
Б.ЭНХЗАЯА
Нарантуул захын түрээслэгчдийн эсэргүүцэл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга тус захыг хоёр өдөр хааж, зам барилгын ажил хийх шийдвэр гаргасан юм. Ингэхдээ Нарантуул болон Өргөтгөлийн захын дундуур хар замаар Нарны замтай холбохоор төлөвлөжээ. Энэ хүрээнд өчигдөр, өнөөдөр буюу хоёр өдөр худалдаа явуулахыг хориглосон юм. Гэтэл энэ шийдвэр нь захын түрээслэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон хэмээн эсэргүүцсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жил эхэлж худалдан авагчид нэмэгдсэн үед хоёр өдөр хаах нь лангуу түрээслэгчдийн хувьд орлогоо алдах бололтой. Нөгөө талаар хоёр захыг хязгаарласан зам тавих нь хэдэн зуун хүнийг ажлын байргүй болгож, замын хөдөлгөөн нь хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж болзошгүй хэмээн үзэж байна.
Түрээслэгчид өчигдөр 09.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2000 гаруй түрээслэгчийн гарын үсэгтэй шаардах бичиг хүргүүлэхээр очсон байв. Тэд хотын захирагчтай уулзахыг хүссэн ч хүлээж аваагүй гэнэ. Харин доод албан тушаалын хүмүүс нь уулзсан ч дорвитой шийдвэр хэлээгүй ажээ. Түүнчлэн Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж эсэргүүцэл үзүүлж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн юм.
Өчигдөр 11.00 цагийн орчимд тус захад очиход цөөнгүй түрээслэгч ажиллаж байв. Ажиллахгүй хэмээн албан ёсоор зарласан ч эсэргүүцсэн түрээслэгчид худалдаагаа явуулсан нь энэ. Харин зарим нь уржигдраас эхлэн захын төв хаалгыг хааж суулт зарлажээ. Ойролцоогоор 5000 орчим хүн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, замын ажлыг хориглон уриа лоозон барьсан харагдана. Шийдвэрийг цуцлуулахын тулд бүх төрлөөр тэмцэнэ гэдгээ хэлж байна. Тэд Халдвартын буудлыг Нарны замтай холбох 2.3 км авто замын ажлыг хийх шийдвэрийг олон нийтийн саналыг сонсохгүйгээр гаргасан, шийдвэрийг цагийг нь тулгаж мэдэгдсэн хэмээн бухимдах ажээ. Хамгийн гол нь ард иргэдийн амьдралаа залгуулж яваа ажлын байрыг золиослон байж ийм шийдвэр гаргасан нь “улс төрийн сонирхол” гэх хүмүүс ч байсан юм. Өөрөөр хэлбэл, Дүнжингарав худалдааны төв рүү чиглэсэн урсгал бий болгох авто зам байж ч мэдэх юм. Үүнийг батлах жишээ бол замын ажлыг өнгөрсөн саруудад хийж болох байсан. Заавал ачааллын үетэй давхцуулж эхлүүлж буй нь ядарсан түрээслэгчид төдийгүй энгийн иргэдийн санаанд ч хар төрүүлж байна.
Авто зам тавих зурваст хот хоорондын үйлчилгээний хэдэн арван машин бий. Мөн энэ хэсэгт тэрэгчид, бэлэн хоол зардаг хүмүүс, хуучин хувцас зардаг зэрэг 300-350 хүн ажилладаг гэнэ. Ямартаа ч амь амьдралаа залгуулдаг эх үүсвэр болсон хэсэгхэн зайгаа авч үлдэхийн тулд бослого гаргахад ч бэлэн байлаа. Түрээслэгчид ийнхүү ярьж байна.
С.Алтаннавч:
АРД ИРГЭДЭЭ ТУРХИРЧ БОЛОХГҮЙ
-Нарантуул бол хүмүүсийн амьдралыг залгуулж байгаа талбар. Ард иргэдийн 90 хувийг тэжээж байгаа худалдааны төв шүү дээ. Түрээслэгчид гэдэг хэн хүний үгээр амьдралаа алдах хүмүүс биш. Тэдний олонх дээд мэргэжилтэй хүмүүс байдаг. Хичээлийн жил эхлэх гээд худалдан авалт сайтай үед ард иргэдээ ингэж турхирч болохгүй.
н.Батаа:
ШИНЭ ЗАМ ХОЁР ХОНОГИЙН ХУГАЦААНД ХИЙЧИХ АЖИЛ БИШ
-2.3 км замыг хоёр хоногийн хугацаанд хийнэ гэсэн. Ийм богино хугацаанд хийх ажил биш. Тэгэхээр энэ нь автозам тавибал нэг сарын хугацаанд ажилгүй байх юм байна. Энэ хугацааны наймааны алдагдлыг хэн өгөх юм. Яваандаа бид ажлын байргүй болох нь. Бид өөрсдийн хүчээр ажлын байртай байгаа хүмүүс. Хоолныхоо мөнгөнөөс салахыг хэн ч хүсэхгүй.
н.Болор:
ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХ ГАНЦ ЭХ ҮҮСВЭР БОЛОХООР ТЭМЦЭНЭ
-Нарантуул зах ажиллаж эхэлсэн 1998 оноос би хоол зарж, тэрэг түрдэг байсан. Ар гэрээ авч яваа ажлын талбарыг эзэлж байгаад үнэхээр бухимдаж байна. Шийдвэрийг цуцлуулахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ.