Б.УРАН

“Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгосон Бөхийн өргөөний уулзварыг өчигдөр албан ёсоор нээлээ. Ингэснээр 13 дугаар хорооллынхон төв рүү орох замтай боллоо. Өмнө нь энэ хавийн иргэд төв зам руу нийлэхийн тулд Халдвартын зам руу орж, зүүн дөрвөн замаар буцаж эргэн төв зам руу нийлдэг байсан. Эсвэл 13 дугаар хорооллын дундуур тавигдсан шинэ замаар зорчихоос өөр аргагүй байсан билээ. Бөхийн өргөөний уулзварыг дөрвөн замынх болгосноор төв зам руу шууд нэвтэрч багагүй цаг хугацаа хэмнэн, хөдөлгөөний ачааллыг тэр хэмжээгээр бууруулах боломжтой болжээ. Уулзварыг өнгөрсөн сарын 26-нд нээх байсан ч тус ажлыг гүйцэтгэсэн замын компани зарим алдаа дутагдлыг гаргасны улмаас хойшлоод байсан юм. Тодруулбал, уулзварын зорчих хэсгийн өндөржилтөд алдаа гарган, зарим тэмдэг тэмдэглэгээг чанаргүй гүйцэтгэж, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн байжээ. Тиймээс гүйцэтгэгч компанид хугацаат үүрэг өгч, ийнхүү уулзварыг бүрэн нээлээ.