
Б.ТУУЛ
Наймдугаар сар гарав уу, үгүй юу эцэг, эхчүүдийн санаа зовж эхэлдэг нэг зүйл бол хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх. Хэдийгээр улсын гэх тодотголтой 900 гаруй цэцэрлэг байдаг ч тэдгээрт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 60-70 хувь нь хамрагдаад, бусад нь гэртээ харах хүнгүй үлддэг болоод тэр. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх зорилгоор хамран сургах тойргийг шинэчлэх, цэцэрлэгийн хүүхдүүдийг энэ сард дахин бүртгэх зэрэг ажлыг холбогдох газруудаас нь хийж байна. Энэ талаар БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгэх вэ?
-Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 19-28-ны хооронд явагдана. Тиймээс бүртгэлийн хугацаанд эцэг, эхчүүд өөрийн боломжтой цагтаа цэцэрлэг дээр очиж баталгаажуулахад хангалттай. Бүртгэл өдөр бүр ажлын цагаар явагдана.
-Бүртгэл ес хоног явагдах юм байна. Энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлж амжих уу?
-Нэг цэцэрлэгт дунджаар 20-60 хүүхдийг л шинээр элсүүлж бүртгэнэ. Иймд найман хоногийн хугацаанд ямар нэгэн урт дараалал үүсэхгүй. Цэцэрлэг бүр өдөрт дунджаар 3-7 хүүхэд бүртгэлээ гэхэд л найман хоногийн дотор бүх хүүхдээ бүртгэж дуусах юм.
-Жил бүр цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх үеэр эцэг эхчүүдийн урт дараалал үүсдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Урт дараалал үүсэх байдлыг гаргуулахгүйн тулд холбогдох арга хэмжээг авч байна. Үүний гол шалтгаан нь мэдээлэл, ил тод, нээлттэй биш, зохион байгуулалт тодорхойгүй байсантай холбоотой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүүхдээ аль цэцэрлэгт, ямар хугацаанд бүртгүүлэх, бүртгүүлэхдээ юу авч ирэх тухай мэдээллийн иргэдэд нээлттэй болгосон байгаа. Дээр нь шуурхай хүргэх, бүртгэлийг урт дараалалгүйгээр, бухимдал үүсгэхгүйгээр оновчтой зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна.
-Цэцэрлэгийн насныхны эрүүл мэндийн шинжилгээг эцэг эхчүүдэд хамааралгүйгээр авах ажлыг зохион байгуулахаар болсон гэсэн үү?
-Хүүхдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг өрхийн эмнэлгээс авах, дахиж өгөх шаардлагагүй эрүүл мэндийн шинжилгээг эцэг, эх, иргэдээс нэхэж тэдэнд хүндрэл, бэрхшээл үүсгэхгүй байх зэргээр жижиг мэт боловч ар гэрийнхэнд нь төвөг учруулдаг байдлыг бүрэн арилгахаар төлөвлөсөн байгаа.
-Энэ жил цэцэрлэг, сургуулийн элсэлтэд хамрах хүрээний зааг тогтоосон. Зарим эцэг, эхчүүд үүнийг сайн ойлгохгүй байгаа. Тиймээс та энэ тухай тодорхой тайлбарлаж өгөөч?
-Хамран сургах тойргийг Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн хувьд шинэчлэн тогтоогоод байна. Учир нь, шинээр баригдсан орон сууц болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй. Тиймээс сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор шинэчлэлт хийж байгаа юм.