Ц.БАЯР
2016 оны оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн иргэд НӨАТ-т төлсөн арван хувиасаа хоёр хувийг жилийн эцэст буцааж авах болсон. Мөн урамшууллын сугалаанд оролцох эрхтэй. Энэ талаар иргэд буруу ташаа ойлголттой байна. Гааль татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга С.Орхон, НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нараас зарим зүйлийг тодрууллаа.
С. Орхон: “Буцаан олголтын баримтаа нөхөж авах боломжтой”
-Иргэд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хойш татварын буцаан олголтын баримтаа авч чадаагүй бол нөхөж авах боломжтой юу?
- Нэгдүгээр сарын 1-ээс иргэд үйлчлүүлсэн газар болгоноос баримт нэхэх эрхтэй болсон. Одоогоор татварын бүртгэлээр баталгаажсан баримтыг тухайн үйлчилгээний газар өгөөгүй тохиолдолд нөхөж олгох боломжтой юм. Тухайлбал, тус дэлгүүр кассын машинаа суурилуулж, мөн интернет орчинд холбогдмогц өмнө худалдан авалт хийсэн иргэдийн баримтын бар кодыг НӨАТ-ын урамшууллын системд шивж баталгаажуулна. Ингэснээр тухайн иргэн буцаан олголт болон урамшуулалт сугалаанд оролцох боломжтой болно. Хэдийгээр борлуулагч аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт гаргаж өгөх ёстой боловч олон шалтгаан байгаагаас өнөөдөр баримт хэвлэж өгөх цэг буюу дэлгүүр,жижиг аж ахуйн нэгжүүд цөөн байна. Үүнд техник технологийн бэлэн байдлыг хангаж чадаагүй газрууд байхад зарим хэсэг нь хуулиа мэдээгүй, ойлгоогүй гэсэн шалтгаанаас баримт олгож чадахгүй байна. Бидний зүгээс тодорхой хугацаа өгөөд байна. Нэгдүгээр сарын 18-ны дотор хуулийг хэрэгжүүл гэсэн шаардлага тавьж байна. Мэдээж хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага тооцно. Хуулиа мэдээгүйгээс болоод хариуцлагаас мултарна гэж үгүй. Хуулийг хэрэгжүүлэх тухай өмнө аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл, зааварчилгаа, зөвөлгөө хүргүүлж байсан.
Р.Отгонтулга: Кассын машин, принтер 120 мянган төгрөгийн үнэтэй байна
- Татварын бүртгэлээр баталгаажсан баримт олгож байгаа цэгүүдийн тоо хэд хүрээд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд татварын бүртгэлээр батаалгаажсан баримт олгож байгаа 9300 цэг байна. Нийтдээ 75 мянган аж ахуйн нэгж байгаагаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж НӨАТ төлөх аж ахуйн нэгжийн тоо 30000 хүрэхэд баримт олгох цэгүүд нилээд жигдэрсэн гэж үзэж болно. Яагаад гэвэл үйл ажиллагаа явуулж байгаа борлуулагчид бүгд өргөн хэрэглээний талх зардаг газрууд биш.
-Кассын машин өндөр өртөгтэйгээс хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тухай ярьж байна?
- Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжээс хийсэн судалгаагаар тухайн дэлгүүр аж ахуйн нэгж 120 мянган төгрөгт багтааж кассын машин суурилуулж, интернет орчинд холбогдох боломж бий гэж үзсэн. Одоогоор улсын хэмжээнд кассын машин оруулж ирж худалдаалж буй 17 компани байна. Эдгээр компаниуд харилцан адилгүй үнэтэй байгаа нь төрөөс оролцож нэгдсэн журмаар зохицуулах боломжгүй. Санхүү бүртгэлийн системийг боловсронгуй болгох зорилготой энэхүү хуулийг хэрэгжүүлэх хүсэлгүй зарим нэг аж ахуйн нэгж татвараас зайлсхийхийн тулд хэт үнэтэй мэтээр ярьж байгаагаас үүдэлтэй сөрөг мэдээлэл байна.
-НӨАТ-ын буцаан олголтыг хийхийн тулд заавал кассын машин авах ёстой юу?
