Ц.БАЯР

Цаг агаарын байдал хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын "11-11" төвд эцэг, эхчүүдээс сурагчдын амралтын хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлт нилээдгүй ирж байгаа аж. Харин БСШУЯ-наас одоогоор сурагчдын амралтын хугацааг сунгах ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Учир нь энэ тухай Бага, дунд боловсролын тухай хуульд цаг агаар, уур амьсгалын таагүй нөхцөл байдлаас үүдэлтэй нийтийг хамарсан гамшиг, хорио цээр тогтоосон тохиолдолд аймаг болон нийслэлийн Засаг дарга нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэхээр заасан байдаг. Харин тэр саналыг нь үндэслэж БСШУ-ны сайд шийдвэр гаргах ёстой юм. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хүүхдүүдийн амрах хугацааг өөрчлөх боломжгүй юм байна. Ирэх долоо хоногоос сурагчдын амралт дуусч ЕБС-иуд хичээллэж эхлэх юм. Гэхдээ хөдөө орон нутгийн эцэг, эхчүүд аймгийнхаа Засаг даргад хандсаны дагуу тухайн аймгийн Засаг дарга болон Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу орон нутгийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн амралтыг долоо хоногоор хойшлуулаад байгаа. Үүний дагуу гуравдугаар улиралд орох долоо хоногийнхоо хичээлийг өмнө нь нөхсөн учраас орон нутгийн бага ангийн сурагчид нэг долоо хоног илүү амраад Цагаан сарын дараа хичээлдээ орох юм байна.

Эх сурвалж:www.zms.mn