Д.БОЛОРМАА

“Гал Үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн хохирогч Ц.Энхбаяртай ярилцлаа.

 

-Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг галт зэвсэг ашиглахыг завдсан хэргээр саатуулаад байна. Та “Гал Үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Энэ хэрэгт оролцсон уу. Таныг баривчилсан гэж сонссон?

-Баривчилаагүй. Тэгээд ч тухайн үеийн үйл ажиллагаанд оролцоогүй. Гэхдээ Тагнуулын ерөнхий газраас дуудаж мэдүүлэг авсан. “Гал Үндэстэн” холбоо юу санаачилсан юм. Хэн, хэн байв зэрэг асуулт асуусан.

-Үнэнээр нь ярив уу?

-Үнэнийг л хэлсэн. Худал ярьж сүүлд нь ороогдоод яах вэ.

- Тэгвэл та үнэнээр нь хариулаарай. “Гал Үндэстэн” холбооныхон  уул уурхайн компаниудыг дарамталж мөнгө авдаг гэх юм. Компанийн эзэд өөрсдөө энэ тухай мэдэгдэж байна?

- Ц.Мөнхбаяр хэдэн жилийн өмнө “Онги гол” хөдөлгөөнийхөө шугамаар Онги голын эргээр  ажиллаж байгаа уул уурхайн компаниуд болон Аймгийн Засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ хийсэн юм билээ. Үүнийг холбооны удирдах зөвлөлийн хурлаар ярьж өгсөн. “Гал Үндэстэн” холбоо есөн бүлгэмтэй. Одоо  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь долоо байна. Удирдах зөвлөлийн хурлаар бүлгэм дээр юу болж байгааг холбогдох дарга нь мэдээлэл хийдэг юм. Бүлгэмүүд ямар үйл ажиллагаанд “Гал Үндэстэн” холбооноос дэмжлэг авах вэ гэдгээ ярьдаг. Тухайн үед “Онги гол” хөдөлгөөн мэдээлэл хийх үеэр Ц.Мөнхбаяр дарга  “Аймгийн Засаг даргын Тамгын газар болон уул уурхайн  компаниудтай гурвалсан гэрээ хийлээ. Онги голын дагуу монгол компаниуд байгаа учраас юу, юугүй хөөгөөд байх нь хэцүү юм. Иймээс тэдэнд үйл ажиллагаа явуулах боломжийг олгоё гэсэн нэгдсэн саналд хүрлээ. Компаниудын үүрэг юу гэхээр дахиж газар ухахгүй. Одоо ухсан газраасаа олборлолтоо хийж дуусаад дараа жил Онги гол хөдөлгөөн болон аймгийн Засаг даргын Тамгын газарт газраа хүлээлгэж өгөх ёстой” гэж хэлсэн. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтээ бүгдийг нь хийгээд хүлээлгэж өгнө гэсэн үг. Харин тэр гэрээнд “Онги гол хөдөлгөөнийг үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор компаниуд дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт байсан гэсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнхбаяр дарга “Онги гол” хөдөлгөөнийнхөн нь бусдаас мөнгө төгрөг авах нь “Гал Үндэстэн” холбооны дүрэмд харш. Тиймээс гэрээ хийлээ. Гэрээний дагуу компаниуд бидэнд туслалцаа үзүүлэх болно” гэж холбооны удирдах зөвлөл дээр Ц.Мөнхбаяр дарга албан ёсоор мэдэгдсэн. Одоо хэвлэлээр гараад байгаа тэр мөнгө, төгрөг нь энэ гэрээтэй холбоотой байх. Тухайн үедээ тэр компаниудын удирдлагууд өөрсдөө болно, бүтнэ гэж өгчихөөд нөгөө хүнээ ийм хүнд байдалд орсны дараа ингэж илүү дутуу ярьж яваад харамсч байна. Эрийн жудагт ч гэсэн хүн ёсны хувьд ч гэсэн увайгүй үйлдэл.

-Танай холбооны хүмүүс компанийн захирлуудтай энэ талаар ярилцав уу?

-Уулзаагүй байна. Уулзаж лавлах нь нь бидний үүрэг. “Ямар учиртай мөнгө байсан. Одоо яагаад ийм зүйл яриад байна” гэж лавлана. Гэхдээ уулзсаны дараа нөгөө захирлууд чинь “Биднийг айлгалаа” гэж ярьж магадгүй учраас одоохондоо болгоомжилж уулзахыг урьтал болгохгүй байна. Ер нь бол уулзана. Асууж шалгаана.

-Та Ц.Мөнхбаяр нартай хөдөө хамт явж байсан уу. Хүмүүс тан нарыг дарамталдаг л гээд байгаа?

-Ямар ч дарамт шахалт үзүүлдэггүй. Уржнан манай холбооныхон хоёр хуваагдаж хөдөө ажиллахад компаниуд санал тавьж байсан.

-Өөрсдөө юу?

-Өөрсдөө. “Та  бүхний үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ ажил чинь зөв. Гэхдээ бидэнд ийм, ийм учир шалтгаан байгаа учраас боломж өгөөч. Биднээс хүсэх мөнгөн хандив, ямар нэгэн туслалцаа байна уу”  гэж асуудаг. Тусалъя гэсэн хүмүүс чин сэтгэлээсээ хандаж байгаа бол тэр хандивыг авч болно гэж манай холбоо үздэг. Үнэхээр чин сэтгэлээсээ тусалж байгаа бол шүү.

-Хандив өгч л байгаа бол уул уурхайн ямар ч компани хамаагүй юу?

-Хувь хүмүүс ч гэсэн тусалдаг. Тэд “Бид нутаг орноо гээд явж чадахгүй байна. Бидний өмнөөс явж байгаа та нарт яаж туслах вэ. Ядаж нэг өдрийн чинь хоолыг даая” гээд хонь, ямаа үүрээд ирнэ. Өдөр бүр шүү. Бид хөдөө байх 10 гаруй хоногтоо махаа барж идэж чадахгүй байсан. Хүмүүс мал авчирж өгөөд л. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг тийм их мөнгийг авсан гэдэгт итгэхгүй байна. Хэрэв Ц.Мөнхбаяр тэгж дарамталж мөнгө аваад байсан юм бол компанийн захирлууд цагдаа, шүүхийн байгууллагад эртхэн хэлэхгүй яасан юм бэ. Өргөдлөө бичээд өгөхөд юу нь болохгүй байсан юм. Ардчилсан нийгэмд амьдарч байж айж ичээд суугаад байсан гэдэгт эргэлзэж байна. Харин Ц.Мөнхбаяр нарыг баригдсан өдрөөс эхлэн нөгөө компанийн захирлууд чинь хэвлэлд хандаж эхэлсэн. Тэгээд бас  зарим  нь зурагтаар Ц.Мөнхбаярыг  муу хүн гэж гүтгэлэгт нэвтрүүлэг хүртэл гарсан. Хэрэв муу хүний тухай ярих гэсэн юм бол Ц.Мөнхбаярын тухай биш шаргал ордонд сууж байгаа хүмүүсийн тухай ярих хэрэгтэй. Эх орноо худалдаж, үндэстнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг тэр хүмүүсийг ярих ёстой юм биш үү. Ц.Мөнхбаярын үйлдэл угаасаа өөрийнх нь зорилго байсан.

-Буу, гранат барьж нийгэмд айдас төрүүлэх нь үү?

-Түүний үйлдэл ямар ч  үнээр хамаагүй эх орноо бүрэн бүтнээр үлдээе гэсэн санаа. Хоёрдугаарт, үлдэж байгаа холбооны хүмүүс болон монголчууддаа, төрийн эрх баригчдад хэлж байгаа сануулга. Өөрийнхөө үлдсэн амьдралаа золиод шүү дээ. “Нөхцөл байдал ийм болчихоод байна. Та нар үүнийг анхаараач. Монголчууд газар орныхоо төлөө нэгдээч. Байдал эвгүй боллоо. Ийм байдлаар удаан үргэлжилвэл иргэд зэвсэг бариад тэмцэхэд бэлэн болсон байна” гэдгийг сануулсан сануулга. Үүнийг нь эх орноо худалдаж байгаа тэр нөхөд ойлгож байгаа эсэхийг нь мэдэхгүй юм.

-Сануулга гэхээр үүнээс цааш өөр тэмцэл байна гэж үзэх үү?

-“Гал-Үндэстэн” холбооны үлдсэн гишүүд хуучин зарчмаараа тууштай явна. Эх орныхоо төлөө тэмцсээр л байх болно. Бид болохоосоо болохгүйг хүртэл явна. Бэлэн байна. Айгаад байх юм алга. Төрийн гурван өндөрлөгт захидал бичсээр байгаад залхлаа. Ер нь тэр захидлыг маань уншдаг юм уу бүү мэд. Захидлыг тоохгүй байгаа учраас манай хүмүүс тэмцэл рүү шилжсэн юм шүү дээ. “Гал-Үндэстэн” холбооны хүмүүсийн үүрэг бол энэ газар шороог бүрэн бүтэн авч үлдэх юм. Бид цаашид үүргээ биелүүлнэ. Хэвлэлээр Ц.Мөнхбаярын эсрэг гүтгэлэг гараад байгаа болохоос биш түүн шиг сэтгэлтэй залуу Монголд цөөхөн. Дахиад төрөх ч юм уу даа. Хэрэв эх орон, газар шорооныхоо төлөө явсан хүмүүсийг алдаанд нь дөрөөлөн нухчин дараад байвал цаашид тэмцэх хүн байхгүй гэсэн санаархал эрх баригчдад бий. Тэднээс гадна Монголын баялагт шунасан гадныхны ашиг сонирхол байна. Гэхдээ монголчууд эх орныхоо төлөө амиа золих эх орончдоор хэзээ ч дутахгүй. Дутаж байгаагүй. Одоо ч дутахгүй, хойшид ч дутахгүй. Үнэндээ бол Ц.Мөнхбаяр сүүлийн 12 жилийн амьдралаа Онги гол, Монголын газар шороо, гол усны төлөө зориулсан. Хэрэв түүнийг  яллах ёстой юм бол урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй хүмүүсийг эхлээд  яллах ёстой. Дээд шүүх тогтоолоо гаргачихсан шүү дээ. “УИХ-ын 55 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй байна. Одоо хэрэгжүүл” гэж.  Шийдвэрийг нь хэрэгжүүлэхгүй болохоор “Онги гол” хөдөлгөөн “Гал-Үндэстэн” холбооны дэмжлэгтэйгээр Засгийн газрыг шүүхэд өгсөн.

Улсын дээд шүүх шийдвэрээ бидний талд гаргасан ч нөгөө Засгийн газар нь үүргээ гүйцэтгээгүй. Бүр албадан биелүүлэх гэсэн шийдвэр гарсан ч  дахиад хэрэгжүүлээгүй.  Хэрэгжүүлэхгүй атлаа нэг л өдөр  урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулна гэсэн учраас манайхан хөдөлгөөнд орсон нь тэр. Урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулна гэдэг дахиад газар шороо руугаа халдана гэсэн үг. Хүн төрөлхтний түүх бол ус юм. Ямар ч үндэстний түүх нуур далай, гол устайгаа холбоотой. Хүн хөгжлийн өндөр төвшинд хүрсэн ч уснаасаа гадуур амьдарч чадахгүй. Чи түрүүн надаас асуусан даа. Та яагаад тэр тэмцэлд нь оролцоогүй юм гэж.

-Яагаад?

- “Гал Үндэстэн” холбоо гурван бүлгэмийнхээ ажилд түлхүү анхаарч байгаа. Ц.Мөнхбаяр Онги голынхоо чиглэлээр хоёр бүлгэмтэй ажилласан. Намайг багаа удирдаад ураны чиглэлд ажилла гэсэн. Тийм учраас бүлгэмийн ажил гээд төдийлөн уулзаж ярилцаж амжаагүй юм.

-Танай холбоонд аль, аль бүлгэм хамаардаг юм бэ?

-Нэрийг нь хэлээд яах вэ. Одоогоор долоон бүлгэм идэвхтэй ажиллаж байна. Би гэхэд энэ жил ураны чиглэлд түлхүү ажиллалаа. “Голомт” гэж гадаадад ажиллаж амьдардаг хүмүүсийн байгуулсан хөдөлгөөний санхүүжилтээр Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу хэд, хэдэн удаа явлаа. Ураны эсрэг дуугарах  хэвлэл мэдээлэл гэж алга. Харин ч эсрэгээрээ “Уран манай улсад ашигтай” гэж нийтлэл, нэвтрүүлэг гадаадаас бэлтгэн гаргаж байх юм.

-“Гал Үндэстэн” холбооныхон сан­хүү­жилтээ яаж зохицуулдаг юм?

-Бусдын дэмж­лэгтэйгээр зохицуулна.

-Хэний дэмжлэгээр?

-Холбоонд хамаардаг бүх хүн халаасаа шавхаж өгдөг. Тэр нэг жил баруун аймгаар ажиллах гэсэн чинь зардал байдаггүй. Тэгсэн Ц.Мөнхбаяр дарга хоёр өрөө байраа нэг өрөө болгож зараад зөрүүг  нь хөдөө ажиллах зардал болгосон юм. Тухайн үедээ би  түүнтэй танилцаад удаагүй байлаа. Увс аймагт явж байхдаа “Би дахиад та нартай хамт хөдөө явахгүй. Нэг хүнийхээ амьдралыг үрчихээд ингэж  явмааргүй байна” гэхэд Ц.Мөнхбаяр “Баяраа, ах та тэр уулыг хар даа. Сайхан сүрлэг хайрхан байгаа биз. Энэ бол Монголын зөвхөн нэг л уул. Монголын уудам нутагт байгаа бүх хайрхан бүгд ийм. Үүний төлөө явж байхад нэг өрөө байр юу юм бэ. Тэр асуудал биш. Дахиж надад ийм жижигхэн зүйл битгий яриарай. Сонсмооргүй байна” гэж хэлсэн. Түүнээс хойш бүр байр ч үгүй, машин ч үгүй болсон. Би юм хэлээгүй. Тэр хүн сэтгэл зүрхнээсээ газар шороогоо хайрлаад гэр орноо хаяж  байхад би гэдэг хүн түүн шиг төгс төгөлдөр төвлөрч чадаагүй байсан хэрэг.

-“Гал Үндэстэн” холбооныхон одоо юу хийж байна?

-Үндсэндээ бидний санаа бодлыг сонсох хэвлэл мэдээлэл алга. Харин Ц.Мөнхбаярыг буруутгах хэвлэл дэндүү олон байна.

-Та бүхний тэмцлийн шалтгаан болсон урт нэртэй хуулийг дагалдах журамд өөрчлөлт оруулах  хуулийн төсөл УИХ-д хэлэлцэх асуудлын нэг байсаар байна?

-Ц.Мөнхбаярын тэмцлийн зорилго урт нэртэй хууль. Урт нэртэй хуулиа энэ чигээр авч үлдэхийн төлөө манай холбоо чадахаасаа чадахгүйгээ хүртэл явна. Өнөөдөр нэг булгийг ширгээчихээд эргэж сэргээх хөрөнгө Засгийн газарт байхгүй. Сэтгэл, хүч байхгүй. Ийм төр, засагтай байхад иргэд өөрсдөө ямар ч хамаагүй аргаар газар шороогоо бүрэн бүтэн авч үлдэх нь чухал. Урт нэртэй хуулиас гадна уранаар хүчтэй дуугарна гэж бодож байна.

-Хуулийн төсөлд саналаа өгсөн үү?

-Шаардлагаа хүргүүлээд дууссан. Ц.Мөнхбаяр байхдаа ч өгсөн. Бид ч гэсэн “Урт  нэртэй хуулиар битгий оролдооч” гэсэн санал хүргүүлсэн. Иргэдийнхээ хүсэлтийг хүлээж авахгүйгээр иргэний нийгэм байгуулна гэж байхгүй.  Урт нэртэй хуулийг хэвээр үлдээхийн төлөө явж байгаа нь ганцхан “Гал Үндэстэн” холбоо биш. Нутаг дэвсгэрт нь уул уурхайн компаниуд ажиллаж байгаа бүх сумын иргэдийн хүсэл зорилго. Энэ бол монголчуудын хүсэл. Өнөөдөр УИХ-ын олонхи гишүүн бизнесмэн. Бизнесмэн хүний тархинд зөвхөн ашиг сонирхол байдаг. Тэдэнд эх орон, уул ус, газар шороо бол хол. Хол яваа учраас бидний бухимдал эцэст нь ийм болгосон. Уг нь ард иргэдийг зэвсэгт тэмцлээс хол байлгах нь Засгийн газрын үүрэг. Гэтэл үүргээ биелүүлж чадахгүй эх орноо гэх хөдөлгөөнийг ийм  байдалд хүргэлээ.  Нэг зүйлийг хэлэхэд Монголоо гэсэн зоригтой, тэмцэж чадах хүн нь ганцхан Ц.Мөнхбаяр биш. Хэрэв Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Арева” компани өрөм тавибал яг ийм байдал үүсэхээр байна. “Амин нутаг-Дорноговь” хэмээх Улаанбадрах сумын иргэдийн байгуулсан төрийн бус байгууллага 3-4 сумыг хамарсан хөдөлгөөн болчихоод байна. Засгийн газар иргэдээ ийм хүч түрэмгийлсэн үйлдэл рүү түлхээд байгааг хараад гайхаж л байна. Цаашдаа “Арева” компани иргэдэд хор уршигтай үйл ажиллагаа явуулж байгааг нь дэмжээд суухгүй.

-Энэ тухайгаа холбогдох газарт нь мэдэгдэв үү?