-Ямар нэгэн кассын машин хүчээр шахах гэсэн хардлага гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм зүйл огт болохгүй. Яагаад гэвэл, интернет сүлжээтэй орчинд www.e-barimt.mn цахим хуудас руу орж төлбөрийн баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой. Бид технологийн дэвшилтэт эринд амьдарч байна. Хүн бүр ухаалаг утас ашиглаж байгаа нөхцөлд хүндрэл учрахгүй. Тэгэхээр хаанаас ч гэсэн баримтаа гаргаад авч болно гэсэн үг. Бид '‘Баянзүрх" худалдааны төвд долоо хоногийн хугацаанд туршилт хийсэн. Тэнд худалдаа хийж байсан хүмүүсийн 80 хувь нь ухаалаг утастай байсан учраас аппликейшн суулгаж өгсөн. Энэ ажил маш амжилттай болсон. Тиймээс аж ахуйн нэгж болоод хувь хүнд огтхон ч чирэгдэл учруулахгүй. Түүнээс гадна тухайн худалдаа эрхлэгч хэдэн төгрөгийн татвар төлж чадах эсэхийг бодитоор гаргах боломж анзаарагдсан.
- 100 саяын хонжворт сугалааны тухай тодруулна уу?
Улсын төсвөөс cap бүр хоёр тэрбум төгрөг гаргана. Мөн сугалааны хонжворт хамгийн багадаа 30 мянган төгрөг, дээд тал нь 100 сая төгрөг хожих боломжтой. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс аж ахуйн нэгж болон худалдаа эрхлэгчдэдээ нэг л зүйлийг уриалж байгаа. Тухайлбал, их бага гэлтгүй худалдан авалт бүрт баримтыг нь гаргаж өгөөсэй. Мэдээж 100 мянган төгрөгийн худалдан авалт хийх нэгэн байхад 500 төгрөгийн үнэтэй чихэр авах хүүхэд бий. Хамгийн гол нь худалдан авах үнийн дүнгээс үл хамааран сугалаанд оролцох эрх үүснэ. Тэгэхээр хүүхдийн аз түшээд 500 төгрөгийн баримтаар том хонжвор хожих ч юм билүү, бид мэдэхгүй шүү дээ.
- Системд баримтын төвлөрөл муу байгаа нь эхний сугалаагаар 100 саяын супер азтан тодрох магадлал бага юм биш үү?
-Өнөөдрийн байдлаар www.e-barimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараа бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын системд нэвтэрсэн 9057 аж ахуйн нэгж хувь хүн байна.Энэ сан цаашдаа өснө. Гэхдээ эхний тохиролоор супер азтан тодрохгүй байлаа гэхэд нөхөж тодруулна. Шагналын сан төсөвт суусан учраас тодруулахгүй гэсэн зүйл үгүй.
С. Орхон: “Иргэд жилд нэг л удаа татварын хөнгөлөлт эдлэнэ”
-Шинэ байр худалдаж аваад нэг жилийн дотор зарчихсан бол хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын мөнгөө авах боломжтой юу?
-Энэ хууль нь татвар төлөгч иргэдээ анх удаа байр худалдаж авахад нь дэмжсэн хууль. Цалингаас нь 10 хувийн татвар авдаг. Тэгвэл туайн хүн байр худалдаж авсан тохиололд тэрхүү цалинд төлж байсан татварыг буцаан өгч байгаа явдал. Түүнээс биш ямар нэгэн тэтгэлэг, урамшуулал биш. Харин худалдаж авсан байраа эзэмшиж байгаа үедээ буцаан олголтоо авах ёстой. Нэг жилийн дотор байраа зараад буцаан олголтоо авч чадаагүй бол нөхөж авах боломжгүй.
-Шинэ байр худалдаж аваад тэр жилдээ давхар оюутны сургалтын төлбөр ч төлсөн тохиолдолд хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг зэрэг авах боломжтой юу?
-Иргэд жилд нэг л удаа хувь хүний орлогын албан татварын буцаалтыг авах боломжтой. Энэ жилдээ оюутны сургалтын төлбөрийн 10 хувийг буцаан авсан бол дараа жил шинэ байрныхаа буцаан олголтыг авна гэсэн үг. Нэг жилд хоёр удаа зэрэг авах боломжгүй.
Эх сурвалж:www.zms.mn