Д.МЯГМАР

Дулмаа гуай зөвшөөрөлгүйгээр Долоон буудлын хаа нэг газарт хашаа хатгаж байшингийн сууриа тавьж амжаагүй байхад л зэргэлдээх айл болон эсвэл үйлчилгээний байгууллагынхан ажлыг нь эсэргүүцэж нам зогсоочихно доо. Харин Улаанбаатар хотын төвийн дүүрэгт мөнгөтэй нэг нь газрын болон ус, дулаан, цахилгаан, зураг төслийн зэрэг ямар ч зөвшөөрөлгүйгээр орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга бариад хээв нэг ажиллаж байдаг том толгойтнууд ил цагаандаа гарчээ. Нийслэлийн барилгын салбарын ажил ийм байдлаар явсаар асуудал нь бугшчихжээ. Өчигдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг хөндлөө. Энэ сарын 1-2-нд мэргэжлийн байгууллагынхан хамтран нийслэлд баригдаж байгаа 36 барилга, байгууламжийн ажлыг шалгаж олон дутагдал, зөрчлийг илрүүлжээ. Нийслэлд барилга угсралтын   ажил   эхлэх,  үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр 22 аж ахуйн нэгж, 14 иргэний 36 барилга байгууламж өдөр хоногтой уралдан босч байна. Үүнээс Баянгол дүүрэгт 20, Сонгинохайрханд тав, Сүхбаатар, Баянзүрхэд тус бүр дөрөв, Чингэлтэйд, Хан-Уулд тус бүр нэг барилга байгууламжийг зөвшөөрөлгүй гэсэн тодотгол дагалдаж байна. Дулаан, цахилгаан, ус шаардлагагүй барилга хаана ч байхгүй. Гэтэл бодит байдал дээр дулааны техникийн нөхцөлгүй 24, цэвэр бохир усны техникийн нөхцөлгүй 22, цахилгааны техникийн нөхцөлгүй 21, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 20, барилга зураг төслийн магадлалгүй 30 барилгыг яаж ийгээд ашиглалтад оруулчих санаатай  эзэд нь улайран зүтгэнэ. Шалгах явцад барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан хоёрхон аж ахуйн нэгж байсан нь энэ салбарт хэн хүчтэй, хөрөнгө мөнгөтэй нь ажлаа амжуулдгийг батлаж  байх шиг. Шалгалтын хэсгийнхэн арга ядахдаа 21 барилгын цахилгааныг хязгаарлаж, зөрчил гаргасан захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг 21.8 сая төгрөгөөр торгоожээ.  Тэр том толгойтой нөхдүүд хэн байв.

Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутагт орон сууцны барилга барьж буй “Авзага трейд” компани газрын болон барилгын захирамжгүй, магадлалын ерөнхий дүгнэлтгүйгээр барилгын ажлаа хэдийнэ эхэлжээ. Тэр битгий хэл эднийх ус, дулаан, цахилгааны нөхцлөө холбогдох байгууллагаас аваагүй байна.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, иргэн Д.Бямбасүрэнгийн үйлчилгээтэй орон сууцны барилга мөн л ус, дулаан, цахилгааны нөхцлөө аваагүйн дээр магадлалын ерөнхий дүгнэлтгүй аж. Эндээс харахад иргэн ч байсан аж ахуйн нэгж ч гэсэн ялгаагүй том толгойтой болжээ. Сул газарт барилга барьдаг байснаа болиод зарим нь бүр гараашийн дээр давхарлан барилга барьж эхэлсэн нь гайхмаар юм. Жишээлбэл, “Нью хакуба” компани Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар байрны урд талд гараашуудын дээр давхарлан барилга барих болжээ. Энэ ажлыг хориглож зогсоосон хэдий ч тэд өнөөдрийг хүртэл хоёр давхар хэртэй барьсан барилгаа буулгаагүй юунд найдаж сугаа юм бүү мэд. 

Хүмүүс дур мэдэн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга барьдгийн жишээ нь иргэн Н.Гантулгынх боллоо. Тэднийх орон сууц барих барилгын захирамжгүй. Мөн цахилгаан, дулаан, ус гэх мэтээр ямар нэг техникийн нөхцөл аваагүй хэрнээ юунд найдаж барилгаа  таван давхар хүртэл босгосон юм бол гэх мэтээр энэ 36 барилгад ямар нэг байдлаар зөрчил дутагдал байгааг мэргэжлийн хүмүүс илрүүллээ.

Гэвч цахилгаан, дулааныхан тэдэнтэй үгсэн тохирч холболт хийдэг талаар мэргэжлийн хүмүүс гомдол тавьж байсан. Цаашдаа энэ мэт зөвшөөрөлгүй барилгад дураараа цахилгаан, ус, дулааны холболт өгсөн албан тушаалтнуудыг нийтэд зарлаж байхыг хотын дарга анхаарууллаа.

Олон хавар нэгэндээ гэгчээр санаан зоргоор дур мэдэн хийсэн ажлын балгаар “Нарантуул” худалдааны төв шатдаг шиг хариуцлагагүй, уршиг дагуулсан үйл явдал дахин болохгүй гэх баталгаа алга.