Б.ТУУЛ

Баруун бүсийн гурван аймагт бага сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах төсөлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Япон-Монголын төвд болсон юм. Уг арга хэмжээнд Сангийн сайд Б.Болор, АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Роберт Шоелхаммер, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар оролцсон юм.

Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах төслийн хүрээнд Ядуурлыг бууруулах Японы сангаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байгаа аж. Уг төсөл Говь-Алтай, Завхан, Увс аймагт хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд  сургуулийн дотуур байрны тогтолцоо шинэчлэгдэж, хүүхэд бүр  чанартай  боловсролыг тэгш, хүртээмжтэй авах боломж бүрдэнэ гэдгийг салбарын яамныхан онцолж байна.  Энэ талаар холбогдох албаны зарим хүнээс дараах мэдээллийг тодруулсан юм.

Хамгийн олон хүүхэд амьдардаг дотуур байрыг сонгосон

БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр:

-Дотуур байр гэдэг бол хүүхдийн хичээл хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөгжих бүхий л боломжийг хангадаг газар байх ёстой. Тиймээс бид харилцааны орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Тухайлбал, дотуур байрны багш нарыг хөгжүүлэх, чадавхижуулах, малчин эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ боловсролд хэрхэн анхаарахад нь чиглүүлэх, цаашлаад сумын сургуулийг хөгжүүлэх зэрэг олон асуудалд анхаарч ажиллана. Энэ удаа бид хамгийн олон хүүхэд амьдардаг 20 дотуур байрыг сонгосон. Ялангуяа, зургаан настнууд сургуульд орох болсонтой холбогдуулан малчин эцэг, эхчүүд нэг нь хүүхдээ харах маягаар хоёр тасарч амьдардаг болсон. Энэ бүх асуудалтай уялдуулан дотуур байрны орчин нөхцөл, суралцах орчныг сайжруулах, сурч хөгжих боломжийг хангах үүднээс бид эдгээр дотуур байрнуудыг сонгосон байгаа. Говь-Алтай, Завхан, Увс аймагт хамгийн олон малчдын хүүхэд амьдардаг дотуур байруудыг сонгосон.

Боловсролын салбарт 700 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү:

-Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах сангаар дамжуулан хэрэгжих гурван төслийн гэрээнд Япон улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Та бүхний мэдэж байгаачлан Япон улсын Засгийн газар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон салбарт өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан  олон тооны тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Түүний нэг нь Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах сангийн төсөл хөтөлбөр юм. Өнөөдөр гарын үсэг зурж буй эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэж, боловсрол, байгаль орчин, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Япон улсын Засгийн газар нь долоон жилийн турш эдгээр салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буй юм. Ялангуяа Япон улсын Засгийн газар нь  улс орны хөгжлийн тулгуур нь боловсолын салбарыг хөгжүүлэх  гэж үздэг. Тэр утгаараа Монгол Улсын боловсролын салбарт 700 гаруй төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, дотуур байрыг засч тохижуулахад зарцуулаад  байна.

Эх сурвалж: www.polit.mn