О.ЧУЛУУТ

Хэсэг залуус нэгдэнБидклубыг байгуулжээ. Тус клубын гишүүн технологийн инженер Б.Баттөмөртэй ярилцлаа. Тэрээр ХБНГУ-ын Ханбург хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийг технологийн инженер мэргэжлээр 2010 онд төгссөн байна. Төгсөөд Германд мэргэжлээрээ ажиллаж байгаад эх орондоо ирж, сурсан мэдсэн зүйлийнхээ үр шимийг үзэхээр хэсэг боловсролтой залуус ийн нэгдээд байгаа аж. Тэд Улаанбаатар хотын утааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан хэрэгжүүлэх аргыг боловсруулжээ

 

-Технологийн инженер гэхээр Монголд ямархуу ажил хийнэ гэсэн үг вэ. Манайд тийм ажлын байр байна уу?

-Түүхий эдээс хэрхэн эцсийн бүтээгдэхүүн гаргахыг технологийн инженер хүн л шийддэг дээ. Мэргэжил, бо­ловс­ролтой залуусаа дэмжээд хэрэгцээтэй, чухал салбарт ажиллуулахын оронд жаахан гадуурхсан маягтай байдаг шиг надад санагдсан. Мэргэжлийн хүмүүс ажиллаагүй болохоор эрх баригчид хэт улстөржиж, популист маягийн амлалт өгч иргэдийн амьдралыг уруудуулаад байх шиг. Би ч гэсэн Монголын нэг иргэн, нэг гэр бүлийн гишүүний хувьд төр, засаг хэрхэн ажиллаж байна, залууст ажиллаж, амьдрах ямархуу боломж байгааг өөрийн хэмжээндээ судлаж, тунгаалаа.   

-Манай улс эртнээс мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн хэдий ч өнөөдрийг хүртэл малын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж чадаагүй. Хамгийн сүүлд гэхэд адууны арьс, ширийг хилээр гаргаад эхэлчихсэн байна. Яг үүнтэй адил Монголд ямар салбарт технологийг нь сайжруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргах  боломж харагдаж байна вэ?

-Монгол орон малаар баян. Малын түүхий эдийг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргавал малчдын, Монголын ард түмний амьдрал шал өөр болно. Бид малынхаа түүхий эдээ гаднынханд үнэгүй шахам өгөөд буцаагаад хувцас, хэрэглэл болгон хэд дахин өндөр үнээр худалдаж авдаг.

Оюутолгой гэхэд 26 хувийн зэсийн баяжмал гаргаж байхаар дахин боловсруулаад 99 хувь болговол Монголд хэрэгтэй байна. Манай улс өрсөлдөх чадвараараа бусад хөгжсөн улстай эн зэрэгцэж чадаагүй явуургүй улс төр, ядмагхан эдийн засгийн тогтолцоотой болсноор асуудал нь дэндүү их болжээ. Жишээлбэл, өглөө сэрэхэд л хүн бүрт гашуун утаа, нүүрсний угаар шууд л нөлөөлж байна.

-Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Ургийн гажиг, нярай эхийн хэвлийдээ эндэж байна. Янз бүрийн хавдраас болж эмчилгээний зардал гуйсан хүмүүс олширлоо. 2012 оны НИТХ-д сонгуульд 5-А хөтөлбөр гаргаж, агаар нь цэвэр, аюулгүй орчинд амьдруулна хэмээн амлаж байсан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн амлалт худлаа боллоо. Танд монгол хүн бүрийн эрүүл мэндэд заналхийлж байгаа утааны асуудлыг шийдэх гарц харагдаж байна уу?

-Манай найзууд энэ асуудлыг ярьдаг юм. Би инженер хүний хувьд утааг хэрхэн багасгах, сарниулах шийдлийг өнгөрсөн жилүүдэд бодож ирлээ. Иргэнийхээ хувиар би эрүүл мэнддээ санаа зовоод энэ асуудлыг нааштайгаар шийдэх аргыг эрэлхийлсэн. Бид XXI зуунд амьдарч байж ямар ч ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж суръя, дадъя. Тэр дундаа байгалийн шинжлэх ухаан энэ асуудлыг шийдэж чадна. Урсгалын механикийг ашиглан утааны асуудлыг шийдэх гарц бий. Том хавтанг салхины эсрэг бариад гүйвэл үнэхээр бэрх. Харин хөндлөнгөөр нь бариад гүйвэл асуудалгүй урагшилна. Энэ нь салхины сөрөх хүчийг харуулж байгаа юм. Салхины урсгал ямар нэг байгууламж, уул, толгодыг нэвтэлж бус тойрч гардаг. Агаар сэлгэлтийн байдал орон сууцны хорооллыг ямархуу урсгалаар дайрч өнгөрдгийг тооцоолчихвол агаарын бохирдлыг бууруулах, бүр шийдэх боломжтой. Шингэний буюу урсгалын механик аргаар энэ асуудлыг шийдэж болно. Улаанбаатар хотын агаарын урсгалыг компьютер графикаар үзүүлснээр цаашдаа замаа хэрхэн тавих, орон сууцаа ямар хэмжээтэй, ямар байршлаар барих зэргээр хот төлөвлөлтийг хөтлөх юм. Утааны сөрөг нөлөө хэтэрсэн учраас бид дэлхийн бусад улсад хэрэглэдэг энэ аргыг сонгох цаг иржээ.

Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийхэд хар тугалганы агууламж зөвшөөрөгдсөн хэмжээнээс 5-7 дахин их гарсан гэсэн судалгааны дүнг би үзэж байсан. Улаанбаатар хотын аль дүүрэгт, аль цэгт агаарт хүнд металл их агуулагдаад байгааг урсгалын механик аргыг ашиглаж мэдэх боломжтой.  

-Үүл баатар 2012 оны сонгуулиар гэр хорооллыг дэд бүтцэд холбож, хаус хороолол болгосноор хотын утаа багасна хэмээн амлаж НИТХ-д олонх болсон. Өнөөдөр гэр хорооллынхон угаац, утаа, үнс хогтойгоо л байна шүү дээ?

-Тэр үед Үүл дарга их том ажил хийх нь гэж харж, өнөөдрийг хүртэл хүлээсэн. Хотын дарга маань шинжлэх ухааны үндэслэлгүй, хэт ултөржсөн, популист маягийн амлалт өгсөн нь Улаанбаатар хотын өнөөдрийн дүр төрхнөөс харагдаж байна. Дэлхийд хөгжлөөрөө цойлсон улс орнуудын өнөөдөр утаа, агаарын бохирдлыг шинжлэх ухааны үүднээс судлан ажил хэрэг болгоод амжилтад хүрсэн

Анх 1986 онд Чернобыль хотноо цөмийн цахилгаан станц сүйрсэнээс болоод энэ аргыг гаргаж амьдралд хэрэг­­жүүлж ирсэн түүхтэй. Гаднынхан химийн үйлдвэртэй хо­тууддаа хэрэв осол гар­вал оршин суугчдын аль хэсгийг түрүүлж нүүлгэн шилжүүлэх вэ гэдгийг тооцохын тулд энэ урсгалын механик аргыг бүтээж хөгжүүлсэн. Яваандаа үүнийг амьдралын бусад асуудлыг ший­дэ­хэд ашиглаж хөг­жүүл­сэнээр тухайн хотын агаарын урсгалыг тооцоолох эхлэл тавигдсан юм билээ. Манай улсад дайн болж байгаа мэт өдөр бүр хүн утаанд хордож, осолд өртөн нас барж байна. Тиймээс хотын даргын худал амлалтын эсрэг би энэ хөтөлбөрөө барьж байгаа юм.

-Хэрэв Улаанбаатар хотод агаарын урсгалыг хэмжих технологийг нэвтрүүллээ гэж бодоход эхлээд юу хэрэгтэй вэ?

-Улаанбаатар хотын мэдээлэл хэрэгтэй. Геодези зурагзүйн газраас хотын газарзүйн байрлал, онцлог бүхий зурган мэдээлэл байна. Хотын план, барилга, байгууламжийн мэдээлэл, хэлбэр хэмжээнээс эхлээд олон зүйл хэрэгтэй. Энэ бүхнийг комьютерт мэдээллийн нэгдсэн санд оруулаад салхины урсгалыг тавьдаг. Салхины дагуу утааг урсгаж тооцсоноор аль барилга байгууламж салхины урсгалыг саатуулаад хөшиг тогтоож байгааг мэдэх боломжтой. Үүнээс улбаалан барилгаа хэрхэн, ямархуу хэлбэр хэмжээтэй барихыг тооцоолж гаргадаг юм. Газар олголт, төлөвлөлттэй хүртэл энэ аргыг уядаг юм. Агаарын бохирдлыг европын орнууд шинжлэх ухааны үндэслэлтэй судалж зохих аргыг хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн. Германд л гэхэд замын хажууд орон сууц нь байрлалтай оршин суугчдад төр нь тэтгэмж өгөх жишээтэй. Замыг дагаад нарийн тоос, тоосонцортой, агаарын чанар тааруу байдаг учраас тэр. Иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулснаа хүлээн зөвшөөрч эмчилгээний тэтгэмж өгдөг. Тиймээс манай улс утаатай тэмцэнэ гэж ярьж байхаар эхлээд Улаанбаатар хотын агаарын сэлгэлт, онцлогийг судлаач гэж бид хэлээд байгаа юм. Энэ судалгааг эрт хийсэн бол Үүл дарга шигБогд уулаа нүхлэн хотын утааг соруулнагэх мэтээр баримжаагүй зүйл ярихгүй. Хойноос ирж тогт­­сон утааг бид заавал хотын төв рүү хөөлгүй хойшоогоо гаргахаар барилга байгууламжаа зо­хион байгуулж барих боломж энэ шингэний механикийн аргад бий. Гэр хорооллыг орон сууц­жуулах хөтөлбөрөө хүр­тэл салхины урсгалыг тоо­цох аргаас үүдэн шийднэ.

Монгол технологийн ин­же­нерүүдтэй би Германд таарч байгаагүй. Гэхдээ өнөөдөр хүн бүр агаарын бохирдолд санаа зовж байгаа учраас мэргэжил нэгт нөхдөө хамтран энэ ажил  дээр нэгдэж ажиллаач гэж уриалж байна.  Хотын дарга маань утааны эсрэг эхлүүлсэн дайндаа нэгэнт ялагдсан учраас мэргэжлийн хүмүүсийг, мэддэг чаддаг улстай нь ажиллуулах боломжийг иргэд бидэнд олгох байх. Японд саяхан дэвүүр дээр зурагаа нийтэлснийхээ төлөө эмэгтэй улстөрч огцорч байгааг бид гайхаад л өнгөрсөн. Энэ олон хүнийг хордуулж буй утааны асуудлыг шийдэнэ гэж амлаад чадаагүй бол хариуцлагаа үүрдэг байх ёстой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин