С.САРУУЛ
Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Төв аймгийн цас зуд ихтэй байгаа урд талын сумд болох Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан суманд эхний 100 тонн өвсийг хүргүүлж байгаа аж.
Таван сая орчим мал өвөлжиж байгаа Төв аймгийн хувьд хамгийн олон сумтай. Мөн малын тоогоороо улсдаа байнга дээгүүрт ордог. Төв аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалтай байгаа аж. Тус аймгийн зарим сумдад мал бэлчих боломжгүй, тэжээлд орчихсон өвөөлжөөндөө байгаа гэнэ. Гэхдээ малчид Засгийн газраас олгож байгаа өвс тэжээлийг харахаас илүүтэй бэлтгэлээ сайтар базааж авах нь чухал юм гэдгийг ч албаныхан анхааруулж байна.
Эх сурвалж: www.polit.mn