Д.БОЛОРМАА
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчөлт оруулах эсэх тухай хэлэлцэж байгаа. Өнөөгийн нийгэмд Үндсэн хууль нийцэхгүй байна гэж үзсэн хэрэг үү?
-УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан. Өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг. Мэдээж одоогийн Үндсэн хууль мөрдөгдөөд 21 жил болчихлоо. Энэ хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сөрөг гэхээс илүү эерэг өөрчлөлт давамгайлсан нийгэм бүрэлджээ. Гэхдээ амьдрал баялаг учраас 20 жилийн өмнө баталсан Үндсэн хуулийн үзэл баримтлал хэр хэрэгжив.
Хэрэгжих явцдаа ямар доголдол сургамж гаргав зэрэг судлах ёстой амин чухал асуудал байна. Судалж байж өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдэгт хариулт өгөх ёстой. Хэрэв судалгааны дүнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарлаа гэхэд ямар асуудалд нь өөрчлөлт оруулах вэ гэдэг нь дараагийн шийдэх ажил. Одоо бол зөвхөн өөрчлөлт оруулах эсэхийг тал талаас нь харж байна.
-Ер нь таны бодлоор өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
-Шаардлага байна. Шаардлагаа хэд, хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн таван ч хуулийн төсөл бий. Энэ нь хууль тогтоох эрх бүхий субьектүүд өөрсдөө шаардлагатай гэж үзсэн чиг хандлага юм. Нөгөө шаардлага нь Үндсэн хуульд 2001 онд оруулсан долоон өөрчлөлт нь зарим талаараа өнөөгийн шаардлагыг хангахгүй, суурь зарчимд нийцэхгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм. Дээрээс нь өнөөдөр хууль тогтоох байгууллага болоод гүйцэтгэх засаглалын уялдаа, бие биендээ тавих хуулийн хүрээний чиг үүрэг бас л амьдралд нийцэхгүй байна. Үүнд судлаач, хуульч, хууль тогтоогчид санал нийлбэл өөрчлөлт оруулах боломжтой.
-Гэхдээ зарим гишүүн өөрчлөлт оруулахын эсрэг байгаа. Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүн цаг хугацаа нь болоогүй гэж шүүмжлэлтэй хандаж байсан?
-Дараагийн сонгуулиар УИХ ямар бүтэц бүрэлдэхүүнтэй бүрэлдэхийг хэн ч урьдчилж мэдэхгүй. Одоогийн хууль тогтоох байгууллага бол хүчтэй сөрөг хүчинтэй, нам, намын төлөөлөлтэй УИХ. Гэхдээ сөрөг хүчин нь эрх баригч нам өөрсдийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж магадгүй гэсэн хандлагаар хандаад байвал ажил явахгүй. Тиймээс эхний ээлжинд сайн судалъя. Судалгааны дараа бодитой дүгнэлт байвал олон талаас нь хэлэлцэж байж өөрчлөлт оруулах боломж бий.Яагаад гэвэл ийм сөрөг хүчинтэй бүрэлдэхүүний үед аль нэг нам өөрийнхөө эрх ашгийн үүднээс эсвэл хэд, хэдэн нам нийлээд хуйвалдааны замаар өөрчлөлт оруулах бололцоо байхгүй. Харин ч энэ үед өөрчлөлт оруулвал илүү бодитой, амьдралд нийцсэн хууль болж магадгүй.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг судлах гурван ажлын хэсэг байгаа билүү?
-Зөвхөн Үндсэн хуулийг судлах ажлын хэсэг биш. Өөр, өөр ажлын хэсэг. Нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах баг. Нөгөөх нь сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг. УИХ, Орон нутгийн сонгуулийн хуулийг нэгтгэж нэг хууль болгох юм. Үүнийг Р. Бурмаа гишүүн ахалж байгаа. Гурав дахь нь Улс төрийн намын санхүүжилтын тухай. Үүнийг С.Баярцогт гишүүн ахалж байгаа.
-Сүүлийн үед Шинэчлэлийн Засгийн газар муу ажиллаж байна гэх боллоо. Танай намынхан өөрсдөө хүртэл шүүмжилж байна. Та ямар дүгнэлт нь өгч байгаа бол?
