Б.ЗАЯА

Нисэхийн цагаан хаалга хэмээн нэрлэгдэж тэртээ 1958 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын айлчлалд зориулж босгосон цагаан хаалгыг буулгах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргалаа. Эдүгээ барилгын ажил үргэлжилж буй Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын хэсэгт уг хаалга орсноор нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан гаднын зочид, төлөөлөгчдийн хот руу явах замыг өнгө үзэмжтэй, олон улсын төвшинд нийцүүлэн барихын тулд 30 метр өргөнтэй шинэ зам барих болсон нь цагаан хаалганы өргөнөөс илүү гарсан аж. Түүнчлэн газар хөдлөлт, ослын үед хаалгыг хүчтэйхэн мөргөх үед нурах аюултай болсныг ч хэлсэн юм. Тиймээс хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болсон цагаан хаалгыг Айдасын даваа орчимд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын замд барихаар төлөвлөсөн байв. Энэ асуудлаа Нийслэлийн авто замын газрынхан өчигдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Уг хаалгыг нүүлгэн шилжүүлэх талаар өмнөх жилүүдэд тавьж байсан гэнэ. Энэ удаагийнхыг хотын захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрснийг газрын дарга Д.Нанзаддорж хурлын үеэр дуулгалаа. Цагаан хаалгыг нүүлгэн шилжүүлэх бус дахин шинээр босгоно. Тиймээс хариуцагч газрын албанаас дахин босгох хөрөнгийн талаар тэргүүлэгчид сонирхов. Нийслэлийн авто замын газрынхны төлөвлөж буйгаар шинээр босгох ажилд хоёр тэрбум орчим төгрөг төсөвлөгдөх юм. Энэ саналыг сонссон тэргүүлэгчид эсэргүүцэж, тэр чигээр нь буулгах саналыг гаргав. Тухайлбал, НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсанаа “Шинэ хаалга барилаа гээд доогуур нь явсан машин шинэ болчихгүйгээс хойш дахин олон тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй” гэлээ. Түүний саналыг тэргүүлэгчдийн олонхи нь дэмжсэн юм. Тиймээс тэргүүлэгчдийн саналаар Нисэхийн цагаан хаалгыг Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажилтай холбогдуулан буулгах шийдвэрийг баталлаа. Одоогоор тус хаалга Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа бөгөөд бүртгэлийн дагуу 405 мянган төгрөгийн үнэлгээтэй юм.