Б.ЭНХТУУЛ

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний тасгийн дарга Д.Сэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

12-23-8a1-Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас сумдын Засаг дарга, агентлагуудын дарга нарын ажлыг шалгаж байгаа гэж сонссон. Ингэхдээ тухайн байгууллагын алба, хэлтэс болгон дээр нарийвчилсан хяналт, шалгалтыг  хийж байгаад иргэд ам сайтай байна. Энэ тухай та  мэдээлэл өгөөч?

-Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд агентлагийн дарга, сумдын Засаг дарга нарын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, энэ онд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн боловсруулж, Засаг даргаар баталгаажуулсан юмЭнэхүү ажлыг бид нийт долоон шалгуур үзүүлэлтээр үнэлж, дүгнэж байгаа. Тухайлбал,

  • Стратеги төлөвлөлт,
  • Захиргаа удирдлага, зохион байгуулалт хүний нөөц,
  • Байгууллагын ил тод байдал,
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт.
  • Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа,
  • Санхүү хөрөнгө оруулалттай холбоотой асуудал,
  • Техникийн ашиглалт, үйлчилгээ гэсэн үзүүлэлтээр дүгнэж байна.

Энэ ажил маань хяналт шалгалт гэхээс илүүтэй сумдын болон агентлагуудын ажлын явцыг шалгаж, арга зүйн зөвлөгөө өгч, төрийн удирдлагын төлөвлөлт хэрэгжилтийг сайжруулахажлыг нь эрчимжүүлэх зорилготой юм.

-Энэ ажил хэр хугацаанд үргэлжилж байна. Мөн дээрх хяналт, шалгалтыг нэгтгэн дүгнэх  эцсийн хугацааг хэзээ гэж товлосон бэ?

-Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 26-наас  ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд дөрвөн сумынхаа ажлыг дүгнэж, зөвлөмж өглөө. Одоо агентлагын газар, хэлтэс, албадын үйл ажилагаанд явцын үнэлгээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Ажлын явц ямар байна. Мэдээж, сумдын Засаг дарга нарын ажил харилцан адилгүй дүгнэлттэй яваа байх?

-Дөрвөн сумыг шалгахад ерөнхий үнэлгээгээр Орхон сум 90.5 хувьтайАүнэлгээтэй гарсан. Харин Хонгор, Шарын гол, Дархан сум 65-68 хувийн үнэлгээтэй, тааруухан дүнтэй явж байна. Гэхдээ энэ  хяналт шалгалтын гол зорилго нь хэн нэгний мууг дуудахдаа биш, тухайн байгууллагын алдаа, дутагдлыг илрүүлж, гарсан алдаа дутагдлыг дахин давтахгүй байх, зөрчлийг арилгуулах, тухайн алба, хэлтсийн дотоод ажил, тулгамдсан асуудлыг нь  шийдвэрлэхэд  мэргэжил арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх зорилготой юм. Тиймээс бид өгсөн заавар, зөвлөмжийнхөө дагуу үүрэг, даалгаврыг хэрхэн гүйцэтгэж байна, түүнийг яаж цаг тухайд нь засч залруулж байгааг тодорхой төлөвлөгөөтэй, хугацаатай хянаж шалгаж ажиллах болно.

Ямар ч ажлыг бид  эхнээс нь зөв хийгээд хэвшчихвэл дараа дараагийн ажлаа зөв гольдрилоор нь хийгээд явах боломж бүрдэх юм. Жишээ нь, дөрвөн жилд нэг удаа төрийн албан хэрэг хөтлөлт, улсын архивын үзлэг төрийн байгууллагуудад нэг удаа ирдэг. Үзлэг ирэх дөхөхөөр л бид  хонон өнжин суугаад, ажлаа цэгцэлж эхэлдэг. Тэгвэл энэ ажлын үр дүнд  ирэх дөрвөн жилийнхээ ажлыг одооноос цэгцэлж эхлэх юм.

-Долоон үндсэн шалгуур үзүүлэлтүүдээ дотор нь нарийвчлан зааж өгсөн үү. Та тодорхой нэг жишээ дурдаач?

-Энэ долоон шалгуур үзүүлэлт нь бүгд дотроо задарж байгаа. Тухайлбал, тухайн байгууллагын алсын хараа, эрхэм зорилго нь юу байна. Үйл ажиллагааны хэтийн бизнес төлөвлөгөө байна уу, үгүй юу. Байгууллагын бүтэц орон тоо, зохион байгуулалт ямар байнаАжлын байрны тодорхойлолт нь ямар байна. Албан байгууллага, хувь хүний нууцын хамгаалалт, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа ямар байна гэх мэтчилэн бүх шалгуур үзүүлэлтүүдийг дотор нь задалж, нарийвчилж өгсөн. Тухайлбал, албан хэрэг хөтлөлт гэхэд мэдээллийн технологийг ашигласан байдал гэдгийг нарийвчлан зааж өгсөн, энэ дагуу ажлаа шалгасан байгаа. Тэгээд байгууллага тус бүр дээр алдаа дутагдлыг нь хэлэлцээд, заавар, зөвлөмж өгч байгаа. Энэ нь хэзээ, хэн ч шалгасан ажил эхнээсээ цэгцтэй, сайхан явна гэсэн үг.

-Гэхдээ төрийн байгууллагуудад ийм хяналт, шалгалт байдаг байх аа. Үүнээс ялгарах гол онцлог нь юу байна вэ?

-Хэдийгээр бид жил бүр Засгийн газрын 322 дугаар тогтоолоор сум, агентлагийнхаа үйл ажиллагааг үнэлж дүгнэх журамтай. Өмнө нь бид бодлогын баримт бичгийн хүрээнд хянаж, шалгаад, хууль тогтоолууд хэрхэн яаж хэрэгжиж байна вэ гэдгийг түлхүү анхаардаг байсан. Тиймээс яг төрийн байгууллагуудын дотоод бүтэц, зохион байгуулалт гэдэг үүднээс нь илүү анхаарах хэрэгтэй юм байна. Тиймээс энэ удаагийн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж байгаа юм. Удахгүй бид “Үр дүнгийн гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин