
Д.МЯГМАР
Өнөөдрөөс эхлээд замын хөдөлгөөний ачаалал буурах байх гэж найдаж байлаа. “Нэгдүгээр эгнээг чөлөөтэй болгоно” гэж албаныханы өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдэлд хүмүүс найдсан хэрэг л дээ. Хотын замын байдал өчигдөр үнэхээр хурц байлаа. Оргил үедээ хэлэх ч үг олдохооргүй “унтаа” байдалд орчихсон. Замыг чөлөөлөхөөр зориуд гаргасан өнөөх шийдвэр, сүржин нээлт, мэдээлэл болоод л өнгөрнө гэж бодсонгүй. Бодож, боловсруулж гаргасан төрийн бодлого амьдрал дээр нэг иймэрхүү л байдлаар хэрэгжих юм, яалтай билээ.
Жүжигчин Хүрлээгийн “Эргэлзээ” шүлэгт гардаг шиг л “Миний машин зам дээр яваад ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг” нэг өдөр ийн өнгөрлөө. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр яг л өмнөх шигээ замын нэгдүгээр эгнээнд машинууд шил шилээ харан хүн зөрөх зай ч үлдээлгүй шахам зогссон нь бухимдаад барахааргүй. Үүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн олж харахгүй байгаа бололтой. Хайран мөнгө үрэн нийслэлийн төсвөөр тусгай зориулалтын 12 машин худалдаж авсан даа. Хориотой газар дураараа зогссон машины жолоочийг айлгаж унааг нь ачих, чирэх ажил эхний өдрөөсөө ингээд лөөлөө болчихлоо.
Хоёр урсгалтай замын нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулсан тохиолдолд тусгай зориулалтын чирэгч машинаар ачих тухай Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж хуучраагүй байдаг. Гэтэл замын нэгдүгээр эгнээгээр машин чөлөөтэй зорчих боломжгүй учраас зохиомол түгжрэл хаа сайгүй үүснэ. Хотын дарга нар далдын хар малгай өмсчихөөгүй бол машинаар дүүрсэн нэгдүгээр эгнээнүүдийг эрх биш харсан байлгүй дээ. Жилийн жилд хичээл, сургууль цуглахаар нийслэлд замын бөглөө, түгжрэл, машинаа дуртай газраа хаяж явах нь хаа сайгүй гаардаг түүх давтагдлаа. Үүний эсрэг хийж байгаа ажил хэмээн сүрхий рекламдчихаад өнөөх ачдаг, чирдэг машинууд нь сул зогсож байгаа юм болов уу. Амлалт нэхэх ард түмний холбооныхон албаныхны “Ачаад, чирээд өгнө” гэсэн шинэхэн хэрнээ биелээгүй хуурай амлалтыг нэхэж араас нь хөөцөлдөөсэй. Тэд авсан машинаа зориулалтаар нь ашиглах юм бол жолооч нарын зүрх айдсаар дүүрнэ. Ний нуугүй хэлэхэд монголчууд хүчирхийлэлд дуртай улс. Үүний нэгэн баталгаа нь АН-ынхан засаг, төрийн толгойд суунгуутаа л дээр доргүй барина, хорино, хязгаарлана, хаана, торгоно гэх мэтээр баахан сүрдүүлэх болсон. Үүний нэг бодлогын ажил нь нэгдүгээр эгнээг эзэгнэгч нарыг журмын хашаа руу хөөнө гэсэн, яалаа даа хотын дарга.