Б.СОЛОНГО

Хүүхдийнхээ нэрийг бүртгэлийн дэвтэрт бичүүлэхийн төлөөх их тэмцэл тун удахгүй эхлэх гэж байна. Өнгөрсөн хавраас хойш яах нь мэдэгдэхгүй байсан цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гаригаас эхэлнэ гэнэ. Шинэ сайдтай боловсролын салбарт багагүй өөрчлөлт гарна, ядаж л хүүхдээ харьяа цэцэрлэгт нь оруулчихаж дөнгөнө биз гэсэн найдлага эцэг эхчүүдэд байлаа.

Харамсалтай нь үгүй бололтой. Дахиад л хэн түрүүлж цэцэрлэгийн хашааны хаалганд хүрнэ тэр хүний хүүхдийг бүртгэх уламжлалт аргаа хэрэглэхээс өөр аргагүй гэдгийг Нийслэлийн боловсролын газрынхан хүлээн зөвшөөрлөө. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн орон тоо нийт хүүхдийн 65 хувийг л авах хэмжээнд байгаа тул таны хүүхэд бүртгүүлж чадахгүй үлдвэл битгий гомдоорой гэж байна. Шинжилгээний хуудас шаардахгүй, эцэг эхчүүдэд төвөг учруулахгүй гэсэн хэрнээ цагаан хорхойн шинжилгээний хариуг бүртгүүлсний дараа авахаар боллоо гэнэ. Угаасаа л цагаан хорхойн шинжилгээний хариуг есдүгээр сарын 1-нд очихдоо л өгдөг шүү дээ. Дахиад л эцэг эхчүүд үр хүүхдээ чирээд эмнэлгийн үүдэнд уртаас урт цуваа үүсгэх нь. Шинэчлэгдсэн юм ердөө ч алга.

Олон жилийн уламжлалаа дагаад ээж, аавууд минь ирэх бүтэнсайны шөнө цэцэрлэгийн гадаа хонож таарах нь. Танил эрхлэгч, багшийн гарыг цайлгах мөнгөө ч бэлдэхгүй бол болохгүй нь. Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг ирэх даваа гаригаас эхлэн ес хоногийн хугацаанд явуулна гэж зарласан. Ингэхдээ 19-23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэж, 26-28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэх юм байна. Ингэж ангилж байгаагийн шалтгаан нь хуучин хүүхдүүдээс цэцэрлэгтээ явахгүй хүүхэд байгаа эсэхийг мэднэ гэнэ. Ингээд сүүлийн гурав хоногт шинээр элсэх хоёр настнуудаа, дээр нь гарсан орон тоон дээрх хүүхдүүдээ авахаар зохицуулах юм байх. Гэсэн ч хэн нь сүүлийн гурав хоногийг хүлээгээд сууж байхав дээ. Жил бүр эцэг, эхчүүдийг хашааны хаалга мануулж, өрөвдөлтэй нүдээр царайчлахад хүргэдэг энэ заваарсан уламжлал хэзээ дуусах юм бол. Үр хүүхдэдээ хэдэн байшин бариад өгчихөж чаддаггүй төр засгийг арчаагүйгээр нь дуудахаас өөр яах вэ. Тэгсэн хэрнээ орон сууц, барилгажилтад зориулж өч төчнөөнөөр нь зээл гаргаад, хэдэн тэрбумаар нь цацаж л байна. Саяхан даа, нэгэн эрхэм энэ жил дөрвөн цэцэрлэг шинээр нэмэгдсэн тухай ярилцлагадаа дурдсан байсан.

Тэгвэл дөрвөн цэцэрлэг нэмэгдсэн бол оронд нь долоон цэцэрлэг жагсаалтаас гарсан гэнэ. Их засвар оруулаад ч хүүхэд авах боломжгүй, амь насанд халтай гэсэн дүгнэлттэй есөн сургууль, цэцэрлэг байна. Нэрлэвэл Баянгол дүүргийн 73 дугаар сургууль, 38 дугаар сургууль, 57 дугаар цэцэрлэг, 47 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг, 10 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 32 дугаар цэцэрлэг.  Эдгээр сургууль, цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг ойр орчмынх нь сургууль, цэцэрлэгт хуваарилах юм байх.

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө арав гаруй хоног үлдчихсэн байхад ийм мэдээ дуулгалаа. Цэцэрлэгтээ явна гээд хөөрцөглөж суугаа хүүхдүүдийг яах вэ. Гадна, дотноос зээлсэн тэр их мөнгөө үрэх арга нь олдохгүй байгаа бол ядаж хэдэн байшин бариад цэцэрлэг болгочих л доо. Тэгвэл ямар олон хүнд буян болох бол.