Өдрийн сурвалжлага
Б.ЭНХ
Хөршийн хяналт. Энэ үг нийслэлчүүдэд ичнээ танил болжээ. Хөршийн хяналтаар дамжуулж хамар хашаа, орцныхоо айлтай танилцаж улмаар нэг сэтгэл, нэгдмэл санаачилгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэний үүргээ гүйцэтгэж яваа хүний тоо олширчээ. Өөрөөр хэлбэл, “Миний хашаа, миний хороо, миний дүүрэг” гэсэн сэтгэхүй иргэдийн тархинд суусан нь “Хөршийн хяналт” хөтөлбөрийн ач тус.
Өдгөө нийслэлийн хэмжээнд 891 хөршийн хяналтын бүлэг байгуулагдаж улмаар гэмт хэрэг, зөрчил буурахаас гадна аюулгүй амьдрах боломж бүрдэнэ. Цаашлаад оршин суугчдын нийгмийн хариуцлага нэмэгдэх, айл өрхийн нэгдлийг бий болгож тэдэнд өөрсдөөрөө бахархах сэтгэл төрнө гээд олон сайн талтай. Тэгвэл хөршийн хяналтыг бэхжүүлж ажил хэрэг болгосон зарим нэг хороодыг энд жишээ татаж, хийж буй ажлыг нь танилцуулахыг зорилоо.
Чингэлтэй дүүргийн XV хороо. Хүн амын дийлэнх нь гэр хорооллынх. Тэд гэр хороололд амьдардаг гэж хойш суусангүй. Харин ч тухайн орчинд аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулсан байна. Мөн гудамжны өгсүүр хэсэгт бариултай шат байрлуулснаар иргэдийн тав тухад сэтгэл ханамж бэлэглэжээ. Урьд нь хальтирч унахчих гээд хашаа түших шахам явдаг байсан оршин суугчид зориулалтын шатаар өгсөж, уруудах болсон нь хөршийн хяналтын үр дүн аж.
Албан эх сурвалжийн хэлснээр тус хорооны нутаг дэвсгэрт хөршийн хяналт сайжирснаар гэмт хэргийн гаралт буурчээ. Энэ тухай хорооны хэсгийн байцаагч О.Амгаланбаатар “Манай хорооны нутаг дэвсгэрт 2015 оны нэгдүгээр сард хөршийн хяналтын бүлэг байгуулагдсан. Нийт 73 гудамжтай. Гудамж болгонд хөршийн хяналтын ахлагч гэж хүн томилсон. Нэг гудамжинд нэг ахлагч байна гэдэг тухайн айл өрх, иргэнтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж ажиллана гэсэн үг. Тэгэхээр тухайн гудамж эзэнтэй болж байгаа юм. Гудамжны ахлагч бүр сард 1-2 удаа хороон дээр ирж сургалтад хамрагдахаас гадна хулгайн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэргийн талаар мэдээлэл өгдөг. Манай хороонд 2014 онд 76 гэмт хэрэг, зөрчил гарсан. Гэтэл 2015 онд 46 гэмт хэрэг болж буурсан” хэмээн ярив.
Гэмт хэргийн гаралт буурсан гэх таатай мэдээг албаны хүнээс гадна иргэдийн амнаас сонсох таатай байлаа. Тус хорооны нутаг дэвсгэрт хөршийн хяналтын бүлгийг ахалж буй Г.Алтангэрэл уг ажилдаа дуртай. Өөрийн эзэмшил дэх хүнсний дэлгүүрийн байрыг хөршийн хяналтын төв болгож хүн олноор цугладаг орчинг бүрдүүлжээ. Ингэснээр иргэд хоорондоо санал бодлоо солилцож цаашид юу хийхээ төлөвлөдөг. Түүнчлэн цагдаагийн байгууллага болон хорооны даргад уламжлах хүсэлтийг иргэдээс авна. Ингээд ажил дуусахгүй. Гудамж талбайд хийх шаардлагатай ажлын жагсаалт гаргаж цаг завтай нэгэнд нь даалгаж өгнө гээд хөршийн хяналтынхны ажил мундахгүй. Хөршийн хяналтын “Гүн үйлст” бүлгийн ахлагч Г.Алтангэрэл “Оршин суугчид 2013 оноос нэгдэж хорооны Засаг дарга, цагдаагийн хамт олонтой нийлж гурван талт хэлэлцээр байгуулж иргэдийн бүлэг байгуулсан. Үүнээс хойш 9-10 дугаар гудамжинд гэмт хэргийн гаралт буурсан. Бие биенийгээ мэддэг хүндэлдэг, ойлгодог болсон. Энэ бол иргэдийн бүлэг байгуулагдсаны давуу тал. Манай гудамж өндөрлөг газарт байдаг. Иргэдийн санаачилгаар шат хийе гэсэн. Машин өгсөж гарахад хэцүү. Тиймээс урд талынхаа замыг хусч тэгшилдэг. Тодорхой хэмжээгээр айл өрхөөс мөнгө цуглуулж энэ бүх ажлыг хийсэн байгаа. Энэ ажилд нийт оршин суугчдын оролцоо их. Хулгайн хэргийг газар дээр нь таслан зогсоосон бодит жишээ ч бий” гэдгийг онцлов. Ямартай ч тус хорооны нутаг дэвсгэрт оршин суугчид нэгдэж чадаж. Цаашлаад цагдаа, хорооны албан хаагчидтай хамтын ажиллагаа бэхжсэн нь энэ аж.
