Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар нийгэмд хүлээгдэж буй нэн чухал хууль орж ирсэн. Тэр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Уг нь гишүүд улстөржилгүйгээр ирцээ бүрдүүлж, сүүлийн хэдэн жил ярьж байгаа хуулиа баталчихвал хүчир­хийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хэрэгтэй юм. Өнөөдөр манай улсын гурван гэр бүл тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа бий. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй гол хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд  байна.

Уг нь бид 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай болсон. Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцохоор заасан байдаг. Харамсалтай нь хууль хэрэгжиж чадаагүй. Хэрэгжихгүй байгааг илтгэх наад захын үзүүлэлт бол хүчирхийлэлд өртсөн хохирогчийн тоо. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгджээ. Үүнээс 50 орчим хүн амиа алдаж, 1180 хүн гэмтсэн байна. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчлийн арга хэмжээ авсан тоо хэд дахин олон болсныг манай төрийн бус байгууллагынхан гаргасан нь ч бий. Тэгвэл бие даасан хуультай атлаа хэрэгжихгүй байх шалтгаан юунд байна гэж. Мэдээж 2004 оноос хойш шүүхийн байгууллагуудаас хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах хэдэн арван шийдвэр гаргасан ч хэрэгжээгүй. Учир нь хуулийн зохицуулалт оновчтой бус, тэр дундаа хариуцсан байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог дэндүү ерөнхий тусгаснаас болж. Мөн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар нарийн зүйл заалтуудыг хуульд тусгаагүй нь энэ хууль хэрэгжихгүй байх нэг шалтгаан болсныг салбарынхан хэлдэг.

Тиймээс 2012 онд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Өмнөх хуулийг бодвол илүү боловсронгуй, олон талын нөхцөл байдлыг тусгаж чадсаныг ажлын хэсгийнхэн хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн боловсруулжээ. Төсөлд орсон өөр нэг шинэ зүйл нь хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тусгай бүлэг юм. Энэ бүлэгт хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг хэн нэгэн мэдвэл уг асуудлыг мэдээлэх нь иргэний үүрэг байхаар заажээ. Хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх үүрэгтэй. Иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Үүний зэрэгцээ багш, эмч, нийгмийн ажилтан, цагдаа болон тухайн нутаг дэвсгэр хариуцсан Засаг дарга нарын оролцоог хүртэл нарийн тусгажээ. Түүнчлэн төсөлд хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар оруулж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулахаар тусгасан байгаа. Мөн хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага гарцаагүй байх зэрэг зарчмын зохицуулалт орсон аж.

Гэр бүлийн хүчир­хийлэлтэй тэмцэх тухай хууль нь Yндсэн хууль, Гэмт хэргийн, Зөрчлийн, Гэрч, хохирогчийг хамгаалах, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хууль сахиулах үйл ажиллагааны, Гэр бүлийн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль  болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэж байгаа тул салбарынхан нь сайн төсөл болсон гэж үзэж байгаа. Их Хуралд суугаа эмэгтэй гишүүд хэлэлцүүлгийн шатанд идэвхтэй байр суурьтай байж, хуулийг батлуулахын төлөө ажиллахаа амалсан. Хэрэв гишүүд нам хамааралгүй, улс­төр­жихгүйхэн шиг батал­чихвал энэ парламентын хийсэн бас нэг гавьяа болох байх. Айл гэр бүл, хүн бүхэнд хамаатай хууль учир магадгүй ирэх сонгуульд улстөрчдийг оноо авахад ч нөлөөлөх талтай юм

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин