
Ө.СОНОР
50 сая илүү малтай боловч монголчууд бид хуурай сүүг устай холин уусаар байна. Олон улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг Шинэ Зеландын “Фонтерра” үйлдвэрийн шар сүүний уургийн хатаасан бэлдмэлээс clostridium botulinum хэмээх хүнийг үхэлд хүргэх аюултай хор илэрсэн тухай шуугиан дэлхий даяар түгэж, улс орнууд сүүн сүүн бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд дээд зэргээр анхаарч эхэлсэн юм. Манай улсад сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тетрапак савлагаатай зардаг компаниуд импортын хуурай сүүг устай хольж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Гэвч тэд эх орны цэвэр сүү хэмээн иргэдийг өнөөг хүртэл төөрөлдүүлсээр л байна. Шар сүүний хатаасан уургаас гарсан үхлийн хортой холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан өнгөрсөн долоо хоногт тун шуурхай ажиллаж. Барагтай юманд хөдөлж өгдөггүй тэд ганц хоёрхон хоногт Нарантуул, Хархорин, Бөмбөгөр гээд л Улаанбаатарын бүх зах, томоохон худалдааны төвүүдээр ажиллаж манай улсад дээрх хортой шар сүүний хатаамлыг худалдаалаагүй болохыг нь тогтоосон гэнэ. Мөн Гаалийн ерөнхий газраас дээрх хортой шар сүүний уургийн хатаамал болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд манайд орж ирээгүй гэж мэдэгджээ. Харин дээрх “Фонтерра” фирмийн хуурай сүүг АПУ, “Витафит Инвест”, “Тэсо” зэрэг компани авч ашигладаг гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан зарлалаа. Улмаар тэдгээр компаниудын савласан бүтээгдэхүүнээс дээж авч лобораторийн шинжилгээнд өгчээ. Мөн “Цаст фүүдс” компанийн БНХАУ-ын “Менгниү” үйлдвэрээс импортлодог таван төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд өгөөд байгаа гэнэ.
Харамсалтай нь “Фонтерра” үйлдвэрийн хуурай сүүнээс ч дээрх төрлийн нян илэрсэн тухай зарим орон мэдэгдэж эхлээд байна. Манай хөрш ОХУ, Хятад болоод Казакстан, Беларусь улс тус компанийн үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаамал болон хуурай сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг импортлохыг бүрмөсөн хориод байна. Хамгийн түгшүүртэй нь “Фонтерра” үйлдвэрийн хуурай сүүнээс ч дээр өгүүлсэн үхлийн нян илэрсэн тухай Шри-Ланк улсын холбогдох байгууллагуудаас нь мэдээлжээ. Иймээс тус улсад дээрх төрлийн бүтээгдэхүүнийг бүрмөсөн хорьсон байна. “Фонтера” үйлдвэрийнхний зүгээс тэднийг лабораторийн шинжилгээгээ алдаатай хийсэн, манай хуурай сүү зүгээр гэж мэдэгдсэн ч түүнд нь иргэд итгэхгүй байгаа ажээ. Иймээс манай улсад худалдаалагдаж буй эх орны цэвэр сүү гэж ичих ч үгүй рекламддаг компаниудын бүтээгдэхүүнүүд аюул дагуулж мэдэхээр байна. Хэдийгээр холбогдох газрууд нь шинжилгээнийхээ хариуг гаргаагүй байгаа ч дээр өгүүлсэнчлэн 50 илүү сая малтай мал аж ахуйн орны эзэд бид гаднын найдваргүй хуурай сүүг устай хольж уугаад, түүнийгээ өглөө бүр ургах нарандаа өргөж, үйлдвэрлэгчид нь эх орны сүү гэж нутаг нэгтнүүдээ хулхидсаар л байна.