Хөршийн хяналт хүнийг ялгаварладаггүй
Хүүхэд, хөгшид, залуус гээд хэнийг ялгаварлаж гадуурхахгүй тэдний оролцоог чухалчилдаг хөршийн хяналтын бүлэгт нэгдэх амархан. Гагцхүү иргэдийн санаачилга, оролцоо чухал. Энэ жишээг Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 19, 29 дүгээр байрныхан харуулжээ. Байрны “хөгшид”-өөс авахуулаад балчир хүүхдүүд ч орон сууцны эргэн тойрондоо харуул гэсэн үг. Тус байр хотын төв хэсэгт байдаг болохоор олны хөл ихтэй. Иймээс хулгай, танхайн гэмт хэрэг их гардаг байжээ. Энэ байдлыг хоёр жилийн өмнөөс таслан зогсоох гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж чадсан нь оршин суугчдын гавьяа аж. Тус орон сууцны “Сонор” сууц өмчлөгчдийн холбооны
“Оршин суугчидтайгаа хамтарч байрныхаа цонх, хаалгыг сольсон. Мөн иргэдээс 10-20 мянган төгрөг хурааж орон сууцны эргэн тойронд хяналтын камер суурилуулсан.Ингэснээр гэмт хэргийн гаралт буурч, оршин суугчид аюулгүй орчинд тайван амгалан амьдрах нөхцөл бүрдсэн. Одоогоор найман камертай. Камерын бичлэгийг 24 цагийн турш хянах боломжтой. Гэрэлтүүлэг сайн болохоор ямар ч нөхцөлд үзэгдэх орчин сайн. Энэ орчинд одоогоос хоёр жилийн өмнө гэмт хэрэг гарах нь элбэг байсан. Хүний цүнх булаах, архидан согтуурах гээд хэл ам бишгүй гардаг байлаа. Харин одоо энэ асуудал нэг тийш шийдэгдэж тав тухтай амьдарч байна. Түүнчлэн оршин суугчдын машиныг байрлуулах талбайгаа хүн бүр хариуцаж ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүн бүр хаалганы түлхүүртэй. Аль нэг айлд зочин ирвэл тухайн айлынхан онгойлгоно. Мөн СӨХ-д хэлж байж оруулах боломжтой. Урьд энд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байсан. Одоо тийм асуудал гарахгүй болсон” хэмээн ярив.
Б.Гүнчин-Иш: Иргэд хоорондоо эвлэлдэн нэгдэж байна
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Гүнчин-Иш ийнхүү ярьж байна.
-“Хөршийн хяналтын бүлэг”-ийн үйл ажиллагаа идэвхжиж нэлээн цар хүрээтэй ажлын нэг болж байгааг иргэд хэлж байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тусгай аппликейшн гаргаж байгаа гэлүү?
-Хөршийн хяналтын хөтөлбөр хоёр үе шаттай хийгдэх ёстой. 2015 онд бэлтгэл үе байсан. Энэ онд хэрэгжүүлэх үе шат үлдсэн. Уг хөтөлбөрийн хувьд зарим дүүргийн хороодод маш сайн хэрэгжиж байна. Иргэд хоорондоо эвлэлдэн нэгдэж байна. Аюул учруулж болзошгүй эрсдлийг хамтын хүчээр байхгүй болгож байна. Энэ мэт ажлууд сайн хийгдэж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газраас хөршийн хяналтын цахим хуудсыг санаачилж , ажлуулж эхлээд байна. Энэ хуудсаар иргэд хоорондоо групп үүсгэж нэгдэж мэдээлэл солилцох боломжтой. Ингэснээр нэг нэгэнтэйгээ илүү дотно танилцаж нөхөрлөх, нэгдэж нягтрах үйл ажиллагаа эрчимжих юм. Би нэг байрны оршин суугч байлаа гэхэд хүнсний бүтээгдэхүүнээ авахын тулд зах явдаг байсан. Тэгвэл нэгдэж чадсанаар миний амьдардаг байранд хэрэгцээ хангасан хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг хүн байвал хол явахгүй зардал хугацаа хэмнэх, хөршийнхөө бизнесийн үйл ажиллагааг дэмжих, сонирхол, хоббигоороо нэгдэх боломжтой. Ганц гэмт хэрэг, зөрчлийн талаар биш бүхий л үйл ажиллагаа үзэл бодолоороо нэгдэх боломж бүрдэнэ.
-Энэ ажилд иргэдийн оролцоо хэр байна вэ. Жишээлбэл, орон сууцны айлуудын хувьд нэгнийгээ таних тал дээр тааруухан байдаг?
-Зарим орон сууцны хороод энэ ажлыг сайн зохион байгуулсан. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн III хорооны 19, 29 дүгээр байрны оршин суугчид хамтарч энэ ажлыг үр дүнтэй хийж байна. Тухайн орчинд машины бүтээлэг хулгайд алдагдаад болохгүй болохоор нь хэдэн иргэд нэгдэж өөрсдөө тэмцэхээр шийдэж уг орчныг камержуулсан. Энэ нь нийт иргэдийг хамарсан бүтээлч ажил болж чадсан. Энэ орчинд өнгөрсөн 2015 онд гэмт хэрэг бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, айх аюулгүй нөхцөл бололцоог бүрдүүлсэн сайхан ажлууд байна. Чингэлтэй дүүргийн XV хороо байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн XVIII хороон дээр хөршийн хяналтын бүлгүүд хамтарч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх жишээтэй. Хөршийн хяналтын үйл ажиллагаанд иргэд, оршин суугчид итгэл, сэтгэлээрээ эвлэлдэн нэгдэж, бүлэг байгуулж , аливаа асуудлыг өөрсдийн хүчээр шийдэж үр дүнгээ өгсөн. Монгол хүний сайхан уламжлалт зан үйл сэргэж байгаад баяртай байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрахад бүх нийтийн оролцоо чухал үүрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn