Үндэсний мэдээллийн төвд

Г.Билэг-Ариун

    Хот, хөдөөгийн олон хүн үйлчлүүлдэг “Нарантуул” худалдааны төв дундуур авто зам тавих шийдвэрийг түрээслэгчид нь эрс эсэргүүцэж байна.  Тус төвийн Үйлдвэрчний хорооны дарга Ц.Мягмар болон тэнд  худалдаа үйлчилгээ явуулж буй хүмүүсийн төлөөлөл  өнөөдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Учир нь, хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед худалдаа үйлчилгээг нь зогсоож, амралтын өдрүүдэд зам тавих гэж  байгаа нь наймаачдын эрх ашгийг зөрчиж байна гэв.  

      “Нарантуул” худалдааны  төвийн Үйлдвэрчний хорооны дарга Ц.Мягмар  “Тус худалдааны төвд ойролцоогоор 15 мянга гаруй түрээслэгч иргэд ажилладаг.  Түрээслэгчийн 80  гаруй хувь нь банкны  зээлтэй байдаг бөгөөд өдөрт олсон ашиг орлогоороо амьдралаа авч явдаг олон хүн тэнд ажилладаг. Тэгээд ч “Нарантуул”  захын  авто машины зогсоол бүрэн шийдэгдсэн учраас тэнд  авто зам тавих шаардлагагүй. Харин   “Сандей, “Өгөөмөр” гэх мэт авто зогсоол нь  шийдэгдээгүй худалдааны төвүүдэд зам тавих хэрэгтэй. Амралтын хоёр өдөрт багтаан  авто зам тавина гэдэг бүтэхгүй зүйл. Тиймээс бид  “Наран туул” ХХК-ийн Үйлдвэрчний хороонд ирсэн түрээслэгчдийн санал гомдлын дагуу тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэсэн юм.