
Д.Оюун
Багануур дүүргийн засаг захиргаанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ИТХ-ын дарга Б.Бямбадорж, Засаг дарга М.Гончигжав нар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр АН-ынхан 51 хувийн санал авсан юм. Хоёр тал удтал маргалдсаны эцэст энэ оны нэгдүгээр сарын 7-нд зөвшилцлийн гэрээ байгуулсан билээ. Гэвч тэд өнөөдрийг хүртэл сандал суудал, тамганы хэрүүлээ нэг тийш болголгүй маргалдсан хэвээр байна. Багануур дүүргийн засаг захиргаанд сүүлийн үед чухам ямар үйл явдал болоод байгаа талаар ИТХ-ын дарга Б.Бямбадорж, Засаг дарга М.Гончигжав нар аас зарим зүйлийг тодрууллаа.
-Хоёр намын төлөөлөл зөвшилцлийн гэрээ байгуулсаэн атал өнөөдөр хэрүүл, шуугиан намжсангүй. Ямар шалтгаан байна вэ?
-Б.Бямбажав,
Дүүргийн ИТХ-ын даргын суудлыг МАН-д өгч Р.Өнөржаргалыг томилсон. Харин Засаг даргын албыг АН-аас М.Гончигжав хашихаар болсон. ИТХ, Засаг захиргаа, аж ахуйн нэгж, хэлтэс албадын удирдах ажилтнуудыг хоёр нам 50:50 хувиар томилохоор тохиролцсон. ИТХ энэ оны нэгдүгээр сарын 10-нд хуралдаж, дүүргийн төсөв, нийгэм эдийн засаг зорилт, Засаг даргын мөрийн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг яаралтай батлахаар тохирсон. Гэвч МАН-ны бүлгээс НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очирыг хууль зөрчин дүүргийн ИТХ-д давхар ажиллуулахаар шаардаж, Иргэдийн хурлыг хуралдуулахгүй гацаах болсон.
-Танай захиргаа найман сарын турш ажлаа олигтой хийж чадаагүй гэж үзэж болох уу. Хоёр намын дарга хоёр тийш хараад суучихаар ажил явахгүй хэцүү байгаа биз дээ?
-АН-ын хувьд өнгөрсөн найман сарын хугацаанд хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, хурал хуралдуулах талаар МАН-ын бүлэг, Иргэдийн хурлын ажлын алба, МАН-д удаа дараа мэдэгдэж, албан бичгээр есөн удаа хандсан. Гэвч МАН-ын бүлгээс нэг хүний эрх ашгийн төлөө хууль зөрчин олон нийтийн эрх ашиг, төрийн ажлыг найман сар гацаалаа.
Засаг дарга М.Гончигжав,
-Танай дүүрэгт хийх хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын ажил тэднээс болоод гацсан уу. Мөнгөөр хэмжвэл хэдий хэрийн төгрөг болох бол?
-Тэдний энэ үйлдэл дүүрэгт хийх 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг удаашруулсан. Дүүргийн төсөв эхний найман сараар "Түр горим"-оор санхүүжиж ирсэн. Иргэдийн газар өмчлөх, эзэмших өргөдлийг шийдвэрлэж чадахгүй байна гэх мэт хууль зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, дүүргийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хойш нь татсан. Өнгөрсөн долдугаар сарын 23-нд бид дүүргийн нийтлэг эрх ашгийн төлөө цаашид зөвшилцлийн гэрээнээс татгалзаж, АН-ын бүлгээс ИТХ-ыг хуралдуулах тухай мэдэгдсэн хэдий ч МАН-ын бүлгээс мөн хуралд ирээгүй. Маргааш нь бид ИТХ-ыг олонхиороо хуралдуулж дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын ажлын тодотголыг хэлэлцэж, төрийн үйл хэрэг, бичиг баримтыг албажуулахгүй, гацааж байгаа хариуцлагүй, нэг намд үйлчилдэг төрийн албан хаагчидад хариуцлага тооцож, хурлын хуучин тамгыг хүчингүй болгосон. Шинээр тамга хийлгэн дүүргийн нийгэм эдийн засгийн зорилт, засаг даргын мөрийн хөтөлбөр, төсөв, хөрөнгө оруулалтын ажил, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталгаажуулан, иргэдийн хурлын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах тухай тогтоол гаргасан.
-Шинээр тамг хийхэд хэнээс зөвшөөрөл авдаг юм бэ?
-Энэ тухайгаа бид Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдэгдэж асуудлаа шийдвэрлүүлсэн. Шинээр тамга хийлгэн дүүргийн ажлыг хэвийн явуулж байгаа. МАН-ын бүлгээс дүүргийн иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндөж, хууль дүрэм журам зөрчин, дүүргийн ажлыг найман сарын турш гацааж нэг хүний хууль бус эрх ашгийг хамгаалж байгаа.
-Нэг хүний хууль бус ажлын талаар тодруулахгүй юу?
-МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн булхай, луйвар, асуудлаа хамгаалах, дарах гэсэн бүлэглэлийн ашиг сонирхолтой юм. Энэ нь эхнээсээ илэрч өнгөрсөн дөрвөн жил дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болохыг санаархаж байгаа Ц.Сандаг-Очир, Газрын албаны даргаар ажиллаж байсан Х.Хишигбадрах нар газрын наймааг баруун, солгойгүй хийсэн нь шүүхээр тогтоогдож торгох болон хорих ялаар шийтгүүлсэн байгаа. Тэд өөрсдийн гэмийг ухаарахгүй дүүргийн ажлыг гацааж элдэв худал, мэдээлэл тарааж байгаад бид харамсаж байна.