Б.ЭНХЗАЯА

200 ГА ТАЛБАЙ МӨНДӨРТ ЦОХИУЛЖЭЭ

Өнгөрсөн өдрүүдэд орон даяар үргэлжлэн орсон борооны улмаас газар тариалангийн салбарт багагүй хүндрэл учирчээ. Ургацын болц 4-5 хоног хойшлогдож, багагүй талбай мөндөрт цохиулсан болохыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ. Газар тариалангаар голлогч манай улсын хувьд энэ жил 400 гаруй мянган га талбайд тариалалт хийснээс 293 мянган га-д үр тариа, 75 мянган га тосны ургамал, 9.4 га-д тэжээлийн ургамал  тарьжээ. Түүнчлэн 13.8 мянган га талбайгаас төмс, 7.1 мянган га талбайгаас хүнсний ногоо хурааж авахаар тариалсан юм. Одоогийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгийн бүс нутагт ургацын болц харьцангуй хэвийн, Булган, Хөвсгөл, Хэнтий болон төвийн нутагт муу байгааг орон нутгаас мэдээлж байна. Энэ жил олон жилийн дунджаас илүү хур тунадас унасан нь үр тарианы болцод нөлөөлжээ. Өнгөрсөн сарын сүүлч, энэ сарын эхээр орсон борооны улмаас 200 га талбай мөндөрт цохигдож, нэг тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Хэдийгээр газар тариалангийн гол бүс нутгаар болц хэвийн байгаа ч энэ сарын цаг агаарын төлөв ширүүн байгааг салбарын яамны мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь энэ сарын 9-15-ны хооронд цаг агаар тааламжтай байх ч сарын сүүлчээр хур тунадас орж, хөрсөндөө хасах хэм рүү шилжих төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулсан байна. Энэ талаар салбарын яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Одонхүү “Одоогоос 14-20 орчим хоногийн хугацаанд цаг агаар хэвийн  байвал тарималын болц харьцангуй сайн байна” хэмээв. Өөрөөр хэлбэл, энэ сард цаг агаар ямар байхаас газар тариалангийн хувь заяа шийдэгдэхийг албаныхан хэллээ. Үүнээс гадна үр тарианы ургац болохын хэрээр жил бүр агуулах савны асуудал хөндөгддөг. Энэ жилийн хувьд 146 мянган тоннын агуулах ургац хадгалахад бэлэн гэнэ. Төв аймгийн Угтаалцайдам сум дахь 36 тонны агуулахыг нөгөөдөр хүлээлгэж өгөх юм байна. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд 290 орчим мянган тоннын багтаамжтай агуулах байгаа ажээ. Өнгөрсөн жилтэй харьцуулвал үр тариа хадгалах агуулах бүрэн чөлөөлөгдсөн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дуусчээ. Тиймээс энэ жилд  300–аас доошгүй мянган тонн буудай хадгалах боломжтой болсон хэмээн албаныхан мэдэгдлээ. 

 

НОГООЧИД ЗУРГААН ДҮҮРЭГТ 247 ЛАНГУУ АЖИЛЛУУЛНА

Агуулах савандаа олон мянган тонноор үлдэж дараа жилтэй золгодог байсан төмс, хүнсний ногоог энэ жилээс хэрэглээнд хангалттай нийлүүлэх томоохон ажил анх удаа хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, ченжүүдийг алгасч, нийслэлчүүдийн хэрэгцээнд өөрийн гараар худалдаалах үүд хаалга ногоочдод нээгдсэн юм. Учир нь энэ намраас нийслэлийн дүүргүүдэд ногоочид өөрсдөө лангуу ажиллуулж, хүнсний ногоогоо худалдаална. Одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт 112 лангуу бэлэн болсон бөгөөд нийт 28 цэгт 247 лангууг ногоочид ажиллуулах юм. Дүүрэг бүрт 4-6 цэг ажиллана. Түүнчлэн хоёр цэгт шинэ ургацын ногоог худалдаалж эхэлжээ. Тодруулбал, Скай худалдааны төв, Урт цагааны урд Сэлэнгийн Мандал сумын ногоочид худалдаа эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар төмс хүнсний ногоо түүвэрлэн хураалтын байдалтай байгаа. Төмс хүнсний ногоо 3.2 мянган тонныг хүлэмжийн ногоог 800 тонныг зах зээлд борлуулж байна. Худалдаа энэ сарын 5-наас аравдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Ногоочид нийслэлд байхдаа газраа хайх, түрээсээ төлөх шаардлагагүй. Зөвхөн тээврийн зардал, дотоод зохион байгуулалтын зардлаа гаргана. Бусад зардлыг салбарын яам хариуцаж байгаа ажээ. Тэдний хувьд “Сэлэнгийн төлөөх хөгжлийн сан” ТББ-тай гэрээ байгуулах ёстой гэнэ. Түүчнлэн худалдаа эрхлэхдээ орон нутгаас үүсэл гарлын бичигтэй байхыг шаардах бөгөөд бүлэг, хоршооны хэлбэрээр ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 10, 10-аараа бүлэг болж нэг хэсэг нь энд борлуулалтаа хариуцаж, нөгөө нь тээвэрлэлт, хураалтаа хариуцах хэлбэрээр хуваагдаж ажиллах нь тэдэнд ашигтайг онцолж байна. Энэхүү худалдаанд аймаг бүр оролцох боломжтой ч Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд сум сумаараа зохион байгуулалтайгаар оролцох саналаа ирүүлжээ. Ногоочид бүтэн жилийн хөдөлмөрийг нь 200-300 төгрөгөөр үнэлж байгаад бухимдсаар ирсэн. Харин ченжүүд тэднээс авсан үнээ 4-5 дахин дамлаж нийслэлчүүдэд худалдаалдаг байсан юм. Тэгвэл энэ намраас ногоочид ашигтай ху­далдаа хийж, хэрэглэгчид ч хямдхан бүтээгдэхүүн хэрэглэж эхэлнэ.