
Д.МЯГМАР
Гадаадад суралцаж өндөр боловсролтой болох нь өнөөгийн залуусын мөрөөдлийн нэг. Монгол залууст ийм боломж олгодог Канад улсын их, дээд сургууль, коллеж болон хэлний курст зуучлах албан ёсны эрхтэй “Оазис Канад” компанийн ажилтан Ю.Энxжаргалтай ярилцлаа.
-Танайх Канадын сургуулиудыг сонгосны шалтгаан нь юунд байна вэ?
-Манай компани нь Канадад суралцахыг xүссэн олон улсын оюутнуудад боловсролын болон суралцах чиглэлийн зөвлөгөө өгдөг. Канад улсын Онтарио мужийн Торонто хотод бакалаврын түвшний 187 мянга гаруй оюутан их сургууль, коллежид суралцаж байна. Бид тухайн оюутанд тохирсон оновчтой хөтөлбөр, сургуулийг сонгоход нь мэргэжлийн зөвлөгөө өгнө. Олон улсын оюутан болоход бахархалтай ч багагүй бэрхшээлийг туулдаг. Бид энэ бүх бэрхшээлийг туулж Канадад сайхан амьдарч байгаа учраас тэнд суралцах арга замыг хүмүүст хэлж өгдөг юм.
-Албан ёсны төлөөлөгчийн газрын давуу тал нь монгол оюутнуудад яаж тусах вэ?
-Канадад их, дээд сургууль, коллеж, хэлний сургуулиудын төлөөлөгч болоход туxайн xүний туршлага, оюутнуудад үнэн зөв мэдээллийг өгөх чадвар, байнгын тогтвортой ажиллаж тухайн сургуулийг тухайн оронд бүрэн төлөөлж чадах эсэхийг харгалзан үздэг. Албан ёсны төлөөлөгчийн газрын давуу тал нь тухайн сургуулиудтай шууд холбогдож, бодит мэдээллийг оюутанд өгөхдөө нэмэлт төлбөр авахгүй. Манай компанийн төлөөлөгч нь Канад улсад албан ёсоор сурч, ажиллаж, амьдарч байгаа учир тухайн оюутныг сургуультай нь шууд холбож өгдөг.
-Канадад суралцахад орчин нөхцөл хэр вэ?
-НҮБ-аас гаргасан судалгаагаар Канадад ажиллаж амьдрахад хамгийн таатай орны нэгд ордог. Канад улс нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, амьдралын чанар, аюулгүй байдал бүрэн хангагдсан.
Канадын сургуулийн сургалтын төлбөр нь Англи хэлтэй улс орнуудтай харьцуулахад хамгийн бага. Суралцах хугацаандаа ч ажиллах эрхтэй. Гадаад оюутнууд Канадад суралцаж төгссөний дараа ажлын тодорхой туршлагатай бол тэндээ байнгын оршин суух эрхийг хурдан өгдөг.
-TOEFL, IELTS-н шалгалт өгөхгүйгээр үндсэн ангид орох боломж бий юу?
-Оюутнууд нь хэлний сургууль, коллеж болон их сургуулиудаас сонголтоо хийх боломжтой. Канадын хэлний сургуулиуд нь Англи хэлний мэдлэгээ богино хугацаанд эрчимтэй, үр дүнтэй дээшлүүлэхэд зориулсан байдаг. Хөтөлбөрүүдээс өөрийн хэлний түвшинд тохирсон ангиа сонгох эрхтэй. Манайх зарим хэлний сургууль болон их сургуультай хамтран ажилладаг. Тухайн оюутан үндсэн ангийн хэлний шаардлагыг хангасан бол сонирхсон мэргэжлээрээ суралцаж болдог. Энэ нь TOEFL, IELTS шалгалтыг өгөхгүйгээр сургуульд орох боломжтой гэсэн үг юм. Тиймээс оюутнууд Канадад суралцахаар ирэхээсээ өмнө хэлний мэдлэгээ сайжруулж, хэлний сургуульд сурч хугацаа алдахгүй.
-Коллеж, их сургуулийн ялгаа нь юу вэ. Манайхан коллежийг текник мэргэжлийн сургуультай адилтгадаг тал бий?
-Канадын коллежууд нь бизнесийн байгууллага болон үйлдвэрийн газруудтай ойр нягт хамтын ажиллагаатай байдаг. Өөрчлөгдөж байгаа ажлын байр, ажил олгогчийн шаардлагад хөтөлбөр нь нийцэж байгаа эсэх дээр анхаарлаа хандуулдаг. Коллежийн хөтөлбөрүүд нь техникийн болон мэргэжлийн түвшний боломжуудыг олгодог. Оюутнууд ажлын байрны туршлагыг тэндээс олж авдаг. Оюутнууд коллежийн зэргээ ажлын байрны туршлагын хамт олж авдаг нь ажил дээр гарахад илүү дөxөм болдог. Коллежид ч мөн адил бакалаврын зэрэг олгох, дипломын болон сертификатны хөтөлбөртэй. Хувийн (private) болон улсаас санхүүжилт авдаг (public) гэсэн хоёр хэлбэртэй байдаг ба бидний хувьд сургалтын чанар, оюутны зарцуулж байгаа цаг хугацааг бодолцож үзэж public коллежид оюутнуудаа зуучилдаг. Зарим оюутан их сургуульд суралцахаасаа өмнө коллежийн хөтөлбөрийг тодорхой хугацаанд авдаг нь дараагийн шатанд суралцахад амар болгодог. Төгсөгчдийн 90 хувь нь зургаан сарын дотор ажилтай болдог.
Канадын их сургууль нь бакалавр, магистр, докторын зэргийг санал болгодог. Үндсэн цагаар суралцаж байгаа олон улсын оюутнууд нь суралцах хугацаандаа хууль ёсоор ажиллах эрхтэй. Оюутнууд нь бакалаврын болон бакалаврын дараах хөтөлбөрийг сонгож болно. Богино хугацааны сертификат, дипломны курст ч суралцаж болно.
-Монгол оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бий эсэхийг илүүтэй сонирхож байгаа байх?
-Канадын Засгийн газраас оюутнуудыг дэмжих зорилгоор докторын дараах сургалтад зориулсан тэтгэлэг, магистр, докторын түвшний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Олонх коллеж, их сургууль тэтгэлэгт хөтөлбөртэй. Хэрвээ тухайн оюутан өндөр оноотой, өмнө суралцаж төгссөн сургуулийн сурлагын голч дүн нь (GPA) өндөр бол тэтгэлэг авах эрх шууд үүсдэг. Канадын сургуулиуд оюутны академик идэвхийг өндрөөр үнэлдэг ба хэрвээ та суралцаж байгаа хугацаандаа А (85) юмуу А+ суралцвал тэтгэлэг авна. Тухайн оюутан манайд хандаад суралцах сургуулиа сонгосны дараа бид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар ярилцана. Канадын олон сургууль Монгол Улсын Засгийн газраас гаргасан Төрийн сангийн зээлээр суралцах боломжтой гэсэн жагсаалтад орсон байгаа нь үнэхээр идэвхи сайтай, суралцах чадвартай оюутанд боломж нээлттэйг харуулж байна.
-Сургалтын төлбөрийг баримжаалбал хэд орчим төгрөг болох бол?
-Та Канад улсад суралцахаар төлөвлөж байгаа бол сургалтын төлбөр, амьдрах зардлаа нарийвчилан тооцоорой. Канадын коллеж, их сургуулийн сургалтын төлбөрийг Англи, Австрали, Шинэ Зеланд болон АНУ-тай харьцуулахад харьцангуй хямд, боломжийн гэж үздэг. Тухайн сургуулиас шалтгаалан сургалтын төлбөр харилцан адилгүй байдаг. Таны сонгосон хөтөлбөрт үндэслэн жилийн 5500-25 мянган долларын төлбөртэй. Суралцахаар сонирхож байгаа сургуулийнхан албан ёсны вэб хуудаснаас төлбөрийн талаарх мэдээллийг нягталж үзээрэй. Илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл бидэнд шууд хандаж болно.
-Оюутнуудад ажиллах боломж хэр байдаг вэ?
-Оюутнууд сурахын зэрэгцээ ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Канадад суралцаж байгаа оюутнууд хичээлээ зохицуулаад ажил хийдэг.
Канадын хуульд заасны дагуу үндсэн ангидаа суралцаж байгаа оюутан тодорхой цагаар ажиллах эрхтэй. 2014 оноос хэлний сургуулийн оюутнуудад ажиллах зөвшөөрөл олгох талаар ярилцаж байгаа юм билээ. Хэлний сургуулийн оюутнуудад бас нэг боломж нээгдэнэ гэсэн үг юм. Коллежид суралцаж байгаа оюутнууд ялангуяа сургалт-дадлага хосолсон xөтөлбөртэй бол ажиллаад цалинжаад явах ч боломж бий. Тухайлбал, Жоржиан коллеж ийм боломжийг оюутнуудад олгодог.
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Оазис Канад” компанид хандаарай. Эх нялxсын хойно, UBS телевизийн зүүн талд, “Их Хэнгэрэг” компанийн хоёрдугаар давхар. Мөн www.oasislinkltd.com зочилж, англи болон монгол хэлээр мэдээлэл аваарай.
-Манайхан очоод л ажил хийгээд сургалтын төлбөрөө төлж, өөрийгөө аваад явна гэж ойлгодог. Энэ зөв үү?
-Гадаадад суралцах нь тухайн хүнд том боломж. Нөгөө талаас оюутнууд, хүүхдээ сургахаар төлөвлөж байгаа эцэг эxчүүд маань аль болох эртнээс хүүхдийнхээ хэлний түвшинг сайн ахиулж, бэлтгэх хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр арай өөр байх нь бий. Хувь xүнээс их зүйл шалтгаална гэдгийг сайн ойлгох учиртай. Бид боломжийг нээж өгөөд, оюутнаа зөв хөтөлбөрт нь, тохирсон сургуульд нь оруулахад нь туслана. Харин оюутан маань цаашид богино хугацаанд биеэ даагаад, дэлхийн түвшинд хүрсэн боловсролыг олж авахад оюун ухаан, цаг, xүч хөдөлмөрөө зориулах нь чухал юм шүү.