Б.УРАН

Улаанбаатар хотын гэр хорооллын тэлэлт, замбараагүй газар олголтын асуудлыг ул суурьтай судалж, бүгдийг эхнээс нь цэгцлэх шийдлийг хотын удирдлагууд олсон бололтой. Хот байгуулалтыг зөв гольдролд оруулж, алдаа гажуудлыг залруулахын тулд нийслэлд нүүж ирсэн шинэхэн иргэдийг нутаг буцаахаар болжээ. Энэ удаад хотын дарга нэлээд хатуухан захирамж гаргав. Тодруулбал, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг шинэчлэн баталсан өдөр буюу энэ оны тавдугаар сарын 30-наас хойш орон нутгаас нийслэлд ирж суурьшсан иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дуустал түр зогсоохоор боллоо. Хэрэв зөвшөөрөлгүй суурьшвал тухай бүрт нь хариуцлага тооцож, газар чөлөөлөх ажлыг тогтмол зохион байгуулна гэнэ. Дахин төлөвлөлт хийгдээгүй газарт инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барихгүй бөгөөд зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, компанийг ус, цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангахгүй гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд шинэ Улаанбаатарын бүтээн байгуулалт дуустал хотод амьдрах тухай санах ч хэрэггүй болжээ. Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуустал замбараагүй газар олголтыг ийнхүү зогсоож байгаа бололтой. Түүнчлэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 байршилд дээрх өдрөөс өмнө нийслэлд бүр мөсөн шилжин суурьшихаар бүртгүүлсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй иргэнд газар өмчлүүлэх юм байна. Шинэ суурьшлын бүс бий болгохоор газрын нөөцийн судалгаа хийгдэж байгаа болон нөөц тогтоогдсон байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх хүртэлх хугацаанд мод үржүүлгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түр хугацаагаар ашиглуулан газрыг хамгаалах шийдлийг мөн олжээ. Түүнчлэн холбогдох албаныхан тун сонирхолтой тоог мэдээллээ. 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаас хойш нийслэлийн хэмжээнд ердөө 93291 иргэн буюу нийт хүн амын 7.6 хувь нь газраа өмчилж авсан байх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийт хүн амын 92.4 хувь нь хуульд заасан эрхээ эдлээгүй буюу амьдралын баталгаа болсон газраа өмчилж аваагүй байна. Тиймээс НИТХ-аас өмчлүүлэх газрын байршил хэмжээг нарийвчлан тогтоож, 2014-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар тогтоол гаргасан юм. Ингэснээр Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршилд нийт 15 309 га газрыг өмчлүүлэхээр болсон билээ. Эмх замбараагүй тэлсэн нийслэл хотыг шинэ төлөвлөгөөнд оруулахын тулд иргэдтэй хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал нийслэлийн 11 хороог сонгон авч, Google map ашиглан нарийвчилсан зураглал гаргаж үзжээ. Эдгээр хороонд хүн амын нягтрал хэр байна, хэдэн иргэн автобусны буудал, худаг руу хэр хугацаанд алхаж байна, түүнчлэн хэдэн хүүхэд сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгааг цаасан дээрх судалгаагаар биш иргэдийн аман зураглалаар бодитоор гаргаж үзжээ. Эдгээрээс жишээ татахад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 4484 хүн амьдардаг. Тэдний гурван хувь нь автобусны буудлаас таван минут алхах зайнд амьдардаг. Энэ хорооны 2-5 насны нийт хүүхдийн 66 хувь нь цэцэрлэгт явж чаддаггүй. Албан бус 11 хогийн цэг бий гэхчлэн нарийвчилсан түүвэр зураглалыг иргэдтэй хамтарч гаргажээ. Энэхүү судалгааг цаашид нийтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ашиглах боломжтойг хэлж байлаа. Нийслэлийн 152 хороонд энэ судалгааг үргэлжлүүлэн хийхээр болжээ.