Б.ТУУЛ

Наймдугаар сар гарч, хичээл сургуулийн бэлтгэл ажил хаяанд ирээд байна. БШУЯ-аас Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг хэвлэх ажлыг эрт дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бага ангийн сурах бичиг хэвлэгдэж дууссан гэдгийг албаны хүн хэлж байна. Харин дунд, ахлах ангийн ном наймдугаар сарын  15-нд хэвлэлтээс гарах гэнэ. Энэ тухай  БШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн П.Жавзмаагаас тодрууллаа.

 

-Хичээл, сургуулийн бэлтгэл ажил хаяанд ирж байна. Сурах бичгийн шинэчлэн хэвлэх ажил  ямар шатандаа явж байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжих болсонтой холбогдуулан сурах бичгийг шинэчлэх ажлыг 2008 оноос эхлэн хэрэгжүүлсэн.  Энэ хугацаанд 12 жилийн сургалттай 1-5, 8-10 дугаар ангийн нийт 89 нэр төрлийн сурах бичгийг бүрэн шинэчлээд байна. Энэ онд  6, 11 дүгээр ангийн сурах бичгийг, ирэх онд 7, 12 дугаар ангийн сурах бичгүүдийг шинээр зохион хэвлүүлснээр сурах бичгийг ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжих шилжилттэй уялдуулан шинэчлэх ажлыг дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ цаашид сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой­гоор сурах бичгийг шинэчлэх ажил тасралтгүй хийгдэнэ.

-Одоо хэддүгээр ангийн сурах бичиг хэвлэлтээс гараад байна вэ. Мөн бага ангийнханд сурах бичгийг нь улсаас үнэ төлбөргүй өгдөг. Харин дунд, ахлах ангийн сурагчид ийм хөнгөлөлтөд хамрагдах боломж хэр байдаг тухай товчхон мэдээлэл өгөөч? 

-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж ирсэн.  Энэхүү хөнгөлөлтөд дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь нь хамрагддаг. Энэ хичээлийн жилд ашиглагдах сурах бичгийн хэвлэн нийлүүлэлтийн ажил бараг дуусч байна. Тодруулбал, 2013-2014 оны хичээлийн жилд хэрэглэгдэх 1-5 дугаар ангийн сурах бичиг бүрэн хэвлэн нийлүүлэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, тендерт ялсан “Бит пресс”, “BCI”, “Соёмбо”, “Сод пресс” зэрэг хэвлэлийн газруудаас  аймаг, нийслэлийн боловсролын газруудад  хүргэгдсэн. Тэндээсээ сургуулиуддаа бүгд хүргэгдсэн гэсэн үг. Нийт  38 нэр төрлийн 731654 ширхэг сурах бичиг нийлүүлээд байна. 

-Зарим эцэг, эх хүүхдийнхээ сурах бичгийг авч өгөх гэсээр байтал  хичээлийн шинэ жил дуусчихдаг.  Тэдний олонх нь “Сурах бичиг үнэтэй байна эсвэл олдохгүй байна” гэдэг. Салбарын яамны зүгээс энэ асуудлыг зохицуулахад ямар бодлого баримталж байна вэ?

-БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурах бичгийг жил бүр 100 хувь хэвлэн нийлүүлдэг. Харин 2-5 дугаар ангийн сурах бичгүүдийн хувьд өмнө жилүүдэд хэвлэн нийлүүлсэн хэрэглэж болох сурах бичгүүдийг дараа жилд нь үргэлжлүүлэн ашигладаг юм.

Тиймээс өмнө хэвлэгдсэн сурах бичигтэйгээ энэ жилийн шинэ сурах бичиг нийлээд улсын сургуулийн 1-5 дугаар ангийн сурах бичгүүд бүрэн хангагдаж байгаа. Харин ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг улсаас сургуулийн номын сангаар дамжуулж, үнэ төлбөргүй олгодог.  Тиймээс үлдсэн 60 хувь нь зах зээлээс сурах бичгээ худалдан авдаг. Зарим эцэг, эхчүүдийн худалдан авах чадвараас шалтгаалан сурах бичгийн худалдан авалт хангалтгүй байдаг. Иймээс сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын шинэчлэл төсөл”-ийн санхүүжилтээр сурах бичгүүдийг хэвлэн нийлүүлж, сургуулийн номын сангаар дамжуулж түрээсээр хэрэглүүлнэ. Ахлах ангийн буюу 6-12 дугаар ангийн сурах бичиг ирэх сарын 15-нд  бүрэн хэвлэгдэж дуусна.

-Нэгдүгээр ангийн сурах бичгийг яагаад жил бүр шинэчлэн хэвлэдэг  юм бэ.  Дунд, ахлах ангийн хүүхдүүд шиг дараа жил нь үргэлжлүүлэн ашиглаж болдоггүй юм уу?

-Бага ангийн сурагчдын сурах бичиг дээр ажиллах дасгал их байдаг. Тиймээс нэгдүгээр ангийн сурах бичгийг жил бүр шинэчилдэг юм.