Б.ЭНХЗАЯА
Нийслэлчүүдэд хамгийн хүндрэлтэй асуудал нь нийтийн эзэмшлийн талбай. Орон сууцны хорооллынхон сав л болбол хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолоо алдчихдаг “өрөвдөлтэй” улс. Нэг л өглөө, эсвэл орой байрных нь гадна том техникүүд зогсоож газар ухаж, хашаалж эхэлдэг болохоор тэд яах ч аргагүй нийтээрээ эзэмших талбайгаа алддаг. Гэхдээ тэдний буруу биш, хэн нэгэн эрх мэдэлтний шийдвэрээр энгийн иргэд ингэж хохирсон жишээг бид олонтаа сонсов. Ийм нэгэн хэрэг нийслэлд дахин мандаад байна. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, “Тэнгис” кино театрын ард “Макс” группын барьж буй орон сууцны барилгын залгаа нийтийн эзэмшлийн хэсэгхэн талбайд барилга барихаар гурван жилийн өмнөөс маргаан дэгдэж эхэлжээ. “Макс” группын барьж буй барилгын буурин дээр хуучин “Макс” худалдааны төвийн салбар байсан юм. 2011 оноос тус салбарын газрыг өргөтгөж барилга орон сууц барьж эхэлсэн юм. Уг барилгын ард хэд хэдэн худалдаа, үйлчилгээний төв залгаа оршдог. “Олимпс” спорт барааны дэлгүүр, “Амрита” шөнийн клуб, “Сэрүүн сервис” зэрэг худалдаа, үйлчилгээний 18 байгууллагынхан төв зам руугаа гарах хэсэгхэн талбайтай. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн талбай гэсэн үг. Зөвхөн худалдаа, үйлчилгээний үйлчлүүлэгчид ч бус орон сууцныхан энэ хэсгээр зорчдог байна. Гэтэл гурван жилийн өмнөөс “Хорол титэм” компани тэр талбайд нь барилга барихаар зэхэж эхэлжээ. Тус компанийнхан 2004 онд энэ орчимд барилга барихаар газар авч байсан ч 2011 он хүртэл ашиглаагүй ирж. Гэтэл “Макс”-ийнхан орон сууцны хороолол барьж эхлэхдээ газраас нь хумсалж, ажлаа эхлүүлсэн гэнэ. Газраа алдсан “Хорол титэм”-ийнхэн арга ядахдаа нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар барилга барихаар иргэдтэй маргаж эхэлжээ. Үйлчилгээний төвүүдийн гарах ганц гарц болсон өмнөх талбайд нь долоон давхар барилга барина гэсэн байна. Хэрэв тус барилга баригдвал үйлчилгээний төвүүдийн орлого буурах, орон сууцны иргэд орох гарах гарцгүй болох, цаашилбал гэнэтийн ослын үед онцгой байдал, түргэн тусламжийн машин орох боломжгүй болохыг иргэд учирлаж байна.
Хоёр жилийн өмнө “Макс” группын барилга сууриа тавихад багагүй хэрүүл шуугиан үүсч байсан билээ. Мөн л нийтийн эзэмшлийн талбайгаа алдлаа хэмээн иргэд бухимдаж байсан ч газраа алдсан. Гэтэл орж гарах гарц болсон хэсэгхэн талбайг нь дахин авна гэсэнд бухимдахгүй хэн байх билээ. Газраа хамгаалсан иргэд өнгөрсөн хугацаанд эрхээ зөрчүүлсээр байгааг хэлж байна. Зөвшөөрөлгүй талбайд барилга барих гэсэндээ “Хорол титэм” компанийнхан хүмүүсийг хэдэн арваар нь хөлслөн хүчээр дайрч турхирдаг болсон гэнэ. Газраа ухуулахгүйн тулд машинуудаа зэрэгцүүлэн тавихад зөөгөөд талбайгаа чөлөөлчихдөг байна. Түүнчлэн “Макс”-ийнханд газрынхаа зарим хэсгийг алдсан мөртлөө ихэд найзархаг байдгийг иргэд хэлж байна. Энэ талаар “Олимпс” спорт барааны дэлгүүрийн менежер н.Одгэрэл “Хорол титэм компанийнхан 2004 онд зөвшөөрөл авсан гэдэг. Олон жил ашиглаагүй талбайг улсын өмч болгодог биз дээ. Гэтэл одоо хүртэл тэр зөвшөөрлөө бариад явж байх юм. Тэд олон хүмүүсийг хөлсөлж авч ирээд газраа хамгаалсан бидний эсрэг турхирдаг болсон. Гэхдээ тэр компани олон хүнийг удаа дараа хөлслөөд байх хөрөнгө мөнгөтэй компани биш. Хөлсний хамгаалагчдын хэлж буйгаар “Макс”-ийнхан хөлсөлсөн. Хөлсөө өгөхгүй байна гэж ам алдаж байсан юм. Тэгээд газраа хашаалсан төмөр хашаа болон тогоо “Макс”-ийн барилгаас авдаг” гэв. Тэрээр “Анхнаасаа нийтийн эзэмшлийн талбайг булаасан “Макс” дахиад газар авч чадахгүйдээ энэ компанийг мөнгөөр цохиж бидний эзэмшлийн газрыг авах гээд байна” гэж байна. Ямар боловч “Макс” ч бай, “Хорол титэм” ч бай нийтийн эзэмшлийн зам талбайг ил цагаанаар булааж байгаа нь хууль бус. Хохирсон иргэд нийслэлийн болон дүүргийн Газрын албаныханд мэдэгдэхэд нүүрэн дээр нь хууль бус гэдэг ч дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс өөрсдийнхөө хүчинд найдаж газраа ээлжээр манаж хонодог болжээ.