Р.ОЮУН

МАХН, Монгол туургатны шатрын холбооноос зохион байгуулсанНямаагийнхан ба шилдгүүдшатрын халз тоглолт өнгөрсөн бямба гаригт боллоо. Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Б.Нямаагийн хүүхдүүд, ач, зээ, гуч нараас нь шатрын олон улсын их мастер нэг, олон улсын мастер хоёр, олон улсын шатрын холбооны мастер хоёр, олон улсын шатрын холбооны дэд мастер хоёр, олон улсын шатрын холбооны шүүгч хоёр, шатрын зүтгэлтэн нэг, дэд мастер тав төрж дэлхийд дээгүүрт орж байна. Тэмцээнд тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг талдаа 30, 30 минутын хугацаатай халз тоглолтыг хийлээ.

Халз тоглолтод оролцохоор Б.Нямаа гуайн охин, олон улсын шатрын холбооны мастер, улсын аварга Н.Тунгалаг, хүү, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс, Ази тивийн үнэмлэхүй аварга, сурагчдын дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын шатрын холбооны дэд мастер, Е.Төгстөмөр, гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, олон улсын мастер, улсын гурван удаагийн аварга Д.Янжиндулам, олон улсын шатрын холбооны мастер, ахмадын дэлхийн аварга, улсын аварга Ш.Батцэнгэл болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол туургатны шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар болон шатрын хорхойтнууд ирсэн байлаа.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэмцээнийг нээж хэлэхдээӨнөөдөр бид Монголын төрийн ажлыг аятай, зөв явуулахад шатар ухаан хэрэгтэй гэсэн бодлогын хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ нь Б.Нямаа гуайн гэр бүлээс төрсөн, шатрын шинжлэх ухаанд өөрсдийнхөө амьдралыг зориулсан үе үеийн шатарчдыг хүндэтгэсэн сайхан арга хэмжээ болно гэж бодож байна. Үүнээс гарах үр дүн бол ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулъя гэсэн санал, санаачилгыг дэвшүүлье гэж бодож байгаа. Би үүнийг сонирхоод олон жил болж байна. Хэрэв шатар хичээлийн хөтөлбөрт орвол хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг, оюун ухаанаа яаж төвлөрүүлж, тэвчээртэй, юмыг холоос харж, олон хувилбараар бодож чаддаг зэрэг шинж чанарыг  хөгжүүлдгийг боловсролын тогтолцоонд оруулах ёстой юм байна гэж бодож байсан. Энэ талаар тодорхой судалгаа хийхийг тухайн үед БСШУЯ-ныханд хэлсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Одоо үүнийг бүгдээрээ шийдэх цаг болсон гэж бодож байна. Би зохиолчдын хороонд ажиллаж байхдаа Б.Нямаа гуайтай уулзаж утга зохиолын талаар ярихаас гадна шатар тоглохыг нь олонтаа харж байсан. Эдний гэр бүлээс олон үеийн шатарчин төрж шатрын урлагаа авч явж байгаад баяртай байна. Ийм гэр бүл ховор байдаг. Ийм гэр бүл олон болоосойгэсэн юм.

Удалгүй халз тоглолт эхэллээ. Гурван эгнээ зассан эхний ширээнд насанд хүрсэн 10 хүн суужээ. Тэдэнтэй нэгэн бяцхан хүү зэрэг тоглолт хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татсан юм. Энэ хүү бол Б.Нямаа гуайн хүү Н.Түвшинтөгсийн зээ хүү, 10 настай Е.Төгстөмөр байлаа. Тэрээр Ази тивийн үнэмлэхүй аварга, сурагчдын дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын шатрын холбооны дэд мастер цолтой. Бээжин дэх Кембриджийн дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Дөрөвдүгээр сард болох Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ийн сорилго тэмцээнд ирсэн. Олон улсын чансаагаар өөрийн насанд гуравт, Монголдоо нэгт ордог хэмээн түүний аав Есөнтөмөр ярьж байлаа. Е.Төгстөмөр хүү энэ нөхөрсөг тэмцээнд 20 хүнтэй зэрэг тоглолт хийж 19-ийг нь хожив. Хүүтэй тоглоход ямар байсан талаар Налайх дүүргийн иргэн А.Баршагүл хэлэхдээҮнэхээр сайн тоглодог хүүхэд байна. Цаашдынх нь уралдаан тэмцээнд нь амжилт хүсьегэлээ.

Харин шилдэг тамирчдын багт их мастер Б.Хатанбаатар, олон улсын мастер Д.Янжиндулам, олон улсын шатрын холбооны мастер, ахмадын дэлхийн аварга Ш.Батцэнгэл, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Энхцаг, олон улсын шатрын холбооны дэд мастер Л.Очирбат, Ази тивийн мөнгөн медальт, дэлхийн аварга, олон улсын шатрын холбооны дэд мастер Т.Мөнхзул нар оюун ухаанаа сорьж 3:5х2:5-ын харьцаатайгаар өрсөлдөгчөө хожлоо. Энэ тоглолтод Б.Нямаагийн үр хүүхдүүд болон Шатрын холбооны 70 орчим шатарчин оролцсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин