
Б.ЭНХЗАЯА
Такси компаниуд тарифаа нэмэх болсноо дуулгаж олон нийтийг сандаргасан явдал ард хоцорлоо. Нийслэлд 72 такси компанийн 10 мянга орчим такси үйлчилгээнд явдаг байсан нь 2000-аад оны эхэн үе юм. Гэтэл одоо 16 компанийн 700 гаруй такси үйлчилгээ эрхэлж байна. Ингэтлээ цөөрсөн шалтгаанаа тэд өнгөрсөн хугацаанд бааз сууриа алдсан, эдийн засгийн чадавхигүй болсноор гэж тайлбарлаж буй юм. Үүнийг түр орхиё.
Такси компаниудад сүүлийн үед нэг зовлон бий болсон нь тоолуурын систем аж. Тоолуурын заалтыг гаднын хэн нэгэн оролдохоос хамгаалж төвийн удирдлагатай сүүлийн үеийн тоолуурыг тавиулах хүсэлтийг Стандартчилал хэмжилзүйн газарт тавьж. Тус газрын мэргэжилтнүүд ч өнгөрсөн онд хоёр компани сонгон танилцуулсан байна. Такси компаниуд саналын ач холбогдлыг харан “Убаши системс” гэх компанийг сонгон хамтран ажиллахаар болсон нь одоогийн цагдаа, шүүхдээ тулсан нэгэн хэрэг мандах эхлэл болжээ.
ӨРТГИЙГ НЬ АВСАН Ч НЭГ Ч ТООЛУУР ТАВИАГҮЙ БАЙНА
Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ үзүүлдэг “Убаши системс” компани таксины 11 компанитай тоолуур нийлүүлэх гэрээг өнгөрсөн оны аравдугаар сард хийжээ. Тэд өмнөд хөршөөс бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр тохиролцсон аж. Тэдний тавьсан саналаар тоолуурын системийг төвөөс удирдаж, хянах боломжтой нь хамгийн дэвшилтэт санаа болсныг такси компаниуд хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч дуудлага өгсөн тохиолдолд хамгийн ойр явж байгаа такси зорьж ирнэ. Үйлчлүүлэгчийн гар утсанд таксины өнгө, дугаар зэрэг таниулах бүхий л мэдээллүүд мессэжээр ирнэ. Түүнчлэн такси хотын аль хэсэгт явж буйг төвөөс хянана. Хамгийн гол нь такси компаниудад тулгардаг бэрхшээл болох тоолуурын заалтыг гаднын хэн нэгэн оролдох, өөрчлөх боломжгүйгээр тоноглогдсон бүтээгдэхүүн оруулж ирэх гэрээ байгуулсан гэнэ. Гэрээ ёсоор ажлын хөлсний урьдчилгаа болгон 20 хувийг такси компаниудаас авчээ. Компани тус бүрт туршиж үзэхээр 30 тоолуур нийлүүлэх байсан. Компаниуд хоёр саяас 250 мянган ам.доллар өгч алдсан байна. Зарим нь бүр 100 хувь төлбөрөө өгсөн ч бий аж. Ингээд яг нэг жилийн өмнө үзэглэсэн гэрээний биелэлт эдүгээ тэг зааж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Такси компаниуд урьдчилгаа төлбөрөө төлсөн ч одоог хүртэл нэг ч тоолуурын бараа харсангүй. Тиймээс Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнгөрсөн хавар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж эхэлсэн байна. Гэвч одоо хүртэл шийдэлд хүрч чадахгүй цагдааг ч, компаниудыг ч хуурсаар байгааг холбооны дэд тэргүүн Ц.Тэрбиш ярилаа. Тэднийг компанийн захирал Д.Уламбаяр өнгөрсөн хоёрдугаар сараас худлаа мэдээллээр толгойг нь эргүүлж бараагаа авах гэж байна, авчихлаа, техникийн алдаа гарлаа, ачуулчихлаа хэмээн хуурсаар яваа гэнэ. Яах учраа олохгүй такси компаниуд цагдаад л найдаж сууна. Үүнээс үзэхэд “Убаши системс” компанийнхан багагүй зальжин бололтой. Өөрөөр хэлбэл, тэдний анхны үйлдэл энэ биш аж.
50 САЯ ТӨГРӨГИЙН ХАРИУЦАГЧААР ШҮҮХЭД ДУУДАГДАВ
“Убаши системс”-ийнхан өнгөрсөн 2010 оны наймдугаар сарын 4-нд “Максима Консалтинг” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, стандарт PLA систем дээр ажиллах телевиз үзэгчийн үзэлтийн төвшинг тогтоох тоног төхөөрөмж буюу “People meter” 300 ширхэг үйлдвэрлэх, программ хангамжийн сервер нийлүүлэх, дагалдах программ хангамжийг боловсруулах ажлыг цогцоор нь гүйцэтгэхээр тохиролцсон байна. Компанийн ажил гүйцэтгэх хугацаа нь нэг жил хоёр сар байжээ. Гэвч бас л дээрхийн адилаар урьдчилгаа болгож ажлын хөлсний 40 хувь буюу 33 мянган ам.долларыг шилжүүлэн авчээ. Урьдчилгаа төлбөрийн хүрээнд тэд төхөөрөмжийн эхний загварыг бэлэн болгож гүйцэтгэгчид танилцуулж турших, 300 ширхэг төхөөрөмж болон мэдээлэл хүлээн авах зориулалттай серверт ирсэн мэдээлэлд боловсруулалт хийх программ хангамжийг захиалагчид хүлээлгэн өгөх байжээ. Гэвч гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд ямар ч ажил гүйцэтгээгүй учир “Максима Консалтинг” компани Хан-Уул дүүргийн шүүхэд 50 сая төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Ингээд энэ хэрэг өнгөрсөн 2011 оны аравдугаар сарын 31-нд шийдэгдэж, шүүхийн тогтоолоор албадан төлүүлэх шийдвэр гарчээ.