С.УЯНГА

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх шинэ журам энэ сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа.

-Шинэ журам хэрэгжээд эхэллээ. Хэр үр дүнтэй байна вэ?

-НИТХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд хуралдаж тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх мөн гудамж замын хамрах хүрээ, үйлчлэх цаг болон түр саатуулах байр, төлбөрийн хэмжээг тогтоосон.

-Төлбөрийн хувьд нэлээдгүй өөрчлөлт орсон байсан?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэлийг бууруулахаар 08:00-20:00 цагийн хооронд хориглосон 77 гудамж, замд зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ. Ингэхдээ зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микробус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобусыг 60 мянган төгрөгөөр шилжүүлнэ. Харин  3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөө зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон

 -Түр саатуулах хашаанаас 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ очиж авбал төлбөрөөс чөлөөлнө гэсэн үү?

-Түр саатуулах байрны  хоногийн төлбөрийг мотоцикл 3000,  суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй машин 5000, 3.5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизм 20000 төгрөг байхаар баталсан. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км  дотор шилжүүлнэ. Зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах  байрны төлбөрөөс чөлөөлнө. Мөн саатуулах байрны зогсоолын талбайн хэмжээг 2000 м2-аас доошгүй байх, зориулал­тын чирэгч, ачигч автомашины  тоог 100-аас ихгүй байхаар тогтоосон. Тээврийн хэрэгслийг саатуулах хашаанд орсон цагаас хойш 24 цагийг нэг өдрийн хөлс гэж тооцно. 25 дахь цаг болсон тохиолдолд хоёр өдрийн мөнгө гэж төлнө. Өөрөөр хэлбэл машин журмын хашаанд орсон л бол хэдэн минут болох нь хамаагүй бүртгэлд бүтгэгдсэнээр хөлсийг тооцож авна.

-Машин зөөсөн хөлс, журмын хашааны төлбөрөөс гадна жолоочийг торгоно гэсэн үнэн үү?

-Тийм ээ. “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч түр буюу удаан зогсох журам зөрчиж хөдөлгөөнд саад учруулах эсвэл явган хүний гарцан дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр машин зогсоосон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр торгоно. Тухайн иргэний хаягаар бэлэн бусаар жолоочид хариуцлага тооцно. Тэгэхээр хориг­лосон газарт зогссон жолооч ачиж зөөвөрлөсөн зардлаас гадна хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин