Ч.ОЛДОХ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар суллалаа. Түүний эрүүл мэнд өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс үүдэлтэйгээр эрс муудаж, эсийн алдагдалд орсон нь Монголд эмчлэх боломжгүйд хүрсэн юм. Иймд холбогдох байгууллагуудад хандан өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байсан билээ.
Түүнд тулгасан таван хавтас хэрэг гэгч анхнаасаа зохиомол, улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт байсан нь хэрэг бүрдүүлэлт, шүүх хурлын явцаар нотлогдож байв. Тухайлбал, тэрхүү таван хавтас хэргийн гурав нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байсан нь үүнийг гэрчилдэг.
Н.Энхбаярын хувьд эхнээсээ өөрт нь хүчээр тулгаж буй хэргийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж “Энэ бол улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт, зохимол хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлж ирсэн юм. Тиймээс түүнд өршөөл, уучлал байх ёсгүй, харин цагаатгах ёстой хэмээж байв. Энэ байр суурьтаа ч хатуу зогссоор байсан. Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өчигдөр түүнд уучлал үзүүлэх тухай тогтоол гаргаснаар ийнхүү суллажээ.
Харин Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн зүгээс төрийн тэргүүнд хандан өршөөл, уучлал хүсээгүй юм байна. Тэгэхээр энэ бүхэн Н.Энхбаярт тулгаад байсан хэрэг эхнээсээ улс төрийн хилс хэлмэгдүүлэлт байсан гэдгийг харууллаа гэж үзэж байна. Ямар боловч Н.Энхбаяр суллагдаж, цаашид эрүүл мэнддээ анхаарах, эмчлүүлэх боломжтой болсонд хамтран зүтгэгч нөхдийнх нь сэтгэгдлийг сонирхлоо.
З.Батбаяр:
ЭНЭ ХЭРЭГ ЭХНЭЭСЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ
/МАХН-ын зөвлөх/
-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт тулгаад байсан хэрэг гэгч нь эхнээсээ улс төрийн захиалгатай хэлмэгдүүлэлт байсан. Энэ нь шүүх хурлын явцад ч, дараа дараагийн болсон үйл явдлуудаар нотлогдсон. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Н.Энхбаяр даргад уучлал үзүүлж байгаа нь түүнд тулгасан хэрэг гэгч нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэдгийг Монголын төр зөвшөөрч байгаагийн илрэл гэж бодож байна.

З.Баянсэлэнгэ:
ДАРГЫГ ЦАГААТГАХ БАЙСАН
/УИХ-ын гишүүн/
-Н.Энхбаяр даргын эрүүл мэнд маш дор орсон. Тэгэхээр түүнд уучлал үзүүлснээр Монголын төр, холбогдох байгууллагууд хариуцлагаас зугтаж, эрүүл мэндийнх нь асуудлыг өөрт нь даатгаад хаяж байна. Уг нь хуулийн хэллэгээр бол Н.Энхбаяр даргыг өвчний учир ялаас чөлөөлж цагаатгах ёстой байсан.