
Үндэсний мэдээллийн төвд
Ч.Зотол
“Наранцацралт сан” 10 жилийн ойгоороо “Их газрын чуулган” олон улсын соёл, урлагийн наадмыг Дундговь аймагт хийхээр болжээ. Наадмын хөтөлбөрт Ардын жүжигчин, нэрт уртын дуучин Ж.Дорждагва агсны нэрэмжит “Дуртмал сайхан” уртын дууны уралдаан болон яруу найргийн наадам, сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд, галын тахилга, хурдан дааганы уралдаан, театр, чуулгуудын нэгдсэн тоглолт зэрэг олон үйл хамруулжээ. Зориод очсон хэнд ч үзэж харах, сэтгэлээ баясгах зүйл олонтой, сайхан наадам болохыг зохион байгуулагчид хэллээ. Тэдний яриаг тоймлон хүргэж байна.
Энхбат / Дундговь аймгийн Засаг даргын орлогч/: Монгол ёс заншлаа сурталчилна
-Манай аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Их газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газар гурван өдрийн турш соёл, урлаг, яруу найраг, айрагны баярын цэнгүүн болно. Энэ сарын 17-19-нд гурван өдөр болох наадамд Улаанбаатарт байгаа дундговьчууд болон, иргэд, олон нийтийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Эхний өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол айрагны баяр” болно. Энэ баяр хэд хэдэн хэсэгтэй. “Дэмбээний наадам”-ыг улсын хэмжээнд зарласан. Монгол дэмбээг мартагдуулахгүйг зорьж байна. Хэний хийсэн айраг сайхан бэ гэсэн номинацид тэмцээн явуулна. Нэрт номч Зава Дамдингийн гэр музей Их газрын чулуунд ажиллана. Уран үгсийн чуулган, яруу найргийн наадам, “Дуртмал сайхан” номын сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлт болно. Наадам олон улсын соёлын харилцааны хүрээнд болж буй тул гадаад, дотоодоос оролцохоор мэдүүлгүүдээ ирүүлсэн. Бид энэ баяраа монгол зан заншил ахуйн соёлыг таниулах, хойч үед сурталчлахад чиглүүлсэн. Тухайлбал, Долоон бурхан одны, галын тахилга, нар угтах ёслолыг алдарт дуучин Н.Норовбанзад агсны “Уяхан замбутивийн наран” дууны гэрэлт хөшөөн дээр зохион байгуулна. ОХУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны урлаг судлаачид ирж туршлага солилцох, “Домог” хамтлаг тоглолтоо сонирхуулах, хурдан дааганы уралдаан гээд олон сонирхолтой үйл явдал өрнөнө.
Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг: Уртын дууны уралдаан хоёр чиглэлтэй
-Зууны манлай, алдарт дуучин Ж.Дорждагва агсны нэрэмжит уртын дууны олон улсын уралдаан Н.Норовбанзад багшийн төрсөн газарт болох гэж байна. Театр, чуулгуудын мэргэжлийн дуучид, ардын авьяастнууд оролцох мэдүүлгээ олноор ирүүлсэн. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад улсаас уртын дуу судлаач, дуучид оролцоно. Уралдаан мэргэжлийн болон ардын авьяастан гэсэн хоёр чиглэлээр явагдана. Уртын дуучин болохоор суралцаж буй оюутнууд 1-2 курсынх бол ардын авьяастан төрөлд, түүнээс дээш ангид суралцдаг бол мэргэжлийн ангилалд оролцохоор хөтөлбөрт тусгасан. Мөн нутаг, нутгийн аялгуугаар дуулдаг, мартагдсан дууг сэргээж эргэлтэд оруулахад анхаарч байгаа. Тиймээс уралдаанд оролцогчид мартагдсан дуунуудыг сэргээж дуулбал ихээхэн ач холбогдолтой юм. Түүнээс гадна өөрийн урын сангаас хамгийн сайн дуулдаг дуугаа оруулах нь зүйтэй. Хоёрдугаар шатнаас дээш шалгарсан тохиолдолд Ж.Дорждагва багшийн дуулсан “Түмэн эх”, “Цэвцгэр хурдан шарга”, “Асар өндөр”, “Хэрлэнгийн баръяа”, “Тунгалаг тамир”, “Уртын сайхан хүрэн” зэрэг айзам уртын дуунуудыг дуулахаар заасан байгаа. Уралдаан 18-ны өглөө “Нар угтах ёслол”-оор эхэлнэ.
П.Бадарч/Ардын уран зохиолч/:
-Яруу найргийн наадам гурав дахь удаагаа болох гэж байна. Уншигчидтайгаа уулзах сайхан үе юм. Энэ наадамд манай “Болор цом”-ын эзэд оролцдог. Уламжлалын дагуу дуутай хууртай, шүлэг яруу найрагчид шилдэг шүлгүүдээ уншсан сайхан баяр болно. Энэ үеэр таван минутын шүлгийн уралдаан болно. Тэнд очсон бүх яруу найрагчид оролцож, тэргүүн байрын шүлгийг чулуун дээр бичих уламжлалыг бий болгож байгаа. Дашрамд хэлэхэд, энэ бүхнийг санаачилсан хүн нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт юм. Жил болгон өргөн дэлгэр болж байна. Ухаантай хүний үйлс ингэж уламжлагддаг юм байна. Дээр нь Дундговь аймаг сайхан нутаг. Байгалийн сайхан, хүний сайхан нийлж цогцолсон сайхан баярт та бүхэн өргөнөөр оролцоорой.
Н.Соёмбо /“Наранцацралт сан”-гийн тэргүүн/:
-Манай сан Дундговь аймагт зуданд нэрвэгдсэн малчдад туслах, малжуулах, тэмээг өсгөх чиглэлд бодлогын томоохон ажлууд хэрэгжүүлж ирсэн. Энэ жил 10 жилийн ой тохиож байна. Аймаг,орон нутгийнхантай ярьж байгаад ойгоороо Монголын анхны байгалийн задгай театрт урлаг, соёлын олон улсын наадмыг зохион байгуулж байна. Монгол ёс уламжлал баялаг юм. Тэр дотроо айрагны соёл гэж том соёл бий. Ялангуяа Дундговьд тогоо нэрдэггүй байсан. Түүхийн явцад янз бүрийн архи, дарс орж ирж монголчууд доройтсон байдаг. Тэгвэл архигүй найр, айрагны баяр гэж юу байдаг вэ, түүнийг сурталчилъя, залуусаа үлгэрлэе, хойч үед өвлүүлье гэсэн зорилгоор Их газрын чулуунд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Орон нутгийн удирдлагууд сэтгэл гаргаж ихээхэн тусалж дэмжиж байна. Дээр нь Монголын Зууны манлай хоёр уртын дууч манай нутгийнх байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Тиймээс тэдний нэрэмжит наадмыг зохион явуулъя гэж шийдсэн. Ганц жил болоод өнгөрөхгүй, уламжлал болгоно. Та бүхэн өөрсдөө очиж үзээрэй, оролцоорой. Үр хүүхдээ аваачиж ардын ёс заншлаас суралцуулаарай.