Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа А.Батбаяртай ярилцлаа.
-Төв аймгийн ИТХ-аас 2015 оныг “Амар тайван амьдралын төлөө нийгмийн хариуцлагыг сайжруулах” жил болгосон. Энэ хүрээнд ямар ахиц өөрчлөлт гаргасан бэ?
-Өнгөрсөн жилийн дээрх ажлын хүрээнд нутгийн захиргааны, төрийн болон төрийн бус байгууллага иргэдтэйгээ хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд байгууллагын оролцоог нэмэгдүүлж, цагдаа иргэдийн хамтын ажиллагаа сайжирснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, аймгийн хэмжээнд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг 90 нэгжээр буюу 10 хувиар буурч гэмт хэргийн илрүүлэлт 3.1 хувиар өсч 63.5 хувьтай байна. Манай аймгийн хувьд Улаанбаатар хотыг тойрон байрласан, улсын чанартай хатуу хучилттай таван зам дайран өнгөрдөг хөдөлгөөн ихтэй. Энэ утгаараа малын хулгайн гэмт хэрэг нэлээд анхаарал татсан асуудал байдаг. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр бид 2015 оны эхнээс нэлээдгүй ажлуудыг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал аймгийн 27 сумыг найман бүс болгон тус цагдаагийн газрын тасгийн , хэсгийн дарга нараар ахлуулан төрөл мэргэжлийн албадын алба хаагчдаас бүрдсэн найман ажлын хэсэг гарган 2015 оны нэгдүгээр сарыг “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” нэг сарын аян, мөн “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе”, “Хулгай-Сэрэмжлүүлэг”, “Илрүүлэлт”, “Отолот”, “Бүс” зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулан ажилласнаар нийт гэмт хэрэг болон тодорхой төрлийн хэргүүд буурсан нь бидний ажлын үр дүн гэж дүгнэж байгаа. Тухайлбал, сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлэлттэй байсан. Мал хулгайлах гэмт хэрэг 26,7 хувиар буурч, илрүүлэлт 61,9 хувьтай буюу хэргийн илрүүлэлтэд ахиц гарсан. Мөн иргэдийн аюулгүй амар тайван амьдрах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран гудамж замын камер, гэрэлтүүлгийг шат дараатайгаар шийдвэрлүүлснээр гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг тодорхой хувиар буурсан. Мөн архидан согтуурах явдалтай тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлснээр согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг буурсан. Гэх мэтчилан дурдаад байвал ажилд ахиц, үр дүнг гарсан олон ажлууд бий. Аймаг орон нутгаас бидний ажлыг үнэлж аймгийн “Тэргүүний байгууллага хамт олон” болсонд манай хамт олон баяртай байгаа.
-Байгууллагынхаа хүрээнд онцлох ажлаас дурдана уу?
-Сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, сумын удирдлагын дэмжлэг туслалцааг авах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 26 сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч,Цагдаагийн газрын даргын хамтарсан “Гурвалсан гэрээ”-г байгуулан ажиллаж 2015 онд гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай сайн биелүүлсэн, хэсгийн төлөөлөгч нарыг ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэн хамтран ажилласан Аргалант , Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Заамар, Жаргалант гэх мэт сумдын Засаг дарга нарыг урамшуулсан.
“Амар тайван амьдралын төлөө-Нийгмийн хариуцлагыг дээшлүүлье” урианы жилийн хүрээнд Зуунмод Сумын засаг даргын захирамжаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг “Нийтийн эргүүл” арга хэмжээнд хамруулж бүтэн жилийн турш ажиллаж 60 гаруй байгууллагын 200 гаруй ажилтан алба хаагч цагдаагийн алба хаагчидтай хамтран идэвхтэй сайн ажиллсан. Энэ арга хэмжээнд идэвх санаачлагатай ажилласан байгууллага, иргэнийг аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шагнаж урамшуулсан. Энэ ажил мөн энэ 2016 онд үргэлжлэн явагдаж байгаа.
Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор сар бүр хариуцсан сум, баг дээр очиж “Нээлттэй өдөрлөг”, “Хууль сурталчлах” арга хэмжээг зохион байгуулж иргэдийн дунд өдөрлөг, уулзалт, уралдаан тэмцээн, сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтыг зохион байгуулан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласнаар гэмт хэрэг буурч цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд сэтгэл ханамжтай хүргэх ач холбогдолтой юм.
-Цагдаагийн ажилтны нийгмийн баталгааг хангах, ажлын нөхцлийг сайжруулахаар ямар ажил хийв?
-Цагдаагийн ажилтны нийгмийн баталгааг хангахад аймаг орон нутгийн удирдлагуудтай байнгын хамтын ажиллагаатай байдаг.Тухайлбал, цагдаагийн алба хаагчдыг өмчлөлийн газартай болгох, Цагдаагийн хотхон, 25 айлын орон сууцыг ашиглалтад оруулж алба хаагчдыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулан тус аймгийн Зуунмод суманд баригдсан 1000 айлын орон сууцанд гурван алба хаагчыг орсон. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцлийг хангаж цагдаагийн кабоны байртай болсон, 2015 онд Баяндэлгэр, Заамар сумдад цагдаагийн кобаны байр ашиглалтад орсон. Энэ ажилд сум орон нутгаас зохих дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажилладаг.
-Аймгийн Цагдаагийн газрын тохижилт хэр зэрэг өөрчлөгдөж байна вэ?
-Ажлын байрны нөхцөл бололцоог сайжруулах, алба хаагчдын ажиллах ая тухтай байдлыг хангах чиглэлээр нэлээдгүй засвар үйлчилгээ, өргөтгөлийн ажлуудыг хийж ирсэн. Хамгийн сүүлд хийсэн зарим ажлуудыг дурьдвал Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн ая тухыг хангахаар “Иргэний танхим”-ыг тохижуулан байгуулсан.
2016 он гараад цадаагийн газрын өргөтгөлд Эрүүгийн цагдаагийн тасгийг тусгайлан тохижуулсан өрөө тасалгаатай болгож, байцаалтын болон таньж олуулах ажиллагааны тусгайлсан өрөөг шинээр ашиглалтад оруулаад байна. Мөн саатуулах байранд засвар үйлчилгээ хийж алба хаагчдын аюулгүй байдал, саатуулагдсан иргэдийн эрхийг хангах чиглэлээр шаардлагатай ажлуудыг авч хэрэгжүүлсэн. 2016 онд энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын тамын газар, Засаг даргад санал хүргүүлэн орон нутгийн төсвөөр тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа, замын цагдаагийн иж бүрэн хяналтын пост бариулахаар хамтран ажиллаж байна.
-Хөдөө орон нутагт анхдагч болж уулзалт-байцаалтын болон сэжигтнийг таньж олуулах өрөөг ашиглалтад оруулсаны ач холбогдол бий биз?
-Цагдаагийн байгууллага иргэд байгууллагад учирсан хор хохирлыг арилгах урьдчилан сэргийлэх гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход хохирогч, холбогдогч, сэжигтэнтэй уулзахад тусгайлсан уулзалт, байцаалт, таньж олуулах өрөө чухал ач холбогдолтой . Тухайлбал: Бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон охид, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны үед хувь хүний аюулгүй байдал, хүний эрхийг хангах зорилгоор тусгай өрөөг бий болгох шаардлагатай байсан. Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөр”-ийн дэмжлэгээр Цагдаагийн газрын биллярдын өрөөг “ Уулзалт байцаалтын өрөө” болгон засвар хийж, өөрчлөн тохижуулсан. Уг байрны засварын ажлыг “Туст Эр Констракшн” ХХК хугацаанаас нь өмнө чанартай хийж гүйцэтгэсэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Уг өрөөг дуу чимээ тусгаарлагч, компьютер, техник хэрэгсэл орчин үеийн шаардлага хангасан хяналтын камер, дуу бичлэгийн төхөөрөмж, бусад техник хэрэгслүүдийг суурилуулж үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж байна. Цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирсон иргэдийг хамгаалах ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийг хамгаалах байрыг Зуунмод суманд ашиглалтанд оруулахаар төсөв хөрөнгийн асуудлыг нь Дэлхийн зөн олон улсын байгууллагаас шийдвэрлүүлэн ажиллаж байна.
-Алба хаагчдынхаа мэдлэг чадварыг хэрхэн дээшлүүлж байна вэ?
-Хуулийг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хангах, алба хаагчдын нийтлэг болон тусгай чиг үүргийг хэрэгжүүлж мэдлэг ур чадварыг сайжруулахад анхаарч ажилладаг. Жил бүр алба хаагчдыг мэргэшүүлэх болон давтан сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын сургалт дадлагын төвөөс зохион байгуулдаг. Мөн манай байгууллага дотооддоо цагдаагийн байгууллагын үйл ажилалгаатай холбоотой хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг тухай бүр нь алба хаагчдадаа судлуулах, мэдлэг олгох чиглэлээр хичээл сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Мөн цагдаагийн алба хаагчдын нэг гол анхаарах зүйл бол бие бялдрын бэлтгэлжилт байдаг. Иймээс алба хаагчдаас улирал бүр бие баялдарын шалгалт авч дүгнэдэг. Мөн аймгийнхаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран “Марш тактикийн цогцолбор” тэмцээнийг зохион байгуулж алба хаагчдынхаа бие бялдар, эрүүл мэндийг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг.
Гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахуулахаар хийж хэрэгжүүлж байгаа бидний ажилд тусалж дэмжин хамтран ажиллаж байгаа Төв аймгийн ИТХ, Засаг дарга, сум орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэддээ цагдаагийн газрын нийт хамт олны өмнөөс баярлаж талархаж явдагаа илэрхийлье Монгол Улсын цагдаагийн ажилтны босоо цагаан хийморь бадарч та бүхний ажлын амжилт улам батжиж байхын ерөөлийг дэвшүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин