
Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгэ аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Х.Даваахүү ярьж байна.
Энэ жилийн тариалалтын хувьд өвөрмөц онцлог цаг уурын нөхцлийн жил болсон. Нэг талаас чийг усны хангамж сайн байгаа ч нөгөө талаас дулааны хангамж дутагдалтай байна. Үүнээс шалтгаалаад ургацын байдал харилцан адилгүй байгаа. Өнөөдрийн хувьд Сэлэнгэ аймгийн ургацын ургасан байдал нь хэвийн байгаа ч онцлогоос хамаараад 10-аад хувь нь сүүн болцондоо байна. Цаг уур хэвийн байсан бол наймдугаар сарын 20 гэхэд сүүн болц нь дууссан байх учиртай. Одоогийн сүүн болцондоо байгаа тарианы хувьд цаашдаа аарцан болц, бүрэн болцын хугацаа дамжихад 28-30 хоног шаардлагатай. Эдгээр хоногуудад цаг агаар муудахгүй гэх баталгаа байхгүй. Олон жилийн дунджаас, эрдэмтэн мэргэдийн хэлж байгаагаас үзэхэд наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10-ны хооронд ямар нэг хэмжээгээр хяруу унадаг. Одоо аарцан болцны эхэнд байгаа тарианд хяруу унах юм бол тэр хүнсний улаан буудай болох нөхцөл боломж их муу болно гэсэн үг. Биежээгүй байгаа тариа шүү дээ. Биежчихсэн бүрэн болцынхоо эхний үед байгаа тарианд хяруу унах юм бол харин ч ач холбогдолтой байдаг. Балансын хувьд манай тариа өндөр гарсан. Урьд өмнөх жилүүдээс ч илүү өндөр байгаа. Энэ жил 17.9 гэсэн урьдчилсан дүнтэй байна. Гэхдээ 10 хувийн болц тийм байгаа учраас энэ нь хүнсний улаан буудай болох уу, тэжээлийн будаа болох уу гэдэг нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Энэ сарын 10-н хүртэл нартай өдрийн тоо олон байвал ургацаа бүрэн хэмжээгээр авах боломжтой. Бусад таримал буюу малын тэжээлийн ургамал, тосны ургамал өмнөх жилүүдийнх шиг хэвийн, га-гийн ургац нь арай илүү өндөр байгаа. Бүхэлд нь аваад үзэх юм бол Сэлэнгэ аймаг үндсэндээ 210 мянгаас доошгүй үр тариа, 210 мянга тонн улаан буудай, 55 мянга доошгүй төмс, 34 мянга доошгүй хүнсний ногоо авч нийлүүлэх гэрээгээ биелүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар хүнсний ногооны хураалт эхэлчихсэн. Хавар Ерөнхий сайдыг ирэхэд Сэлэнгийн ногоочдын тавьсан хүсэлтийн дагуу МУ-ын Засгийн газраас тодорхой хөрөнгө гаргаад Улаанбаатар хотод худалдаа хийж эхлээд байна. Сая би ногоо зарж байгаа хүмүүстэйгээ уулзаад ирлээ. Одоо 8-9 цэгт манай 70 гаруй ногоочид борлуулалт хийж байна. Засгийн газар ногоо борлуулах нөхцлийг сайн хангасан. Манай ногоочид хуваарилагдсан лангуугаа байнгын эзэнтэй байлгах нь их чухал болж байна. Ганцхан манай аймаг биш өөр олон аймгууд ногоо тарьж байна шүү дээ. Гадаа ногоо зарж болохгүй хүртэл нь энэ лангуунууд ажиллах юм. Ногоочдоос төлбөр мөнгө авахгүй байгаад ногоочид маш их сэтгэл ханамжтай байна лээ. Тиймээс ногоо борлуулах үйл ажиллагаа цаашдаа илүү дэвшилттэй явах боломжтой болж байна. Зарим аж ахуйн нэгжүүд гадаа ногоо зарах боломжгүй болоход дотор лангуу нээгээд өгье гэдгээ ч илэрхийлж байна. Жишээлэхэд Дүнжингарав. Тиймээс ингэж гаргаж өгч байгаа лангуунуудыг байнгын ногоогоор хангах нь чухал. Манайхан өдийд нэг хэсэг гарч ирээд арваннэгдүгээр сар гэхэд алга болчихдог. Ийм байдал гаргахгүй байвал энэ ажил маань нэг талаас ногоочиддоо нөгөө талаас хэрэглэгчиддээ хэрэгтэй ажил болох юм. Техникийн тооцоо судалгаагаар манайх ажлын 21-23 хоногт тариагаа хураачих боломжтой. Энэ сарын эхээр ангилан хадалтандаа орно. Склад савны хувьд боломжтой. Гурилын үйлдвэрүүд 100-аас доошгүй улаанбуудай авна гэж байгаа. Ер нь газар тариалангийн үйлдвэрлэлийг цаашдаа зах зээлийн жамаар нь явуулъя гэсэн бодлоготой байна.