Х.ХУЛАН

Нийслэлийн удирдлагууд иргэдийн хүсэлтийн дагуу мар­гаантай газарт сүндэрлэж буй барилгуудын ажилтай өнгөрсөн баасан гаригт газар дээр нь очиж танилцлаа. Эхний газар нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ароно” компанийн барьж буй 22 айлын таван давхар орон сууц байв. “Ароно” шүдний эмнэлгийн байртай залгаа шахам барьж буй энэ орон сууц хажуугийнхаа байрны нарыг хааж байгаа учраас шавыг нь тавьж эхэлсэн цагаасаа л тэр хавийн оршин суугчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулжээ. Түүнчлэн “Ароно” шүдний эмнэлгийн одоо байрлаж буй байрыг тус эмнэлгийн дарга, их эмч Ц.Норовпил 2004 онд менежментийн хувьчлалаар авсан байна. Ингээд эмнэлгийнхээ хашаанд, өөрийн эзэмшил газарт орон сууц барих гэсэн нь тэр хавийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад буй нь энэ аж. Анх 300 хүүхдийн цэцэрлэг байсан энэ барилгыг төр буцаан авч хүүхдийн цэцэрлэг байгуулах ёстой гэж иргэд үзэж байна. Яагаад гэхээр, энэ хороонд өнөө жил 200 гаруй хүүхэд цэцэрлэгт орж чадалгүй үлджээ.

Нэгдүгээр хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэг:

-1969 оноос хойш энд 300 хүүхдийн цэцэрлэг байж байгаад 2004 онд “Ароно” шүдний эмнэлэг давуу эрхээр хувьчилж авсан. Манай хороонд хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Анх энд улсын гуравдугаар ясли гэж байсан юм. Яг энэ байртай адилхан хэмжээтэй цэцэрлэгт одоогоор 130 хүүхэд авах ёстойгоос 305 хүүхэд хүлээж аваад байна. Манай хороонд 67, 53 гэсэн хоёр цэцэрлэг байгаа. Энд  ч манай хорооноос тасарсан 15 дугаар хорооны хүүхдүүд бас явж байгаа. Нэг цэцэрлэг нь 280 хүүхэд авах ёстойгоос 460, нөгөө нь 130 хүүхэд авах ёстойгоос 305-ыг авчихаад байна. Цаана нь 200 гаруй хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа.

“Ароно” эмнэлгийн дарга Ц.Норовпил:

-Манай компани барилга барих газрын зөвшөөрөл авсан. Газрын захирамжтай, эзэмшлийн гэрээтэй, бүх татвар түрээсээ төлөөд явж байгаа. Ямар ч зөрчил байхгүй. Өмнө нь цэцэрлэг байсан энэ байрыг тухайн үед ойролцоогоор 300 гаруй сая төгрөгөөр хувьчилж авсан. Би улсын байгууллагын төсвийг зургаан жил даагаад хариуцаад, улсаас нэг төгрөг ч авалгүй, хувь хүнээс нэг төгрөг  ч авалгүйгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан шүү дээ. Би тэгж байж хувьчилж авсан юм. Түүнээс биш зүгээр нэг авчихаагүй.

-Анх гэрээ хийхдээ үйл ажиллагааг нь хэвээр нь  явуулах нөхцөлтэй байсан юм байна?

-Хувьчилж авснаас хойш би гурван жил цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан. Улсаас, эцэг эхчүүдээс мөнгө авахгүйгээр шүү дээ. Сүүлдээ байдал хүндэрч ирсэн учраас 30 мянган төгрөгийн төлбөртэй болготол хүүхдийн тоо 50 хувь буурсан.  Гэсэн ч би өөрөө тэр цэцэрлэгийг хаагаагүй. Манай эмнэлэг рентген апарат, химийн бодисын лабораторитай. Эм материал, ган алт хайлуулдаг, лав шатаадаг зүйлүүд бий. Хүүхдийн байгууллага ийм газартай хамт байж болохгүй гэсэн. Ингээд мэргэжлийн хяналтынхан хаачихсан юм. Ийм журам анх байгаагүй, сүүлд гарсан даруйд цэцэрлэгийг хаасан юм.

 

“НАР САЛХИ ҮЗЭЛГҮЙ АМЬДРАХЫГ ХЭН Ч ХҮСЭХГҮЙ”

 

 Германы ЭСЯ-ны эсрэг талд “Гацуурт” компанийн барьж буй 14 давхар орон сууцны барилгыг бариулахгүй хэмээн оршин суугчид шүүхэд ханджээ. Нийслэлийн удирлагуудыг тэнд явж очиход “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат болон оршин суугчдын төлөөлөл тэнд цугласан байв.

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат:

Одоогийн УИХ-ын дарга З.Энхболдыг ТӨХ-ны дарга байхад энэхүү газрыг 2002 онд дуудлага худалдаагаар 55 сая төгрөгөөр авсан. Нэг давхар байшин байсныг буулгаж бид барилгынхаа хонгилд  халаагуур байрлуулан эргэн тойрны айлуудыг дулаанаар хангахаар тохиролцож барилгын  ажлаа эхлүүлсэн. Барьж дуусаагүй ч бид хонгилд нь халаагуур байрлуулж өнгөрсөн өвөл айлуудыг дулаанаар хангасан. Гэтэл иргэд хонгилд тэсэрч дэлбэрэх хий, халаагуур байгаа гээд шүүхэд гомдол гаргаж манай барилгыг зогсоосон. Намайг ингэж дарамталж байгаад мөнгө авах гээд байх шиг байгаа юм. Байрнаасаа өг гэж хүртэл хэлсэн. Би энэ барилгыг барьсан ч, бариагүй ч хэн нэгэнд байр өгөхгүй. Энэ барилгаас болж төрийн албаны 10 гаруй хүн ажлаасаа халагдсан. Мэргэжлийн хяналт холбогдох байгууллагуудаас хүн ирээд шалгаад зөв дүг­нэлт гаргахаар л хахууль авсан энэ тэр гээд гом­дол гаргаад ажлаас нь халуулчихдаг. Би өөрөө 20-30 удаа шүүхэд дуу­дагд­сан. Шүүх хурал нь болохоор оршин суугчид нь өөрсдөө очдоггүй. Үүнээс болж шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Нэг барилга барих гэж 10 гаруй жилийн нүүр үзэж байна.

Тэрээр нэлээд бу­хим­дангуй байв. Харин оршин суугчдын тө­лөө­лөл Л.Чинбатаас  огт өөр зүйлийг ярьж байв. Тэд, “Л.Чинбат 2002 онд дуудлага худалдаагаар зөвхөн 222,3 метр квадрат талбай бүхий хоёр байр худалдаж авсан. Сүх­баатар дүүргийн зурга­дугаар хороо, Бага тойрууд байрлах орон сууцны долоон байр, 199 өрх, 1594 хүн ам, таван дамжин хэрэглэгч 63 аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангадаг Нийслэлийн өмчийн барилга, тоног төхөөрөмжийн газар байсан юм. Гэтэл 2006 оны 256 тоот захирамжаар Газрын тухай хуулийг зөрчиж 794 метр квадрат болгон талбайгаа нэмсэн. Барилгын зураг төсөл, техникийн нөхцлийг нь зөвшөөрөгүй байхад барьж байсан юм.

Бид  2012 оны есдүгээр сарын 5-нд хууль бусаар техникийн нөхцөл баримт бичгүүдийг хагас дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн” гэв.

Оршин суугчид энэ барилгыг цонх, автомашины зогсоол, гараашны хаалга хааж барьснаас гадна барилгын ажлаас болж халуун, хүйтэн ус байнга тасарч байна гэсэн юм.

Түүнчлэн “СӨХ-дын Удирдах зөвлөлөөс 4-5 хүн шүүх хуралд очдог. Нэхэмжлэгч талуудын үндэслэл тодорхой биш гээд хурлыг хойшлуулаад байгаа. Л.Чинбат за­хирлыг ингэж худлаа хэлж байгаад гайхаж байна. Бид энэ барилгыг заавал нураалгана. Хэн ч насаараа нар, салхи үзэхгүй амьдрахыг хү­сэхгүй биз дээ” гэж байв.