Э.ОРХОН

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр Хангарьд ордонд боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын асуудлаар албаны хүмүүс тодорхой мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болоод их засвар хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 25 гэхэд бүгд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэдгийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана энэ үеэр хэлж байсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 50 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болоод их засвар хийгдэж байна гэсэн. Ажлын явц хэр байна вэ?

-Сургууль, цэцэрлэгүүд урсгал засварын ажлаа хуваарийнхаа дагуу хийж байна. Энэ сарын 25 гэхэд бүгд дуусах ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр 50 сургууль, цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байна. Зарим засварын ажил нь өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн. Эдгээр байгууллагын хувьд Нийслэлийн худалдан авах газарт тендер нь зарлагдаж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулж ажиллаж байна. Нийслэлийн боловсролын газар нь ашиглагч байгууллага учраас гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын ажилд манай хоёр инженер болон дүүргүүдийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байгаа. Хэдийгээр зарим барилгын ажил хожуу эхэлсэн ч гүйцэтгэгч байгууллага нь  наймдугаар сарын 25 гэхэд бүх ажлаа дуусгах гэрээтэй. Өнөөдрийн байдлаар бүх газрууд гэрээгээ байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж байна. Одоогоор барилгын ажилд хүндрэл гарсан сургууль цэцэрлэг байхгүй.

-Жил бүр эцэг эхчүүдийн санааг зовоож бухимдуулдаг асуудал бол цэцэрлэгийн бүртгэл. Өнгөрсөн хавраас хойш эцэг эхчүүд энэ асуудалд анхаарлаа хандуулсан. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгэж эхлэх вэ? 

-Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаарх зөвлөмжийг энэ долоо хоногт гаргана. Мэдээж өмнө зохион байгуулдаг байсан уламжлалт аргаар явагдана. Нэг онцлог нь өмнө нь эрүүл мэнд, эмчийн бичиг зэрэг эцэг эхчүүдэд хүндрэл учруулдаг байсан зүйлийг аль болох чирэгдэлгүй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ эцэг эхчүүд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бид бүх хүүхдүүдийг цэцэрлэгтээ хүлээж авч чадахгүй. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 69 орчим хувь нь хамрагдаж байсан бол энэ жил 71-72 хувийг нь хамруулах урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Энэ жилээс эхлэн хамран сургах тойрогт хуваагдаж байгаа. Энэ хичээлийн жилээс эхлэн шинээр элсэн орж байгаа хүүхдүүд зөвхөн хамран сургах тойрогтоо явна. Харин өмнө нь тухайн цэцэрлэгт явж байсан хүүхдүүдэд хамран сургах тойрог хамаарахгүй. Бидний хувьд бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, эцэг эх, багш нарын хамтарсан ажлын хэсэг гарган иргэдэд нээлттэй ил тод байдлаар ажиллана.

Эмнэлгүүдийн барилгын ажлын явц хэр байгаа талаар энэ үеэр албаны хүмүүс сонирхож байв. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа есөн эмнэлэгт өргөтгөлийн болоод их засварын ажил хийгдэж байна. Энэ талаар НЭМГ-ын орлогч дарга М.Мөнхдэлгэрээс тодруулахад “2013 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа есөн байгууллагад 1.6 тэрбум төгрөгийн их засвар хийгдэх гэж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засвар болоод гадна талын тохижилт, Клиникийн нэгдүгээр амаржих газрын А, Б блокын дулааны узель, цахилгааны засвар шинэчлэл, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засвар, Чингэлтэйн эрүүл мэндийн нэгдэл болоод амбулаторийн их засвар, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засвар зэрэгт тус бүр нь 80-200 сая төгрөгийн үнэлгээтэй их засварыг хийх гэж байна. Гэвч харамсалтай нь эдгээр засварын ажилд хоёр ч удаа тендер зарласан боловч гүйцэтгэгч нь шалгараагүй. Тиймээс манай зүгээс гурав гурваар нь багцлаж шууд гэрээ байгуулж ажиллахаар болсон. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа ЭХЭМҮТ-ийн барилгын ажил энэ үеэр яригдсан. Одоогоор барилгын ажил 65 хувьтай байна. Цаашид дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх байх. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал бол намрын цагт дэлгэрдэг гоц халдварт өвчний асуудал. Энэ сард тарваган тахлаас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс эрсдэлтэй бүлэгт ажилладаг 1740 хүнд тарваган тахлын вакциныг хийсэн. Мөн тарваган тахлын вакцин хийхийг харъяа эрүүл мэндийн байгууллагууддаа өгч вакцинаа хийж дууссан. Энэ сард эмнэлгийн ажилчдын сар тохиож байгаа. Энэ хүрээнд зарим эмч мэргэжилтнүүдээ шагнаж урамшуулсан. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу энэ сард эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг авч хэлэлцэж байна” гэсэн юм.