Хаврын шалгалт хаяанд ирж, Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэгчдээ бүртгэж эхэллээ. Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нд эхэлдэг байсан бол энэ жил сар шинийн баяраар амралтын олон хоног таарсан учраас хоёрдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлжээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд 18:00 цагт дуусах бөгөөд 70 гаруй хоног үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлж байна.
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ӨГСНӨӨР ЭЕШ-Д ОРОХ ЭРХ НЭЭГДЭНЭ
Энэ жил 36 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо байна. Ингэхдээ их, дээд сургууль, коллежид элсэхээр онлайн бүртгэлд хамрагдсан сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу энэ шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байна. Харин бүртгэлийн тухайд, элсэгчдийг уламжлал ёсоор www.eec.mn цахим хаягаар бүртгэнэ. Шалгалтын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс болон 70119498 дугаарын утсаар асуугаарай гэдгийг дуулгаж байна.
Интернэтээр бүртгүүлж буй хүүхдүүд ихэвчлэн овог, нэр, регистрийн дугаараа буруу бичих, шаардлага хангахгүй зураг оруулах зэрэг нийтлэг алдаа гаргадаг. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд бүртгүүлэхээсээ өмнө элсэлтийн журамтай сайн танилцаарай. Учир нь интернэт бүртгэлийг автоматжуулсан системд байрлуулдаг учир овог нэр, регистрийн дугаар, хичээл сонголт зэргийг нэмж засварлана гэсэн ойлголт байхүй гэдгийг анхааруулж байсан. Харин энд нэг зүйлийг сануулж хэлэхэд, энэ жилийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг. Батламж хуудас 700 төгрөг. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Тиймээс онлайнаар бүртгүүлж буй хүүхдүүд шалгалтынхаа хураамжийг төлсөн тохиолдолд бүртгэнэ гэдгийг анхаараарай гэв.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫГ ЯМАР ХИЧЭЭЛЭЭР АВАХ ВЭ?
Элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлээс сонгон өгнө. Ингэхдээ элсэгч бүр Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг дээр хэлсэн. Харин заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж авахгүй юм байна.
ЭЛСЭГЧИД МЭДЭЭЛЛЭЭ МЕСЕЖЭЭР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ
Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэгчдэд явдал, чирэгдэл учруулахгүйн тулд мессеж үйлчилгээг нэвтрүүлээд 3-4 жил болж байна. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа бичсэн утасны дугаараа ашиглан БҮТ-ийн 133233 тусгай дугаарт мессеж илгээн интернэт орох шаардлагагүйгээр өөрт холбоотой мэдээллээ авах боломжтой юм. Тухайлбал, та бүртгэлийн дугаар, нууц дугаараа мартсан бол тэдгээрийг сэргээн авах, шалгалтын хуваарь, шалгалт өгөх анги, танхим, суудлын дугаар, шалгалтын дүн онооны талаарх мэдээллийг жирийн мессежний төлбөр буюу 40 төгрөгөөр авах боломжтой гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин