
Д.ОЮУН
Барилга барихад учир бий. Яаж ч бодсон автомашины гаражийн дээр дур мэдэн барилга барьж болохгүй гэдгийг аминдаа хайртай хэн ч гэсэн мэдэх учиртай. Бусдын амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг бодсон ч ийм шийдвэр гаргах хүн байхгүй л санагдана. Харамсалтай нь нүдэнд нь зоос эргэлдэж гаражийн дээр барилга босгодог бөх зүрхтэн Монголд байдаг л юм байна. Ийм зүй бус ажил хийж байгаа “Нью хакуба” компанийн хууль бус барилгын ажлын талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл хотын дарга саяхан захирамж гарган Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаражийн дээр шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг “Нью хакуба” компанийн зардлаар бүрэн буулгуулах шийдвэрийг гаргалаа. Тэрээр мөн “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах” захирамж гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгстэй зөрчилтэй барилгын компаниуд хэрхэн дулаан, цахилгаанд холбогдох талаар ярилцлаа.
-Эрх бүхий газраас зохих зөвшөөрөл аваагүй хэрнээ дур мэдэн барилга барьж байгаа компаниудын ажлыг НМХГ-аас шалгаж тогтоосон. Барилгын компаниудаас голдуу ямар зөрчил илрэв?
-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ”, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл аваагүй барилгын 48 компани байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулаагүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зургаа батлуулдаггүй юм байна. Барилгын зураг төсөл зэргийн магадлалгүй 26 компани илэрсэн.Эдгээр барилгын компанийн нэрийг шалгалтын хэсгийнхэн гаргасан ч одоохондоо нийтэд зарлаагүй хүлээзнэж байна. Дээрх барилгууд зөрчлөө арилгаж, техникийн нөхцлөө журмын дагуу авах ажлыг ирэх сарын 1-ний дотор хийх боломжийг олгож байгаа.
-Мөнгөтэй хүмүүс барилга барьсныхаа дараа зөвшөөрлөө авдаг. Эсвэл хэзээ ч зөвшөөрлөө авдаггүй том толгойтнууд олширсон. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Зөрчлөө арилгахгүй бол цаашдаа тэднийг цахилгаан, дулаан, усаар хангахгүй байх үүргийг дээрх байгууллагын дарга нарт өгсөн. Харанхуй, хүйтэн, ус, цахилгаангүй байранд хэн ажиллаж, амьдрах вэ дээ. Заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй компанийн нэр, барилгын байршлыг олон нийтэд зарлана. Банк санхүүгийн байгууллага, олон нийтэд сануулж, зээл олгохгүй, худалдан авахгүй байхыг анхааруулна даа. Иргэд мэдээлэлгүйгээс болоод орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авч хохирохоос сэргийлэх учиртай. Шаардлага биелүүлж байгаа нь хүссэн үйлчилгээгээ хугацаанд нь авахад асуудалгүй.

-Төрийн байгууллагын хурган дарга нар ханцуй дотроо тохиролцоод мөнгөтэй эрхмүүдийн барилгыг цахилгаан, дулаанд холбох тохиолдол гарч байсан. Ийм тохиолдол гарахгүй гэх баталгаа байна уу?
-Захирамжийг зөрчин зөрчилтэй барилгуудыг дулаан, цахилгаан, усаар хангасан тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно. Хотын мээр үүрэг өгсөөр байтал дур мэдэн зөрчилтэй барилгыг цахилгаанаар хангасан тохиолдол гарч байсан. Иргэн Л.Чинбатын барилгын ажлыг зогсоох шүүхийн шийдвэр гарчихаад байхад албан тушаалтнууд дур мэдэн цахилгаанаар хангасан байсан. Тухайн албан тушаалтанд хариуцлага тооцсон. Энэ жагсаалтад орсон барилгад дур мэдэн үйлчилгээ үзүүлсэн ямар ч албан тушаалтанд хариуцлага тооцно.
-Албаныхан хорино, нурууна булгана гэхээс илүү өөрөөр ажиллах ёстой гэж иргэд шүүмжилдэг. Төрийн зүгээс үйлчилгээг нээлттэй, хөнгөн болгож чадсан уу?
-Нийслэлийн төр, захиргааны байгууллагаас дан ганц барилгын компаниудын ажлыг шалгаж, шахалт үзүүлэхээс илүүтэй тэдний хөөцөлддөг гарын үсэг, элдэв зөвшөөрлийн тоог цөөрүүлсэн. Өмнө нь нийслэлээс барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл авахад 240 хоног явдаг гэсэн тооцоо гарсан. Одоо энэ зөвшөөрлийг хөөцөлдөхөд нэг сарын дотор бүтдэг болсон. Олон шат дамжлагийг бууруулаад байхад зөрчилтэй компаниуд хариуцлагаа ухамсарлах байх. Барилгын компаниуд элдэв асуудлаа шийдүүлж төрийн үйлчилгээг шуурхай авдаг болсон учраас цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй.
Улаанбаатар хотод баригдаж байгаа 16 хүртэлх давхар барилгын ажилд Нийслэлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгодог болсон. 16-гаас дээш давхар барилгын ажлын зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог болсон.
-Стандартын шаардлага хангаагүй зарим барилгыг нураах талаар хотын даргын шийдвэр гарсан байна лээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Энэ захирамжаар зөрчилтэй зарим барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, норм хангаагүйг нь нураахаар болсон. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, барилгажих талбайн хэмжээг томруулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” компанийн барьж буй үйлчилгээтэй орон сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтыг түр хугацаанд зогсоохыг мэргэжлийн байгууллагынханд даалгасан. Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаражуудын дээр шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг гаражуудынх нь хамт “Нью хакуба” компанийн өөрийнх нь зардлаар бүрэн буулгах шийдвэр гаргасан. Тиймээс цаашид иргэд, аж ахуйн нэгжүүд хууль зөрчин шаардлага хангаагүй нөхцөлд барилга барихгүй байхыг анхааруулж байна.