- Албан тушаалтнуудад хариуцлага тооцно -

Д.СҮРЭН
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж Улаанбаатар хотод баригдаж буй зарим барилгын ажил, түүнтэй холбогдуулан иргэдээс гаргасан санал, гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ.
Хуралдаанд барилгын асуудлаар гомдол гаргасан оршин суугчид, барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөллийг оролцуулсан байна. Шалгалтын ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ахалсан байна. Тэрээр Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг баригдаж байгаа иргэн Л.Чинбатын барилгын тухай танилцууллаа.
Иргэн Л.Чинбат нь 2002 оны арванхоёрдугаар сарын 6-нд нийтийн дуудлага худалдаанд оролцож Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 165 дугаар тогтоолоор “Таско” компанийн түрээсээр эзэмшиж байсан 222.3 ам метр талбай бүхий газрыг 53 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Нийслэлийн Засаг даргын 2006 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжаар иргэн Л.Чинбатад Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутагт 794 ам метр газрыг таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Ус дулаан дамжуулах төвийн барилгын газар нь хувьчлагдаагүй бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер удирдан хийсэн нэгдсэн уулзалтаар иргэн Л.Чинбат, тухай хорооны иргэдийн төлөөлөл болон холбогдох албаныхан байлцан 2001 оны хоёрдугаар сарын 28-нд байгуулсан гурван талт гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 0.043 га газарт үйлчилгээтэй, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгожээ. Харин энэ захирамжийг тухайн хорооны оршин суугчид хууль бус гэж эсэргүүцэн удаа дараа Нийслэлийн шүүхэд ханджээ. Хотын төвд, орон сууцны дунд барилгын норм, стандартыг зөрчин барьж эхэлсэн энэ барилгын захирамжийг хэрэгжүүлэхгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан байна. Л.Чинбат нь барилгын зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулалгүй газар шорооны ажлыг эхлүүлсэн тул НМХГ-аас зөрчлийг арилгах акт гаргаж байжээ. Хоёр дахь удаагийн шалгалтаар 13 дугаар давхрын карказыг цутгасан тул барилга угсралтын ажлыг зогсоох тухай акт мөн гаргаж байжээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргаж, НМХГ-аас удаа дараа акт гаргасан байна. Л.Чинбатад үүнийг үл ойшоон барилга барих түр зөвшөөрлийг 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд НМХГ-ын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнээс авч байсан нь сонин дуулдаж байв. Ингэснээр уг барилга сүндэрлэж дулаан, цахилгаанаа хүртэл авчээ. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх гэсэн иргэд нийслэлийн Засаг даргад гомдол гаргажээ. Зөвлөлийн гишүүд “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр эцэслэн гарах хүртэл барилгын ажлыг хориглож байхад тэр дур мэдэн барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Ажлаа яаралтай таслан зогсоох. Зөвшөөрөл олгосон улсын байцаагч, ус, дулаанаар хангасан албан хаагчдад захиргааны хариуцлага тооцох хэрэгтэй ” гэж үзлээ.
Нийслэлийн Засаг дарга “Чаддаг нь чаддаггүйгээ дээрэлхэж, илт хууль зөрчиж байхад барилга барих зөвшөөрөл олгож, дулаан цахилгаанаар хангасан нь хэтэрсэн хэрэг. Барилгын ямар ч норм, стандартыг хангаагүй. Хэдэн орон сууцны дунд хэсэгхэн газарт 13 давхар барилга барьчихсан нь энэ хотод хууль дүрэм гэж байхгүй байсныг харуулж байна. Шүүхийн шийдвэр эцэслэж гарах хүртэл барилгын ажлыг зогсоож, холбогдох хүмүүст хариуцлага тооц” хэмээн шийдвэрлэлээ.