Б.УРАН, С.ЦЭРЭНДЭЖИД

 

Барилгынхны балгаар долоохон хоногийн дотор арав гаруй хүний амь нас эрсдэж байсан нь саяхан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хөсөр хаягдсан барилгын салбарынханд дорвитой арга хэмжээ авч, эмх цэгцэнд нь оруулахгүй бол болохгүй болсныг хяналтын байгууллагууд ухаарч эхэлсэн. Тиймээс юуны түрүүнд зөвшөөрөлгүй баригдаж байгаагаас нь эхлэн цэгцлэх шийдвэрийг хотын мээр гаргасан.  Тэр дагуу зөвшөөрөлгүйг нь зогсоож, зөрчилтэйг нь донгодсоор багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч одоог хүртэл эрдэнэт хүний амь насыг дээсэн дөрөөн дээр орхисон барилгын ажлууд үргэлжилсээр байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан онцолсон юм. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэсэн үндэслэлээр үйл ажиллагаагаа зогсоох актыг өгсөөр байтал дур мэдэн аюултай ажлаа үргэлжлүүлсээр байгаа барилгын компаниудын хашаанд хамтдаа очихыг биднээс хүссэн билээ. Бид хяналтын байгууллагын тавьсан актыг авсан хэрнээ барилгаа өн­дөр­лөсөөр байгаа “Визорд констракшн” компанийн барьж буй 15 давхар 180 айлын орон сууцны барилгын ажилтай танилцсан юм. Уг барилга нь “ББҮН” компанийн захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа бөгөөд барилгын ажил дуусах шатандаа орсон байлаа. Тус барилгын ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр зогсоох тухай актыг Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн ч барилгаа барьсаар байжээ. Тиймээс энэ сарын 10-ны өдөр дахин шаардах бичиг хүргүүлсэн байна. Харамсалтай нь эрх бүхий хяналтын байгууллагын шийдвэр энэ компанид үйлчилсэнгүй. Биднийг очиход баригдаад бараг дуусч байгаа хос 15 дав­хар барилгын ажил ид өрнөж байлаа. Барилга барьж байгаа хүмүүсээс хамгаалалтын хувцас, бээлий, малгай өмссөн нь хуруу дарам цөөхөн ха­рагдана.  Олонх нь урагдаж салбарсан, будаг, шохой болсон энгийн хув­цастай, шороонд дарагдсан царайтай байв. Орчин нөхцөлтэйгээ дасан зохицчихсон, эрүүл мэндээ гаргуунд нь хаячихсан барилгын ажилчид.  Бид яагаад эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй нөхцөлд барилга барьж  байгаа талаар инженер гэх залуугаас тодрууллаа. Тэрээр “Бидэнд үйл ажиллагаагаа зогсоо гэсэн ямар ч албан бичиг ирээгүй. Бид мэдэхгүй байна. Худлаа мэдээлэл байна. Тэгээд ч та нарт тайлагнах шаардлага байхгүй. Бусад барилгын газрууд ч гэсэн манайх шиг ийм л байдаг” хэмээн уурлаж бидэнд өөр зүйл ярихаас татгалзсан юм. Гэтэл түүний цаахна талд нэг залуу дээшээ хараад хэвтчихсэн гэдсэн дээрээ дөрвөлжин төмөр хайрцагтай зүйл тавьчихсан ажиллуулж байгаа харагдав. Учрыг нь олох гэж 10 минут орчим хүлээж, ажиглаж зогслоо. Гэтэл тэрхүү удирдаж байсан зүйл нь цахилгаан подъемник болохыг мэдсэн юм. Тэр нь өргөгч цамхагийг алсаас удирддаг удирдлага гэнэ. Угтаа бол цахилгаан подъемникийг гар дээрээс удирдах нь бүү хэл аюулгүйн тусгай самбарт зүүх ёстой бөгөөд мэргэжлийн сургалт дамжааны үнэмлэхтэй хүн тусгай гар удирдлагаар алсын зайнаас ажиллуулах ёстой ажээ. Түүгээр ч зог­­­сохгүй 380 ваттын хү­­чин чадалтай бөгөөд цахилгааны саатал гарвал гэдсэн дээрээ тавьсан тэр залуу газар дээрээ үхэх аюултайг барилгын мэргэжилтнээс  сонссон юм.

Ийнхүү уг барилга дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчин нөхцлийг хангачихаж гээд хэлчих нэг ч зүйл байсангүй.  Тэр ч бүү хэл осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зориулалтын хашаа, тор ч байсангүй. Хуулиндаа бол барилга баригдаж байгаа газраас 30 метрийн зайд хүн явахыг хориглосон тор татсан байх ёстой. Энэ мэтчилэн барилгын  үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаад байхад хайхардаггүй, дэндүү эрх мэдэлтэй нэгэн хурууны үзүүрээ хөдөлгөх төдийд хэлбэлзэх, дээсэн дөрөөн дээр байгаа хүний амь нас дэндүү хайран бас харамсалтай гашуун үнэн гэхэд хилсдэхгүй биз. Дээшээ тэнгэр хол ч кран ойрхон, доошоо газар хатуу ч траншейн ойрхон гэгч хошин боловч үнэний ортой яриа олны дунд тархах болсон нь иргэдийн амьдрах орчин, эрүүл аюулгүй байдал, амьд явах эрх хэрхэн зөрчигдөж буйг гэрчлэх байх. “Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хамтарсан хяналт шалгалтаар энэ барилгын гадна талаар хамгаалалтын шат тавцан тор татаагүй, осол гэмтлээс урьд­чи­лан сэргийлэх, хаалт хамгаалалтаар ха­шаа­гүй, дохио, санамж ан­хааруулга, аюулгүйн тэм­дэг тавиагүй, барилгын талбайд ил задгай хог хаягдлыг ихээр хуримт­луулсан, энгийн жор­лонг байршуулсан гээд маш олон зөрчил илэрсэн. Тиймээс энэ барилгыг  бариулж байгаа “ББҮН” компани болон, барьж байгаа “Визорд констракшн” компанид хоёр дахь удаагаа үйл ажиллагаагаа зогсоох ал­бан бичгийг хүргүүлсэн. Гэ­тэл өнөөдрийг хүр­тэл барилгын ажлаа явуулсаар байна. Намайг очоод шаард­лага тавихаар ба­рилга дээр хэдэн ажилч­даас өөр хариуцсан хүн байдаггүй. Захиалагч болон гүйцэтгэгч ком­паниуд нь үнэхээр ха­риуц­лагагүй хандаж бай­на. Тиймээс шат шатных нь арга хэмжээг авна” хэмээн Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Хорлоо ярьсан юм.