
Зуны турш нам гүм байсан хот нойрноосоо сэрэв үү гэлтэй хөл хөдөлгөөнд дарагдав. Гоёж гангалсан залуус зуны амралтаа хуучлах гэж сургууль руугаа яаран алхана. Энэ жилийн есдүгээр сарын 1 амралтын өдөр таарсан хэдий ч ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн. Харин их, дээд сургуулийнхан өчигдөр хичээлийн шинэ жилээ нээлээ. Монголын ирээдүйг бүтээлцэх оюутан залуус эрдмийн өргөөтэйгөө золгосон баярын нээлтийг сурвалжиллаа.
ХӨТӨЛБӨР, ТӨЛБӨРӨӨ ШИНЭЧИЛСЭН МУИС
Орон даяар 16 салбартай томоохон сургууль бол МУИС. Энэ жил тус сургуулийн босгыг 140 гаруй чиглэлээр 3805 оюутан шинээр алхаж байна. Өнгөрсөн хоёр жил сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийснийг сургуулийн удирдлагууд дуулгаж байна. Мэргэжлийн чиглэл бүрийг багцалсан сургалтыг явуулж эхэлснээрээ онцлог гэнэ. Түүнчлэн олон улсад болон үндэсний хэмжээнд сургалтын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн байна. Ингэснээр сургалтын чанарт ахиц гарчээ. Гадны оюутнуудын хувьд тус сургуулийг энэ жил 200 гаруй оюутан сонгожээ. Гадаад оюутнууд ихэвчлэн монгол хэлний бэлтгэл ангид сурдаг байна.
Харин багшлах боловсон хүчнүүд нь үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний ажил хийж, олон улсад нэр хүндтэй сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлдгээрээ их, дээд сургуулиудын тэргүүлэх эгнээнд явж буйг сургуулийн удирдлагуд хэлж байна. Энэ жил МУИС-д 1500 багш оюутнуудад боловсрол олгоно. Тэдний тал хувь нь гадаадад мэргэжил дээшлүүлж, зэрэг хамгаалсан чадварлаг боловсон хүчин гэнэ. Тус сургуулийг шинээр алхаж буй оюутнуудад сургалтын төлбөрийг давуу байдалтайгаар төлнө. Сургалтын төлбөрийн уян хатан системийг нэвтрүүлсэн нь оюутан бүр суралцах кредит цагаасаа шалтгаалж төлбөрөө тушаана гэнэ. Тиймээс оюутнуудын төлбөр харилцан адилгүй. Нэг кредит цаг нь 37900 төгрөгөөс эхэлж байна.
ЭМШУИС-Д 995 ОЮУТАН ШИНЭЭР ЭЛСЧЭЭ
Эмч хэмээх эрхэм хүмүүсийг бэлтгэдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны дээд сургуулийн хувьд 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн багш, ажилчдын хурлаа өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгуулж өчигдөр өглөө 07.00 цагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв. Нээлтэд саяхан тус сургуулийн захирлаар томилогдсон Г.Батбаатар болон ЭМШУИС-ийн ТУЗ-ийн дарга С.Ламбаа тэргүүтэй хүмүүс оролцож оюутан залуустаа сурлагын амжилт хүслээ. Тус сургуульд энэ жил 11 чиглэлээр 995 оюутан сурах бол 300 гаруй оюутан төгсөх курст орж байгаа ажээ.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ 5700 ОЮУТАН УГТАЖ АВЛАА
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулиар орлоо. Сургуулийн хашаанд нээлтийн үйл ажиллагаа болж, удаан уулзаагүй оюутнууд уулзаж, хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Сургуульдаа яарсан, дөнгөж амьдралын анхны гараагаа эхэлж буй шинэхэн оюутнууд ихэнх хувийг эзэлнэ. Энэ жил тус сургууль 52 багц мэргэжлээр 5700 оюутан элсүүлжээ. Үүнээс 50 гаруй хувь нь хөдөө орон нутгийн оюутан. Монголдоо баялаг бүтээх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын ганцхан сургууль нь ШУТИС билээ. Тиймээс жилээс жилд энэхүү сургуулийг сонгох оюутны тоо ихэссээр байна. Энэ жилээс сургуулийн захиргааны шийдвэр гарч хичээлийг багцаар заадаг болж байна. Хоорондоо уялдаа холбоогүй, задгай байсан хичээлүүдийг нэгтгэж, багцалж заахаар болжээ. ШУТИС-ийн сүүлийн жилүүдэд баримталж байгаа гол бодлого нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа юм. Инженер болохоор зорьсон оюутан бүхэнд гадаадын их дээд сургуулиудад элссэн мэргэжлээрээ суралцах боломж нээлттэй байдаг. Энэ жил Шанхайн технологийн их сургуультай хамтран ажиллахаар гарын үсэг зуржээ. Эмнэлгийн технологи, техникийн чиглэлээр оюутан солилцож, хамтран ажиллах гэнэ. Эхний хоёр жил эх орондоо суралцаж, сүүлийн жилүүдээ Шанхайн технологийн сургуульд суралцах боломжтой юм. Мөн Герман, Америкийн их дээд сургуулиудтай үргэлж хамтран ажилладаг гэнэ. ШУТИС-ийн хичээлийн агуулга үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгддэг. Энэ нь оюутанд тухайн цаг үед хэрэгтэй, чанартай мэдлэгийг олгоход оршдог гэж багш нар нь онцолсон юм. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр их, дээд сургуулиуд төлбөрөө нэмлээ гэсэн шуугиан дэгдсэн. ШУТИС энэ жил төлбөрөө 13 хувиар нэмжээ. Нэгдүгээр курсийн оюутнууд нэг сая 380 мянган төгрөгөөр суралцана. Сургуулийн захиргаа төлбөр төлөлтийг уян хатан байдлаар шийдэхийг зорьжээ. Дөнгөж орж буй оюутан нэгдүгээр хагаст сонгосон хичээлийнхээ кредит цагийн төлбөрийг төлөөд суралцах боломжтой гэнэ. Дараагийн семистрээс үлдсэн төлбөрөө төлөх журмаар шийдвэрлэжээ. ШУТИС лицей дунд сургуультай. Энэ жил 9, 10, 11-р ангидаа элсэлт авчээ. Лицей дунд сургуулийн төлбөр нь жилийн гурван сая.