Б.АГИЙМАА

ШУТИС-ийн салбар сургуулиудын Оюутны холбооны зөвлөл сургалтын төлбөрийн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

Тэд өнгөрсөн хугацаанд сургуулийнхаа удирдлагуудтай сургалтын төлбөрийн асуудлаар тайван байдлаар ярилцаж, зөвшилцөлд хүрэхээр албан тоот бичиг удаа дараа хүргүүлж уулзах цаг товлосон ч сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Одхүү болон бусад  холбогдох бүрэлдэхүүнтэй нэг ч удаа уулзаж чадаагүй байна. Харин тэдний албан бичгийн хариуд Т. Одхүү дарга “Та нар ингэж хэл ам хийгээд нэмэргүй. Төлбөр нэгэнт нэмэгдсэн учраас бидэнд одоо энэ бүхэн хамаагүй” гэсэн хариу өгчээ.

Энэ жил ШУТИС-ийн сургалтын төлбөр 13.9 хувиар нэмэгдсэн байна. Хамгийн өндөр кредит 47 мянган төгрөгт хүрчээ. Түүнчлэн дотуур байрных нь  төлбөр 70-150 хувиар нэмэгдэж 350-500 мянган төгрөгт хүрсэн гэж оюутнууд мэдээллээ. Сургуулийн удирдлагууд төлбөрөө ийнхүү нэмсэн шалтгаанаа  сургалтын орчин нөхцлийг сайжруулсан, хэд хэдэн шинэ тоног төхөөрөмж авсан, анги танхимдаа засвар хийсэн  гэдгээр тайлбарлажээ. Энэ тайлбарыг ШУТИС-ийн оюутнууд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Оюутнуудын сургалтын орчин нөхцлийг сайжруулах бус харин өөрсдийн суудаг өрөө тасалгаандаа засвар хийж, шинэ буйдан, ширээ сандал аваад зогсохгүй, нөгөө үнэтэй шинэ тоног төхөөрөмжөө үзүүлэн болгож тавиад оюутнуудыг эвдчихнэ гээд хуруугаа ч хүргэхийг зөвшөөрдөггүй гэнэ. “Зарим багш нар бидний эцэг эхийн зовж олсон мөнгөөр авсан шинэ багаж хэрэгслээ хувийн компанидаа ашигладаг” хэмээн оюутнууд ам булаалдан ярьж байлаа. Байдал иймд хүрсэн тул тус сургуулийн оюутны зөвлөлийн зүгээс сургуулийнхаа удирдах зөвлөлд шаардлага хүргүүлж  төлбөрийг  ямар шалтгаан, үндэслэлтэйгээр нэмэгдүүлсэн гэдэг асуултандаа бодит хариулт авахыг хүсч байна.

ШУТИС-ийн оюутны удирдах зөвлөлийн дарга Б.Мягмардорж хэлэхдээ “Сүүлийн гурван жилийн туршид сургалтын төлбөрийг нийтдээ 46 хувиар нэмэгдүүлсэн боловч сургалтын орчин болон чанарт ямар нэгэн ахиц өөрчлөлт гараагүй. Одоо бидний хүргүүлж байгаа шаардлагын дагуу эрх мэдэлтнүүд  оюутнуудтай уулзаж, бидний санал хүсэлтийг сонсож, хэлэлцэхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж суулт хийж, жагсах болно” гэлээ. Монголын оюутны холбооны  удирдлагуудаас энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг нь сонирхоход  “Хамгийн гол нь ШУТИС-ийн оюутны холбооныхон сургуулийнхаа удирдах зөвлөлд өөрсдийн хэд хэдэн төлөөллөө оруулж дуу хоолойгоо нэгтгэн тэдэнтэй санал бодлоо солилцож, хамтарч ажиллавал үр дүнд хүрч чадна” гэсэн хариултыг өгсөн юм.