Б.ЗАЯА

Шинэ Зеланд улсын “Фонтерра” компанийн үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаамлын бэлдмэл хүний эрүүл мэнд, амь насанд аюултай нянгаар бохирдсон талаарх мэдээлэл дэлхий даяар цацагдсан билээ. Тус компанийн бүтээгдэхүүн олон улс оронд тархаж, хүнсэнд хэрэглэдэг байснаас олон улсын төвшинд түгшүүр зарласан нь энэ. Манай улсын хувьд ч ялгаагүй. Учир нь хуурай сүүнийхээ 80 хувийг тус үйлдвэрээс импортолдог юм. Түүнээс гадна “Фонтерра” үйлдвэрээс бүтээгдэхүүнээ татдаг БНХАУ, Сингапур зэрэг Азийн хэд хэдэн орон бий. Манай улс дээрх улсуудаас ч бүтээгдэхүүн импортолдог юм байна. Тиймээс бохирдсон нянтай бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байж болзошгүй хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэж, орон даяар нэгдсэн шалгалт эхлүүлсэн юм. Тус шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ахалж, улсын хилээр өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл импортолсон сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан бэлдмэлийг шалгажээ. Шалгалт дуусч, импортолсон бүтээгдэхүүнд бохирдсон нян байсан эсэх талаар тус газраас өчигдөр мэдээлэл хийлээ.

Бохирдсон нянтай бэлдмэлийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд ашигласан болохыг “Фонтерра” үйлдвэрээс мэдэгдэж байсан. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирдэг, бэлдмэлээр нь Монголд хүүхдийн нэмэлт тэжээл үйлдвэрлэдэг компаниудын 48 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинжилгээнд хам­руулжээ. Мөн “Фонтерра” ком­панийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсэн “АПУ”, “Тесо” зэрэг компанид шалгалт хийж хатаамал сүү болон үйлдвэрлэсэн ундны сүүнээс нь дээж авчээ. Шинжилгээгээр аюулгүй байдлын шаардлага хангаж байсан гэж байна. Албаныхны хэлж буйгаар нянгийн бохирдолтой бүтээгдэхүүн хилээр орж ирээгүй болох нь батлагдсан гэв. Түүнээс гадна импортын сүү, сүүн бүтээгдэхүүн болон хуурай сүүнүүд хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийн стандартыг хангасан гэж байна. Тиймээс олон нийтийг энэ төрлийн аюул дайрахгүй болсон талаар мэдэгдлээ. Ямартаа ч манай улсад нянгийн бохирдолтой бүтээгдэхүүн хилийн дээсээр алхаагүй бололтой. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагч Ч.Арилдий “Цаашид сүү, сүүний бүтээгдэхүүний импортод мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллана. Хилээр нэвтрүүлэх эрүүл ахуйн зарим стандартад нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Уг саналаа шийдвэрлэх албаныханд хүргүүлнэ. Түүнчлэн хяналт шалгалтаа сайн хийгээд импортоо үргэлжлүүлэх боломжтой” гэв.

Гэвч сүү, сүүн бүтээгдэхүүний импорт болон хэрэглээнд анхаарах зүйлс бий ажээ. “Фонтерра” компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнд, ялангуяа тус улсаас БНХАУ-д импортолсон бүтээгдэхүүнд нитрат буюу азотын нэгдлийн хэмжээ байвал зохих хэмжээнээс илүү байгаа нь нотлогджээ. Харин уг мэдэгдлийг “Фонтерра” үйлдвэрийн удирдлагууд эсэргүүцэж буй гэнэ. Түүнчлэн эхийн сүү орлуулагч бү­тээгдэхүүнийг тэр бүр хэрэглэх шаард­ла­гагүйг хяналтын байгууллагынхан хэлж байна. Учир нь 0-6 сартай хүүхдүүдийн хэрэглэж буй нэмэлт тэжээл хэзээ ч эхийн сүүг орлож чаддаггүй ажээ. Өөрөөр хэлбэл, нэмэлт тэжээлд эхийн сүүний найрлагатай уураг, амин дэм агуулагддаггүй гэ­сэн үг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг шаардлагатай тохиолдолд л хэрэглэхийг анхаарууллаа.