Д.БОЛОРМАА
“Намайг төрсөн жил өнөтэй, дулаахан өвөл болсон учраас Дулаанжаргал гэдэг нэрийг өндөр өвөө маань хайрласан” хэмээн хуучлах Баасан гаригийн зочин маань Аажуурын Дулаанжаргал. Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал цолтой. Эдүгээ БНСУ-д суух Монголын цэргийн атташе юм. Түүнтэй цахим хаягаар ярилцсанаа хүргэе.
-Таныг Хэнтий аймгийн уугуул гэдгийг мэднэ. Харин овог тань их содон юм?
-Миний овог өргөж авсан нагацын маань нэр. Би хуучнаар Цэцэнхан аймгийн Хөвчийн Жонон бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, жирийн малчны гэрт 1960 онд төрсөн. Өвөө маань нутагтаа нэр хүндтэй оточ, эмч хүн байсан. Хөлд орох үеэр эгч, дүүгийн хамтаар эмээ дээрээ өссөн. Бид эхээс 11-үүлээ. Нэг эмэгтэй, 10 эрэгтэй дүүтэй. Нуулгүй хэлэхэд, миний хувьд гэрийнхнээсээ дээд боловсролтой ганц хүн нь /инээв/.
-Өргөмөл гэж үү?
-Аав, ээж хоёр ярилцаж байгаад намайг ээжийн дүүд өргүүлсэн юм. Ингээд би нагац ах Аажуураар овоглох болсон. Амьдрал сонин шүү дээ. 1960-аад он бол Монгол Улсын ид бүтээн байгуулалтын үе байсныг хэн хүнгүй мэднэ. Хөдөө аж ахуй түшиглэсэн сангийн аж ахуйг олноор байгуулан, ажилчин залуус нам, эвлэлийн илгээлтээр шинэ бүтээн байгуулалтад ид дайчлагдаж байсан үе. Миний аав болох нагац ахын хувьд ч ялгаагүй тухайн үеийн залуусын адил гурван жилийн цэргийн албаа хаагаад Төв аймгийн Архустайд тракторчин, комбайнчны курсыг дүүргэж, Эрээнцавын сангийн аж ахуйд илгээлтээр очиж ажилласан хүн. Аав маань Эрээнцавын сангийн аж ахуй байгуулагдахад ажиллахаар явахдаа эмээг болон намайг эгч, дүүтэй хамт авч очсон юм. Эгч, дүү бид гурав эмээтэйгээ өссөн, эмээгийн хүүхдүүд. Манай эмээ охин, хүү хоёртой байсан. Охин нь миний төрсөн ээж, хүү нь өргөсөн аав маань байсан. Төрсөн ээжийг маань Наташа гэдэг. Эмээ маань олон хүүхэд гаргасан ч тогтдоггүй байсан болохоор охиндоо Наташа, хүүдээ Аажуур гэдэг нэр өгч, тогтоосон гэж ярьдаг байлаа.
-Бага нас хамгийн дурсамжтай үе. Бага насны дурсамжаасаа уншигчидтай хуваалцаач?
-Янз янзын зүйл мөрөөдөх нь хүүхэд болгоны зан. Хэдийгээр мөрөөдөл болгон биелдэггүй ч миний мөрөөдөл биелсэн. Мөрөөдөл маань цэргийн дарга болох байлаа. Багадаа барилдаж тоглоогүй эрэгтэй хүүхэд гэж байдаггүй байх. Би ч ялгаагүй үеийнхэнтэйгээ барилдаж, бас чулуугаар байлдаж, чавхаар харваж тоглодог байсан. Найзуудаа командлаад л давшиж, дайсны цэргүүдийг “бут цохиж” ялалт байгуулсан надад багын найзууд маань “Фельд маршал” цолыг олгож, хэрэндээ л өөрийгөө маршал болсон мэт баярлаж хөөрдөг байсан маань эргээд дурсахад хожмыг харсан билэгдэл байж.
-Хаана ямар сургууль дүүргэсэн бэ. Дээхнэ үед цагдаагийн сургуульд суралцах хүүхдүүдийг багаас нь сонгож, судалж авдаг байсан гэх юм билээ?
-Ерөнхий боловсролын найман жилийн сургуулийг Дорнод аймгийн Эрээнцавын сангийн аж ахуйд дүүргэсэн. 1976 онд наймдугаар ангиа төгсөөд, 9 дүгээр ангид үргэлжлүүлэн суралцахаар Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуульд ирж байлаа. Эрээнцавын найман жилийг 30 гаруй хүүхэд төгссөн ч илгээлтийн эзэн, ТМС, текникум гэх мэтээр хуваарлигдсаар 10 жилд дөрөвхөн хүүхэд орсны нэг нь би байлаа. Тухайн үед Дорнод аймгийн Эрээнцав, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо сумын хүүхдүүд Баян-Уул сумын 10 жилд бүсчилсэн хуваарийн дагуу суралцдаг байсан юм. 1978 онд 10 дугаар ангиа төгсөөд хуучнаар ЗСБНХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны академийн тусгай факультетэд суралцаж, 1983 онд хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшиж, төгссөн. Сонин зүйлийг хэлэхэд, Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн 10 Б ангиас гурван найз Москва хотод суралцах хуваарь авсан нь Олон Улсын харилцааны дээд сургуульд ангийн дарга О.Очиржав /одоо Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/, Хилийн цэргийн командын дээд сургуульд Р.Үнэнбат /одоо Дорнод аймгийн Халх голын дархан цаазат газрын хамгаалалтын албаны дарга/, харин би Москва хотын Дотоод явдлын яамны академийн тусгай факультетэд бага дэслэгч цолтой суралцаж байлаа.
-Нэг хотод нэг ангийн гурав суралцахаар нутгаасаа хол ганцаардахын зовлонгүй сайхан байсан биз?
-Бид хагас бүтэн сайны амралтаар уулзаж, Москва хотын кино театруудын байнгын үйлчлүүлэгч байлаа. Шинээр гарч байгаа бүхий л кинонуудыг үздэг. Дотоод явдлын яамны академид ихэвчлэн Нийгмийн аюулаас хамгаалах яамны системд ажиллаж байсан албан хаагчид суралцдаг байсан. Тухайн жилд уг сургуульд Монголын ерөнхий боловсролын сургуулийг төгсч, шууд элсэн орсон таван хүүхэд байсны нэг нь би. Монгол оюутнууд 60 рублийн цалин авдаг байхад академийн сонсогчид бид 90 рублийн цалин авдаг, тухайн үедээ өндөр цалинтай байсан. 10 жилийн сургуулиа төгсөөд очсон таван сонсогчийн нэг маань эдүгээ хорвоогийн мөнх бусыг үзэж, өөр нэг маань эрүүл мэндийн шалтгааны улмаас групптэй, Эрдэнэт хотод амьдарч байгаа. Талийгаач цагдаагийн хошууч цолтой, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэг, авлигатай тэмцэх хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан ажлаа мэддэг, салбарынхаа шилдэг алба хаагчдын нэг байсан. Нөгөө хоёрыг маань хүмүүс сайн танина. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатарпүрэв, Завхан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Ш.Даваасүрэн нар юм.
-Орост сургуульд төгсч ирсэн залуухан офицерыг ямар ажил албан тушаал хүлээж байв?
- Москва хотын Дотоод явдлын академийг төгсөөд, Монголдоо ирэхэд НАХЯ-наас намайг Улаанбаатар хотын Октябрын районы Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр томилсон байсан. Харин миний хувьд хотод ажиллахаас илүү Дарханд ажиллах шаардлага илүү байлаа. Учир нь тухайн үед манай эхнэр сургуулиа төгсөөд ирсэн, Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрт инженерээр ажиллахаар томилогдсон байсан. Тиймээс энэ учраа дарга нарт хэлж, томилолтоо орон нутгийнхаар сольж, Дархан хотын цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгчөөр томилогдсоноор ажлынхаа гарааг эхэлсэн. Дэслэгч цолтой өмчийн төлөөлөгчөөр ажлаа эхлээд эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, гүйцэтгэх албаны даргаар долоон жил ажиллаад Дарханаас хотод шилжиж ирсэн. Одоогийн Цагдаагийн ерөнхий газрыг тухайн үед Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар гэдэг байсан. Ингээд Улсын цагдан сэргийлэх газрын Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтэст ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад цолтой ирж байлаа. Харин 1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Цагдаагийн ерөнхий газар хэмээн нэрлэгдэх болсоноор Эрүүгийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч цолтой ажиллаж улсын хэмжээнд гарч байсан онц хүнд гэмт хэргүүдийг илрүүлэх ажиллагаанд алба хаагчдаа удирдан ажилладаг байлаа.
-Таныг нэг хэсэг Хууль зүйн яаманд ажиллаж байсныг мэдэх юм. Цагдаагийн хурандаа цолыг хэдэн настайдаа авсан билээ. Цагдаагийн түүхэнд байгаагүй залуухан хурандаа болж байсан гэх юм?
-1996 онд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, яамдын харьяалалд агентлагууд бий болоход цагдаагийн байгууллагыг төлөөлж, Хууль зүйн яаманд ажиллахаар томилогдож байлаа. Цагдаагийн дэд хурандаа цолтой, Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газарт ахлах мэргэжилтэн, газрын даргаар томилогдсон. Харин хоёр жилийн дараа 1998 онд 38 настай байхдаа Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдож, цагдаагийн хурандаа цолоо авсан.
-Эдүгээ та улсыг төлөөлсөн хариуцлагатай албан тушаалд ажилалаа. Цагдаагийн дэслэгчээс бригадын генерал болтлоо дэвшин ажилласан хүн. ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан бригадын генерал цолтой хүний хувьд цагдаагийн албаныхны өнөөгийн байдлын талаар асуухгүй өнгөрч боломгүй юм?
-Цагдаагийн алба хүнд, хариуцлагатай алба. Гэвч төрдөө тангараг өргөсөн төрийн албан хаагчид алба хүнд байна гээд хойш суух учир байхгүй. Тиймээс мэргэжлээ зөв гэж сонгоод сонголтоо хийсэн л бол цагдаагийн албан хаагчдад буцах зам байхгүй. Энэ учраас энэ ажлын ард гарах ёстой гэсэн үүднээс өөрийнхөө сэтгэлзүйг бэлдэж ажиллах нь хамгийн чухал. Мэдээж гэр бүлийнхэн нь ажлыг нь ойлгох чухал байдаг. Монголчууд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шүү дээ. Нөгөө талаар цагдаагийн алба хаагчид улс төрөөс ангид байх учиртай. Цагдаа гэдэг иргэд, олон нийтийн амар тайван амьдралын төлөө ажиллаж байгаа үйлчилгээний хүмүүс. Цагдаагийн албан хаагчид нэгэнт энэ ажлыг, албыг сонгосон тохиолдолд үнэнч байх нь хамгийн дээд зарчим. Өөртөө, албандаа үнэнч байсан нөхцөлд хөндлөнгийн нөлөөнд өртөх боломжгүй гэж би боддог. Шалгаж байгаа хэргээ илрүүлнэ, үнэн зөвийг тогтооно гэж ажиллах нь цагдаагийн албан хаагч бүрийн үүрэг. Мэдээж энд цаг хугацааны асуудал ярих нь ойлгомжтой. Зарим хэргийг хэдэн цагийн дараа илрүүлж байхад, зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэдэн сар, жилээр явагдах нь байдаг. Хамгийн гол нь тухайн хэргийг илрүүлэх нь цагдаагийн алба хаагч бүрийн үүрэг. Монголчууд гэмт этгээдэд гишгэх газар байхгүй гэдэг юм шүү дээ.
-Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй хүн байдаг гэдэг. Манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач?
-Ханьтайгаа оюутан байхдаа гэр бүл болсон. Ханийг маань Чүлтэмийн Чулуунцэцэг гэдэг. Москва хотын Технологийн дээд сургуулийг үслэг эдлэлийн технологич инженер мэргэжлээр төгссөн. Нэг хотод байсан Монгол оюутнууд амь нэгтэй байх нь аргагүй. Хамт кино үзнэ, зугаалж яваад л гэр бүл болчихсон. Манай эхнэр бид хоёр кино үзэх их дуртай. Сонирхол нэг болохоор нэгнийгээ илүү амархан ойлголцдог байсан. Манайх охин, хүү хоёртой. Хоёр ач, хоёр зээ хүүтэй, өнөр өтгөн айл. Охин Гантуяа ОХУ-ын Москва хотын Патрис Лумумбын нэрэмжит Улс түмний найрамдлын их сургуулийн хуулийн ангид суралцан төгсч, ХБНГУ-ын Хумболдын их сургуульд мастераа хамгаалсан. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цөмийн энергийн газрын гадаад харилцааны хэлтэст ажиллаж байна. Хүү Ганзориг 1984 онд Дархан хотод төрсөн. Одоо хувиараа бизнес эрхэлж байгаа. Америкт бизнесийн удирлагын чиглэлээр суралцсан. Төгсөөд хуульч мэргэжил давхар эзэмшсэн. Хоёулаа гэр бүлтэй, хамгийн бага ач маань өнгөрсөн зургадугаар сард төрсөн. Ууган зээг Аригун, багыг нь Лигдэн гэдэг. Ач охиныг Соёл-Эрдэнэ, ач хүүг Алдар-Эрдэнэ гэдэг. Ийм л нэгэн өрх айл байна.