
С.ЦЭРЭНДЭЖИД
Барилгын хана таазны дулаалгад ашигладаг гол материал нь шилэн хөвөн. Наймаачдын хэлж буйгаар шилэн хөвөн нь барилгын материалын захын хамгийн гүйлгээ сайтай, өдөрт 20,30 боодлоороо зарагддаг эрэлттэй бараа гэнэ. Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед барилгын дулаалгаас өөр чухал зүйл үгүй. Шилэн хөвөнгийн хор хөнөөлийн талаар манайхан нэг хэсэг шуугисан. Хяналтын болон эрүүл мэндийн байгууллагууд шилэн хөвөнг хэрэглээнээс хасах тухай дор бүрнээ ярьцгааж байв.
Хятадаас оруулж ирдэг дөрвөлжин, бөөрөнхий зэрэг янз бүрийн хэлбэртэй шилэн хөвөн нь хүний биед маш хортой бөгөөд нарийн тоосонцрууд нь агаартай хамт хүний нүд, чих, ам,хамарт ордог байна. Үүнээс үүдэлтэй өвчний далд хугацаа нь удаан бөгөөд уушигны хортой, хоргүй хавдар 20-30 жилийн дараа илэрдэг болохыг мэргэжилтнүүд тогтоосон нь бий. Түүгээр ч зогсохгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын агентлагаас шилэн хөвөнг дэлхий нийтээр хэрэглэхийг хориглох зөвлөмжийг гаргасан байдаг. Зөвлөмжийн дагуу Европын орнууд 30 жилийн өмнөөс, Японд гэхэд 1975 оноос үйлдвэрлэх, ашиглахыг хуулиар хориглосон байх жишээтэй. Харин манайд хэрэглээ нь хэр байгааг мэдэхийн тулд 100 айлын барилгын материалын төвөөр ороход л хангалттай.
Хүний эрүүл мэндэд хортой нь аль эрт нотлогдчихсон шилэн хөвөн 100 айлын дэлгүүрүүдийн гадаа боодол боодлоороо, төрөл, төрлөөрөө байлаа. Эгнүүлэн тавьсан энэхүү материалаас өдрийнхөө гол орлогыг олдог гэх наймаачид цөөнгүй байв. Тэдний нэг Г.Чинбаттай ярилцлаа.
-Та барилгын материал худалдаад хэр удаж байна. Шилэн хөвөнгөөс хэр ашиг олдог юм бэ?
-Би бараг долоо найман жил барилгын материалын худалдаа хийж байна. Манай хамгийн гүйлгээтэй, орлоготой бараа шилэн хөвөн шүү дээ. Одоо байшингүй айл ховор болж. Зах зээлээ дагаад борлуулалт сайтай байх нь аргагүй л дээ.
-Өдөрт хэр их зарагдах вэ?
-Өдөртөө 10-20 боодлыг зарчих нь энүүхэнд. Барилгын компаниуд бол бүр их хэмжээгээр нь авдаг. Би бөөрөнхий, дөрвөлжин гэсэн хоёр төрлийн шилэн хөвөн зарж байна. Бөөрөнхий шилэн хөвөнг боодлоор нь 22 мянган төгрөгөөр, дөрвөлжинг боодлоор нь 17 мянган төгрөгөөр зарж байна.
-Шилэн хөвөн хүний биед ямар хортойг та мэдэх үү?
-Мэдэлгүй яах вэ. Хамгаалалтын бээлий, амны хаалт зүүж харьцахгүй л бол хэцүү. Хүзүү, гар гээд ил хэсгүүдээр тууралт гарч харшил өгнө. Тэр дор нь хүйтэн усаар угаачихвал гайгүй. Энэ аргыг мэддэгүй хүмүүс харшлаасаа болоод халуурах, хамуурах, хоолой загатнах ханиалгах тохиолдол ч байдаг. Шилэн хөвөн зардаг наймаачдын олонх нь маажууртай болсон. Гэхдээ тухайн хүнийхээ биеийн эсэргүүцлээс шалтгаална”
Хямд үнэтэй, хортой энэ бүтээгдэхүүнээс татгалзах боломж уг нь байдаг гэж барилгын материалын худалдагч Ч.Энхбат ярьсан юм.
“Хүмүүс хямд болохоор ихэвчлэн шилэн хөвөнг л сонгодог. Монголчуудын дундаж орлого хэд билээ. Уг нь хүний биед ямар ч хор хөнөөл учруулдаггүй дотооддоо үйлдвэрлэдэг чулуун хөвөн байдаг. Гэтэл чулуун хөвөн боодол нь 30-40 мянган төгрөг. Үнийн хувьд асар ялгаатай. Мөн шилэн хөвөнгийн оронд хөөсөнцөрийг барилгын дулаалгад ашиглах боломжтой. Бас л үнийн хувьд харьцангуй ялгаатай. Тухайлбал, хөөсөнцөр метр нь 6000 төгрөгийн үнэтэй. Гэтэл шилэн хөвөн метр нь 1000 төгрөг шүү дээ” гэж тэрээр хэллээ.
“Өнгөрсөн жил манайх байшиндаа шилэн хөвөнгөөр дулаалга хийсэн. Гэтэл завсраар нь хулгана ороод муутгачихсан. Чанарын хувьд маш муу, дээрээс нь хүний эрүүл мэндэд муу гэнэ. Манайх өнгөрсөн жил дулаалга хийхдээ өөрсдөө хийх гэж оролдсон юм. Гэтэл гар, хүзүүгээр улаан юм туураад, хоолой загатнуулаад ханиаж эхэлсэн. Тэгээд барилгын ажилчин дуудаж хийлгэсэн. Уг нь барилгын чанартай дулаалга хийдэг материал байдаг л гэсэн. Үнэтэй болохоор тэр бүр авч чадахгүй юм” хэмээн иргэн Ц.Оюунбилэг ярилаа.