
Б.ЗАЯА
Нийслэлийн удирдлагууд энэ оны эхний хагас жилд өрнөсөн бүтээн байгуулалт, бодлогын үйл ажиллагааны талаар өчигдөр хэлэлцлээ. Хотын даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс энэ онд хэрэгжиж байгаа ажлыг түүвэрлэн ярилцсан юм. Түүнээс онцолбол олон түмний өмнө хэрэгжиж буй бүтээн байгуулалт бол зам тээвэр, дэд бүтцийн салбарыг онцлон хэлэх нь зүйтэй. Энэ талаар нийслэлийн Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр дараах мэдээллийг танилцууллаа. Энэ онд хэрэгжих ажил 69.8 хувьтай явж байгаа гэнэ. Үүнээс тодруулбал, Нийслэлийн авто замын газарт хөрөнгө оруулалтаар 88 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм байна. Одоогоор дөрвөн зам бүрэн дуусч, есөн зам, нэг гүүрийн зорчих хэсгийг нээсэн. Харин гэрээ байгуулах шатанд нэг зам, нэг гүүрийн ажил байна гэлээ. Зам засварын ажил өрнөж 21 цэг байгаа бол тендерийн үнэлгээний шатанд гурван замын ажил байгааг дуулгалаа. Нэгдсэн дүнгээр зам барилгын ажил 62.5 хувьд хүрчээ. Түүнчлэн Эдийн засгийн яамтай хамтарсан “Гудамж” төслийн хүрээнд Саппоро, “Өргөө” кино театр, Дарь эхийн уулзварыг шинээр барьсанд нийслэлчүүд ам сайтай байгааг онцолж байна. Харин нийслэлийн дэд бүтцийн хувьд 110Кв цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгаа ажээ. Уг цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2010 оноос эхэлсэн ч ажлын явц удаашралтай байсан. Богд уулын орчимд газар чөлөөлөлтөөс үүдэж байршлыг дахин тогтоох ажил хийгджээ. Энэхүү мэдээллийн явцад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “УС-15” дулааны станцын барилгын ажлын талаар сонирхов. Энэ асуултад хариуцсан мэргэжилтэн “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд захирамж гарч, “УС-15”-ын хуучин барилгыг буулгасан. Одоогоор газар чөлөөлөх ажил явагдаж байна” гэлээ.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖИЛ ХЭВИЙН БАЙНА
Бүтээн байгуулалтын ажлын гол хүч нь хөрөнгө оруулалт. Засаг даргын 2013-2016 оны хөтөлбөрт тусгагдсанаар 2161 заалтыг хэрэгжүүлж ажиллах ёстой аж. Энэ онд нийслэлийн эдийн засгийн 414 заалтын 1462 ажлыг энэ хагас жилд хэрэгжүүлж ажиллажээ. Үүнээс 100 хувийн хэрэгжилттэй 466 ажил байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нийт ажил 69.8 хувьтай байна. Удаашралтай 27 ажил байгаа нь хөрөнгө оруулалт, шугам сүлжээ, газар чөлөөлөлтөөс шалтгаалжээ. Тиймээс эдгээр асуудлыг цэгцэлж дараагийн хуралд таницуулахаар болов. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд компаниуд хэвийн ажиллаж байгаа гэлээ. Тодруулбал, БЗД-ийн найм, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлж буй “Гангар инвест”, “Баганат өргөө” компани газар шорооны ажлаа эхлүүлжээ. Өнгөрсөн бямба гаригийн байдлаар БЗД-ийн 12 дугаар хороо “Грандлайн” компанийн хариуцсан хэсэгт зураг төсөл дахин өөрчлөгдсөн учир удааширсан болохоо мэдэгджээ. Тэд энэ сарын 15 гэхэд ажлаа эхэлнэ, 19 аж ахуйн нэгж байгууллагын газрыг чөлөөлөхөд бэлэн болсон гэжээ. Түүнчлэн Дамбадаржаа орчим, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороог “Цэлмэг Ази” компани хариуцаж авсан. Батламжаа сүүлдэж авснаар цаг алдсан гэнэ. Чингэлтэй дүүргийн 12, 15 дугаар хорооны дахин төлөвлөлтийн ажил хэвийн явж байгаа юм байна. Харин “Заг”, “Асар өргөө”, “Бэрэн” компанийн хариуцаж авсан VII хорооллын ажил эхэлсэн үгүй нь мэдэгдэхгүй байгааг албаны хүн хэллээ. Тиймээс эдгээр компанийн төлөөллийг өмнөх төсвийн хүрээнд хийсэн ажлаа ялгаж танилцуул гэсэн үүрэг өгчээ.
УТААНЫ ШҮҮЛТҮҮР ХЭРЭГЛЭХИЙГ БОЛИУЛЖЭЭ
Нийслэлд жил бүр тулгардсан асуудал нь утаажилт. Хүйтний улирал эхлэхээр утааны асуудал хурцаар тавигдаж ирсэн. Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн албаныхан өнгөрсөн жилээс утаагүй зуух, утаа шүүгч зэргийг хэрэглэж эхэлснийг онцолж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд олон янзын ажил хийж байгаа. Өнгөрсөн жил 1000 гаруй өрхөд утаа шүүх шүүлтүүр тавьж туршсан. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэхээр 20 мянган айлд тавихаар төлөвлөсөн ч иргэд хэрэглэхээс төвөгшөөх хандлагатай байгаа гэнэ. Арчилгаа шаардагдаж байгаагаас төвөгшөөх болсон бололтой. Тэгээд ч төслийн зуух тавьж байгаа нь 80 хувийн шаталт үүсгэж утааг багасгаж байгаа учир давхар утаа шүүлтүүр тавих нь төсвийн хөрөнгийг илүү зарцуулж байгаа тул зогсоожээ. Энэ үеэр төслийн 46 мянга орчим зуух эзнээ хүлээж байгааг дуулгалаа. Түүнчлэн хотыг ногоон байгууламжтай болгох хэд хэдэн хөтөлбөр байгаа ажээ. Нийт газар нутгийн 20 хувийг ногоон байгууламжтай болгох зорилтын хүрээнд энэ жил 6.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн барих байж. Гэвч хүссэн хэмжээндээ хүрч чадаагүй нь цэцэрлэгт хүрээлэн барих тендер хоёр удаа зарлагддагтай холбоотой гэнэ. Орон сууцны болон гэр хорооллын нийтийн эзэмшлийн талбайд спортын талбай байгуулах ёстой. Үүнийг хийе гэвч газар олголтын замбараагүй байдлаас болж бас л хойшлогдсоор иржээ. Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан эхний долоон сарын байдлаар нийт ажлаа нугалж амжжээ. Харин үлдсэн хугацаанд удаашралтай байгаа ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллагын нэгжийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.