
Б.ЭНХЗАЯА
З.Нэргүй: УРГАЦАА 15 ХОНОГИЙН ДОТОР АВЧ ДУУСНА
“Орхон жимс, ногоо” хэмээн овоглогдсон Дархан-Уул аймгийн Орхон суманд ургац хураалт эхлээд долоо хонож байна. Энэ жил 1240 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. Талбайн хэмжээ өнгөрсөн жилээс нэмэгдсэн ч төмсний тариалалт буурсан гэнэ. Учир нь өнгөрсөн жилийн ургацын борлуулалт муу байснаас ийн бага тариалахад хүргэжээ. Орхон сум болон аймгийн хэмжээнд ургац хураалт ямар байгаа талаар Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга З.Нэргүйгээс тодрууллаа. Тэрээр “Энэ зун байгаль цаг уур хөдөө аж ахуйн тарималуудад таагүй улирал байлаа. Сэрүүхэн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их байсан. Үүнээс болж ямар ч таримлын дулаан хангамж сайн бүрдэж өгөөгүй. Гэхдээ мэдээж таримал тухайн хугацаандаа боловсорч гүйцэх ёстой. Өмнөх жилүүдийн хэмжээнд хүрэхгүй ч олон жилийн дунджийн хэмжээндээ ургацаа авна. Хүнсний ногооны хураалт 27, төмсний хураалт 30 гаруй хувьтай явж байна. Ургац хураалтад өнгөрсөн баасан гаригаас эхлэн Дархан-Уул аймгийн МСҮТ-өөс оюутан, сурагчдыг авч нийт 600 орчим хүн ургац хурааж байна. Энэ хүчээр 15 хоногийн хугацаанд ургацаа авчихна” гэв. Түүнчлэн эрт ургацаа авсан ногоочид нийслэлд борлуулалт хийж байгааг газрын дарга хэллээ.
Энэ жилээс эхлэн ногоочдод ургацаа нийслэлд худалдаалах цэгүүд гаргаж өгсөн нь тэдний хувьд хамгийн өгөөжтэй алхам болсныг салбарын сайдад дуулгаж байсан юм. Цаашид худалдаалах цэгүүдийг аймгийн хөрөнгөөр байгуулж, нийслэлд тогтмол ажиллуулах ажлыг санаачлан хийхээр зэхэж буйг ч хэллээ. Түүнчлэн энэ үеэр ҮХААЯ-наас тариаланчдад зориулсан техник, технологийг танилцуулсан. Өнгөрсөн жилээс БНХАУ-ын бага оврын тракторуудыг оруулж ирэн, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалсан бол энэ жилээс тэдний ажиллагааг хөнгөвчлөх нарийн мэргэжлийн техникүүдийг санал болголоо. Төмс, хүнсний ногоо тариалах газар хагалах, үр цацах, суулгах, хураах зэрэг олон төрлийн техник байна. Техникүүдийн дундаж үнэ 2-7 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж, тариаланчдад 20 хувийн урьдчилгаатай дөрвөн жилийн хугацаанд төлүүлэх нөхцлийг гаргажээ.
ҮР ТАРИА ХУРААХ БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДЖЭЭ
Тариаланчдын хувьд энэ жил улаанбуудайн үнэд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь уулзалтын эхэнд ажиглагдав. Улсын улаанбуудайн хэрэгцээний 50 хувийг хангадаг Сэлэнгэчүүд энэ жил 138 мянган га-д үр тариа тариалжээ. Одоогийн байдлаар ургац хураалт таван хувьтай явж буйг цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байна. Тиймээс ургац хураалт цаашид хэрхэн үргэлжлэх, улаанбуудайн үнийг яагаад өсгөх болсон талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай ярилцлаа.
-Ургац хураалт хангалтгүй байгаа нь цаг агаар муудсантай холбоотой. Энэ байдлаар ургацаа бүрэн авч амжих уу?
-24 хоногийн дотор ургац хураах боломж бэлэн байна. Ургац хураалтад оюутан, цэргүүдийг дайчилсан. Гэтэл энэ сар гарснаас хойш дөрөв дэх удаагаа бороо орлоо. Ийм байхад ургацаа тасралтгүй хураах боломж хомс юм. Энэ сарын сүүлийн 10 хоног цаг агаар таатай байх мэдээг авсан. Энэ хугацаанд эрчимжүүлж дуусгана даа.
-Тариаланчид үр тарианы борлуулалтын үнэд ихээхэн ач холбогдол өгч байна. Хэчнээн төгрөгөөр худалдаалах боломжтой байна вэ?
-Өмнөх жилүүдэд улаанбуудайн үнийг Засгийн газраас тогтоочихдог байсан. Гэтэл энэ жил яалт байхгүй анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүрлээ. Зардлын ихэнх хувийг сэлбэг, шатахуун эзэлдэг. Тариаланчдын өөрийн өртөг 310, 320-оос буухгүй байна. Тиймээс нэг тонныг 450 орчим мянган төгрөгөөр борлуулна гэсэн үндэслэл байна.
-Засгийн газраас тариаланчдад урамшуулал олгодог шүү дээ. Ингээд ч бололцоогүй байна гэж үү. Үр тариа нэмэгдэл гурилын үнэ ч нэмэгдэхэд хүрнэ?
-Нэгэнт үр тариаг нэмэгдэлтэй үнээр зарахаас өөр аргагүйд хүрсэн болохоор гурилын үнэд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ үүнд Засгийн газар болон салбарын яамнаас хяналт тавих ёстой. Үнийн асуудлыг гурилын үйлдвэрүүд, үр тарианы компаниуд хоорондоо зах зээлийн утгаар ярилцаж байгаад нэмнэ. Хэрэв бид зах зээлийн боломжит байдлаар нэмэхгүй бол энэ салбар унах гээд байна.
-Ургацын болц удааширсан нь чанарт нөлөөлөх үү?
-Гурилын чанар энэ жил сайн байна. Харин одоо буудай жаахан чийгтэй байгаа. Гурилын үйлдвэрт 15 хувиас илүү чийгтэй будаа авахгүй гэдэг, бидний хувьд энэ тоог 17, 18-д хүргэх хэрэгтэй байна” гэв.
Тариаланчдын санал бодлыг сонссон албаныхан тэдэнд зориулж хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж байгааг хэлсэн юм. Хуульд газар тариалангийн хамгийн чухал асуудал болох хөрсний үржил шим, үр сорт, ургамал хамгааллыг шигтгэж өгөхөөс гадна малчид, тариаланчдын хоорондох зөрчлийг арилгах Тариалангийн бүс нутгийн тухай хууль боловсруулж буйг онцоллоо. Түүнчлэн Тариалангийн даатгалын тухай хуулийн тухай ч сонирхуулав. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барих аж. ҮХАА-н сайд Х.Баттулга тариаланчдын саналыг сонссон энэ удаагийн томилолтыг ажил хэрэг болгож, өнөөдөр гурилын үйлдвэрүүдтэй уулзана. Энэхүү уулзалтаар улаанбуудай нийлүүлэгч, үйлдвэрлэгч хооронд үнийн хэмжээг тогтоох чухал ач холбогдолтой юм.
Засгийн газрын өнгөрсөн долдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар нийслэл дэх арьс ширний үйлдвэрийг Дархан-Уул аймагт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Томилолтын төгсгөлд салбарын сайд үйлдвэр байгуулах газартай танилцав. Аймгийн удирдлагууд үйлдвэрт зориулж 15 га газрыг сонгожээ. Аймгийн өмнөд хэсэгт орших уг талбай нь төмөр зам болон уултай ойрхон байрласан нь шаардлага хангаж буйг онцолж байна. Энэ талаар аймгийн Засаг дарга С.Насанбат “Арьс ширний үйлдвэрийг манай аймагт байгуулах Засгийн газрын шийдвэрийн дагуу бид газраа бэлдлээ. Хэрэв шийдээд хэрэгжвэл орон нутгийн зүгээс энэ газраа баталгаажуулж өгөхөд бэлэн байна. Мэдээж энэ үйлвдэр барьснаар аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдэх давуу талтай” гэв. Манай улс жилд 10 сая гаруй бод, богийн арьсыг экспортолдог аж. Арьс ширний үйлдвэр ашиглалтад орсноор дээрх экспортын 60-80 орчим хувийг дотооддоо боловсруулах боломжтой болно.