-Бид байр сууриа нэгтгэх ёстой. Харин ямар аргаар гэдгээ холбооныхоо Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Бичиг цаас өгөөд залхлаа. Өгсөн ч уншдаггүй бололтой юм. Саяхан Ерөнхий сайд иргэний хөдөлгөөнийхөн компаниудыг дарамталсан тухай ярьж байна. Хэрэв “Гал Үндэстэн” гэж хэлчихсэн бол шүүхэд өгөх байсан юм. Даанч нэрлээгүй учраас хэцүү байна. Үнэндээ газар шороо, үндэснийхээ оршихуйн төлөө монголчууд бүгдээрээ нэгдмээр байгаа юм. Өөрийнхөө хувь заяаг, улсынхаа хувь заяаг урвагчдад даатгамааргүй байна. Тэдэнд дөрлүүлж болохгүй. Иргэний нийгмийн байгууллагууд нэгдвэл хулгайч нар мөн ч их айна даа. Магадгүй айж байгаа учраас Ц.Мөнхбаяр нарыг барьчихаад үнэн, худал нь мэдэгдэхгүй цуурхалыг нийгэмд тараагаад байгаа юм.

-“Гал Үндэстэн” холбооны хэдэн хүнийг цагдан хорьсон юм бэ?

-Бид нар өөрсдөө ч  сайн мэдэхгүй байна. Дарханаас Буяндорж гэдэг залууг барьсан сураг байна. Ерөнхийдөө 10 орчим хүн болов уу.

- Та Ц.Мөнхбаяр нарыг буу, шийдэм болохыг сонссон байсан уу. Нийгэмд аюултай үйлдлийн эсрэг хэн ч гэсэн тэмцэх, холбогдох байгууллагад нь мэдэгдэх ёстой?

-“Гал Үндэстэн” холбооны хэллэгт хатуу үйл ажиллагаа гэж бий. Тэр нь зэвсэг барих тухай. Тухайн үед урт нэртэй хууль, ураны асуудлаар хатуу үйл хийхэд оролцох уу гэж надаас асуухад нь оролцоно гэсэн.               Зэсвэг барьж тэмцлээ илэрхийлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ зэвсэг барих, хэрэглэх гэдэг өөр ойлголт шүү. Шаардлагатай бол оролцож болно гэдгээ хэлсэн ч надад нарийн мэдээлэл өгөөгүй юм.

-Буу хаанаас авав. Танд мэдээлэл бий юу?

- Тагнуулын ерөнхий газрын мэдээллээр бол манайхны хуучин хураалгаж байсан буу юм гэнэ лээ. Шүүхээс өмнөх хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас бууг нь буцаагаад өгсөн байсан юм.

-Тэгвэл гратаныг хаанаас авсан юм бэ?

-Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд гранатын тухай “Гал-Үндэстэн” холбоонд хэзээ ч ярьж байгаагүй. Таван жил цуг явахдаа гранат ашиглах тухай нэг ч удаа сонсоогүй. Зурагтаар харснаар ордны хашаанд барьж явсан хоёр гранат бол сургалтынх байсан. Харин сүүлд нь хаанаас  гэнэт их  олон гранат гарч ирнэ лээ. Сургуулилтын хоёр гранатаас бусдыг нь мэдэхгүй. Манай хэд тэр олон гранатыг тавьсан гэдэгт хэзээ ч итгэхгүй. Би тагнуулын залууд хэлсэн. “Та нар манай холбооны хүмүүсийг аймшгийн болгож харагдуулахын тулд өөрсдөө үүнийг зохиож гаргаж ирчихээд эцэст нь манай хүмүүс рүү чихэж байна. Бид хүлээн зөвшөөрөхгүй”  гэхэд “Бид нотолно” гэж байна лээ. Тэгээд ч удирдах зөвлөлд яригдаж байгаагүй зүйл хэзээ ч хэрэгждэггүй. Хэрэв тэсрэх бодисын тухай яривал надаас эхлээд асуух ёстой байсан. Яагаад гэвэл би 13 жил уурхайчин байсан хүн. Тэсрэх материалтай ажиллаж байсан энэ талаар заавал асуух ёстой.

-Танай холбооныхон үнэхээр тавиагүй гэж үү. Танай хүмүүсийн дүрс бичлэг байна гэсэн шүү дээ.Удирдах зөвлөл биш энгийн гишүүд чинь тавьчихсан байж болох юм?

-Гранат гэдэг чинь хэр барагтаа олдохгүй. Сум бол захаас худалдаад авчихна гэсэн. Гранат бол гранат шүү дээ. Хэрэв бодит нотолгоо байвал одоо яая гэх вэ. Биднээс өөр хөдөлгөөнийхөн эх орныхоо төлөө явахгүй байна. Нөгөө “Эрс шинэчлэл”,  “Амлалт нэхэх хөдөлгөөн”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн хаачив. Үүнийг хөдөлгөөний удирдлагуудаас асуумаар байна.