-Судлаач хүний хувиар гадаад болон дотоод хүчин зүйлийг нь хамгийн түрүүнд хардаг. Өөрөөр хэлбэл, биднээс буюу УИХ эсвэл Засгийн газраас шалтгаалахгүйгээр улс орны нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж байгаа гадаад хүчин зүйл юу байв гэдгийг нь харах хэрэгтэй. Хоёрдугаарт дотоод хүчин зүйл буюу Засгийн газар өөрөөс нь хамаарах ямар нөлөөлөл байв гэдэгт нь тодорхой дүгнэлт өгөх хэрэгтэй. Гадаад хүчин зүйлийг хянаж, нөлөөлнө гэж байхгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрс, алт, зэсийн үнэ буурахад монголчууд бид яаж бархираад яах юм бэ. Үүнийг л гадаад хүчин зүйл гээд байгаа юм. Одоогоор Хятадын эдийн засгийн өсөлт аажимдаа саарах хандлага ажиглагдаж байна. Дээрээс нь Оюутолгойн бүтээн байгуулалтын гол хэсэг нь дууссан учраас түүнтэй уялдаж импортын бараа, түүгээр бизнес эрхэлж байгаа цар хүрээ хумигдлаа зэрэг биднээс хамаарахгүй асуудал байна. Харин улсын төсвийн хөрөнгө болоод “Чингис” бондын хөрөнгийг хэр зэрэг ашигтай, зөв зүйлд зарцуулав гэдэг бол яах аргагүй дотоод хүчин зүйл. Үүнийг Засгийн газартай ярих ёстой. Ирэх сарын эхний долоо хоногт Монгол Улсын санхүү, эдийн засгийн төлөв байдал, түүний хүндрэл, түүнийг даван туулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдана. Тэр үеэр энэ тухай саналаа хэлнэ гэж бодож байгаа.
-Эдийн засгийн доройтлыг яаж зохицуулах ёстой вэ?
-Өнөөдөр ажлын байрыг дэмжих нь маш чухал байна. Харамсалтай нь, энэ асуудал санасан хэмжээгээр болохгүй байх шиг. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болгож цаашлаад богино хугацаанд үр нөлөө үзүүлэхэд нь төсөв, санхүүгийн бодлого чиглэгдэх ёстой юм. Түүнээс биш цаг хугацаа шаардсан урт хугацааны том бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө зарцуулаад байвал эдийн засагт хүндрэл учруулах нь ойлгомжтой. Тиймээс богино хугацаанд үр дүнгээ өгөх ажлын байр бий болгох, жижиг, дунд бизнесийг дэмжихэд анхаарах ёстой.
-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллав уу. Баян-Өлгийд ямар бүтээн байгуулалт өрнүүлсэн бэ?
-Тойрогтоо ажиллаж амжсангүй. Зарим орноор явлаа. Саяхан гэхэд Баян-Өлгий аймгийнхаа удирдлагуудтай БНХАУ-ын Алтай аймагт очиж ажиллалаа. Хоёр орны аймгууд нэлээд хэд, хэдэн асуудлаар хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Манай улсын эдийн засгийг нөхөн сэргээж байдаг салбар бол яах аргагүй уламжлалт мал аж ахуй. Гэтэл бид чинь уул уурхай гэж ярьсаар байгаад мал аж ахуйгаа мартчихжээ. Тэгвэл одоо үндсэн салбараа дэмжих асуудал чухал болж байна. Үүнтэй холбоотойгоор малын үйлдвэр угсаа, чанарыг сайжруулахаар Алтай аймагтай Баян-Өлгий аймгийнхан хамтран ажиллахаар болсон. Энэ нь малын үүлдэр угсааг сайжруулах тухай. БНХАУ-ын Алтай аймагт улаан хонь гэж байдаг юм байна. Маш том биетэй, манайхаар бол хоёр хонь нийлүүлэх хэмжээний жинтэй. Энэ хонины үүлдэр угсааг эх орондоо нийлүүлэхээр болсон. Үүний зэрэгцээ тэнд ардын эмчилгээ сайн хөгжсөн байна. Үүнийг нь ч гэсэн давхар судлахаар боллоо. Харин бүтээн байгуулалтын хувьд энэ жил манай аймагт 30 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хуваарилсан байгаа. Үүний гол асуудал бол аймгийн төвд битүү зах барих юм. Одоо захын шавыг нь тавиад ажлаа эхлүүлж байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн техникээр хангах асуудал шийдэгдсэн байгаа. Харин цэцэрлэг, сургуулийн барилгын ажил эхлээгүй байх юм.
-Хичээлийн шинэ жил эхэллээ?
-Холбогдох газарт шаардлага тавиад сууж байна. Ер нь цаашдаа тендер шалгаруулалтыг түргэн шуурхай зохион байгуулахыг шаардахгүй бол ажилд тушаа болж байна.
-Баян-Өлгий аймагт давхар иргэншил нэлээд өндөр аваад байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-1990 оноос хойш манай улс ардчилсан нийгэмд шилжснээс хойш хүн хаана ч хамаагүй амьдрах эрхтэй болсон. Үүнтэй холбоотойгоор манай аймгийн цөөнгүй иргэд Казахстанд ажиллах, иргэншилд нь орох процесс өдий хүртэл үргэлжилсэн. Гэвч тэдний дунд очоод өсч төрсөн нутгаа санах, суурьшихгүй байх зэрэг шалтгаанаар Баян-Өлгий аймагтаа шилжиж ирсэн нь цөөнгүй бий. Ийм 800 гаруй хүний иргэншлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан шийдэж өгсөн. Одоо иргэншлээс үүдсэн асуудал арилсан гэхэд болно.