Хамгийн эрт ажилдаа гарч, хамгийн орой ажлаасаа буудаг хүмүүс бол автобусны жолооч, кондукторууд байдаг. Тэдний төлөөлөл буюу “Автобус-1” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын хамт олонтой нэгэн өглөөг Ерөнхий сайд С.Батболд хамт өнгөрүүлж, тэдний санал бодлыг сонсч, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон ажлуудын талаар яриа өрнүүллээ. Тэднийг ажилдаа гарахаас өмнө буюу өглөөний 5:50 минутад уулзалт болсон бөгөөд олон ажилчид компанийхаа үүдэнд Засгийн газрын тэргүүнээ угтан авсан юм. Мөн Ерөнхий эмч, ажиллагсадтай уулзаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үр дүн нь бодит амьдралд хэрхэн мэдрэгдэж байгаа талаар өөрсдөөс нь сонслоо.
15 мянган хүн лангуу түрээслэн худалдаа эрхэлж, өдөрт л хот, хөдөөний 20 гаруй мянган хүн зорьж очдог “Нарантуул” худалдааны төвд С.Батболд ажиллав. Тэндэхийн лангууны түрээсийн төлбөр 1999 онд байсан тэр хэмжээндээ өнөөдрийг хүртэл хэвээр байгаад талархаж байдгаа худалдаа эрхлэгчид Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоор дамжуулан журмын нөхөр, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд нь уламжиллаа. Тэд тус худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсан юм. Худалдаа эрхэлдэг нэг хүн 10 гаруй хүний амьдралыг авч явдаг байна. Тэдний нэг, гутлын наймаа хийдэг иргэн Баттай Ерөнхий сайд С.Батболд эхлээд хөөрөлдлөө. Тэрээр лангууны түрээсэнд сар бүр 40 гаруй мянган төгрөг төлдөг, ашиг орлого сайн байгаа. Хүүхдийн зуны гутал, углаашийг дунджаар 10 мянга орчим мянган төгрөгөөр борлуулж байгаа” гэлээ. Тэднийг ийн ярих зуур хажуу орчмын лангууны түрээслэгчид цуглаж ярианд оролцлоо. Тэд “Бидэнд битүү зах хэрэггүй, Харин өвлийн гурван сард хүндхэн байдаг нь үнэн. Эрээний зах шиг болгоод л, дулаан тавиад өгчихвөл асуудал байхгүй. Хөдөө, орон нутгийн иргэд ийм байдалд дуртай, тэд гял цял болсон байшинд орчвол ирж худалдаа хийгүй. Манай лангууны түрээс нэмэгддэггүй тул бид барааныхаа үнийг нэмэхгүй өдий хүрсэн. Хамгийн хямд бараа “Нарантуул”-д байдаг нь үнэн” гэж байлаа. Харин тэдний хамгийн их сэтгэл зовдог асуудал нь ажлын байраа алдах. Энэ асуултад Нийслэлийн Засаг даргын албыг энэ дөрвөн жилд хашсан, НИТХ-д МАН-аас нэр дэвшигч Г.Мөнхбаяр хариулахдаа “Нарантуул”-ын газрын гэрчилгээг 25 жилээр сунгасан гэж хэлсэн нь худалдаа эрхлэгчдийн хувьд гэнэтийн мэдээ байж, алга ташин хүлээн авлаа.