх нь хүн бүрийн сэтгэлд Монголын онгон тансаг байгальд, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг төрүүлэх нь лавтай.

Манай оронд аймгийн төв нь 50 километрийн цаанаас харагддаг ганцхан аймаг байдаг нь Өмнөговь аймгийн Даланзадгад хот ажээ. Аймгийн төвд очиход орчин нь цэвэрхэн, саруулхан хот угтсан. Говийн наран шаргалтан төөнөж, бүхий л орчныг гийгүүлэн сайхан манддаг аж.

 

ҮЗЭСГЭЛЭНТ ЁЛЫН АМААР АЯЛАВ   

 

Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын зохион байгуулсан “Эко аялал”-д Номгон, Булган, Сэрвээ, Гурван тэс зэрэг 10 гаруй сумын ахлах ангийн хүүхдүүд багш нарынхаа хамт оролцохоор ирсэн байв. “Эко аяллын гол зорилго нь нутгийнхаа түүхийн дурсгалт газруудаар аялж, мод тарих байсан юм. Байгаль орчны газраас байгалиа хайрлан хамгаалах олон ажил хийсний нэг нь хүүхдүүдийг байгалиа хайрлах, мод тарих үйлсэд уриалан дуудсан сургалт байжээ. Энэ сургалтад сум бүрээс хүүхэд, багш нар хамрагдан амжилттай оролцож, амьдарч буй орчноо болон ангиа ногооруулах үүргийг гүйцэтгэсэн байна. “Эко аялал”-ын ”хүүхдүүд эко элч болон ногоон цамц, малгайгаар ижилссэн байв. Тэд хоорондоо танилцан нутаг, сумынхаа тухай халуун яриа өрнүүлэн “Эко аялал”-ын эхний зогсоол болох үзэсгэлэнт Ёлын амыг зорилоо. Ёлын ам нь Өмнөговь аймгийн Даланзадгадаас баруун тийш 45 км зайд орших Говь гурван сайхан уулын Зүүн сайхны аманд байх ёл шувууны нэрээр нэрлэсэн уулын хавцал юм. Дунджаар 2800 метр өндөр. Зүүнсайхан уулыг сэтлэн урссан нарийхан хавцал аж. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас шалтгаалан ихэнх хэсгийнх мөс нь хайлсан тухай нутгийн иргэд хуучилсан. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт нэг метрээс илүү зузаан мөс үлддэг байжээ. Зарим газраа 200 метр хүртэл өндөр, элгэн, эгц хадтай. Ёл бол хамгийн өндөрт нисч, үүрээ засдаг шувуу юм. Өглөө үүр гэгээрэхэд хадан хавцлын дээгүүр халин нисдэг, далавчаа дэвэлгүй эгц нисдгээрээ өвөрмөц. Аялалд оролцсон хүүхдүүдийн ихэнх нь Ёлын амаар аялж үзээгүй байв. Тиймээс энэ аялал хамгийн сонирхолтой, дурсамжтай нь гэв. Тэд зургаа татуулж, байгалийн гайхалтай тогтцыг биширч байв. Хадан хавцлын дунд Гур­ван сайхан уулаа маг­тан дуулж, Өмнийн говиороо бахархсан юм. “Эко аялал” маань Ёлын амтай ойролцоо байрлах Байгалийн музейтэй танилцсанаар үргэлжилсэн. Музейд ху­лан, тахь, ирвэс, ёл зэрэг ховордсон амьтдын чихмэлийг байрлуулжээ. Мөн анчны отог, үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг түүхийн үнэт олдворууд байсан. Хүүх­дүүд музейн тайл­барлагчаас амьтдын онц­логийн тухай хүссэн асуултдаа хариулт авч, мэдлэгээ дээшлүүлсэн юм. Өдрийн ихэнх цагийг уул хадаар гүйн, тоглож өнгөрөөсөн хүүхдүүд ядар­сан шинжгүй, ав­тобусандаа суун шуугилдсаар дараагийн зогсоол руу хөдөллөө. Хүүхдүүдийг Даланзадгад хотын удирдлагын ордон, Батмөнх даян хааны хөшөө, Далангийн гол зэрэг түүхийн дурсгалт газруудтай танилцах сонирхолтой аялал хүлээж байв.

ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН БАЯНЗАГ

 

Дараагийн өдрийн аялал алдарт “Баянзаг”-аас эхэлсэн юм. Өмнөговь аймгийг цөлжилт явагдаж, ургамал, усгүй болсон, уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулж, газрыг сэндийчэн эвдэж байна гэсэн хэл ам дагасаар байгаа билээ. Тэгвэл энэ нутагт хуулийн дагуу 11 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг байна. Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах газрын зүгээс тэдгээр албан байгууллагад шаардлага тавьж, нөхөн сэргээлт хийлгэдэг аж. Зөвхөн албан байгууллагууд төдийгүй хувь хүн бүр амьдарч буй орчноо ногооруулж, цөлжилтөөс сэргийлье гэсэн уриатайгаар хөдөлмөрлөж байна хэмээн нутгийн иргэд ярьсан юм. Тиймээс байрныхаа гадаа, албан байгууллагынхаа үүдэнд, хашаан дотроо мод тарих аяныг өрнүүлж байгаа аж. Өмнөговьчууд “Мод тарих нь нэг насны буян” гэж дээдэлдэг ард түмэн. Тиймээс найман настай балчраас 80 настай буурал хүртэл мод тарих хүсэлтэй байдаг гэнэ. Алдарт Баянзагаас үргэлжилсэн бидний аялал дурсамж дүүрэн байв. Элсэн манхан сүндэрлэсэн Баянзаг нь Булган сумын нутагт байдаг. Байгалийн сонин тогтоц бүхий үзэсгэлэнт байгаль нь дэлхийн амьтан, ургамлын түүхэнд чухал байр суурь эзэлдэг юм байна. Учир нь одоогоос 60-100 сая жилийн өмнө энэ нутагт үлэг гүрвэл амьдарч байжээ. Дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөгнүүд энэ нутгаас олдсон байна. Тиймээс Монголын говийг одоо ч дэлхийн судлаач нар судалсаар байгаа. Харин аялагч багачууд үлэг гүрвэлийн өлгий нутгаар явж, амьдралынхаа хуудсанд нэгэн дурсамжийг бичив. Тэд хоорондоо элсэн манханы тухай ярилцаж, дуу дуулж, шүлэг уншин зугаатай байсан юм.

 

ХҮҮХДҮҮД 1000 БУЯН ҮЙЛДЭВ

 

 Булган аймгийн нутагт битүү заган ой оршдог аж. Заг бол говьд тэсвэртэй, цөлжилтийг зогсоож, удаашруулдаг хамгийн ашигтай ургамал. Хүрэхэд хатуу, саглагар салаатай аж. Өмнөговьчууд энэ модыг тарьж, цөлжилтийн эсрэг аянд идэвхтэй оролцдог байна. Манай аялагч хүүхдүүд заган ойгоор аялж, авхаалж самбаа сорьсон буухиа тэмцээнд зохиосон юм. Тэд олс татаж хурд, хүчээ үзэв. Харин хамгийн сүүлд “АХА” тэмцээнд оролцож, мэдлэгээ тэлсэн. Тэмцээнд төрөлх нутаг, “Эко аялал”-тай холбоотой танин мэдэхүйн асуултууд голлосон байв. Энэ өдрийн аялал зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хашаанд 1000 мод суулгаснаар өндөрлөсөн юм. Энэ бол хүүхдүүдийн хамгийн удаан хүлээсэн, зорьсон ажил нь байв. Тэд цэрэгүүдтэй хамжин мод суулгах нүхээ өөрсдөө ухан, усаа зөөсөн. Хөвгүүд нь охиддоо тусалж, хамтын хүчээр 1000 буяныг үйлдсэн юм. Өмнөговь аймгийн иргэд хойч ирээдүй болсон хүүхдүүдээ мод тарих, амьдарч буй орчноо ногооруулах аянд оролцуулсан нь ирээдүйг харсан гэлтэй. 1000 мод тарьсан хүүхдүүдийн нүдэнд инээмсгэлэл тодорч, бидний тарьсан мод удахгүй өндөр болж, цэвэр агаар бэлэглэнэ, өмнийн говьд төрснөөрөө бахархаж байна гэсэн өхөөрдөм үгс урсч байлаа.